Алтан сав нээх гэж юуг хэлдэг вэ? /Буддын шашин/

Үхэгсэдийн зурхай зурахыг “Алтан сав нээх” гэдэг. Үхэгсэдийн зурхай зурах олон ном байдаг бөгөөд түүнээс монгол газар их дэлгэрсэн нь “Алтан хайрцаг” гэдэг судар юм. Энэ судрыг нээн үзэж, үхэгсэдийн зурхайг гаргах тул “Алтан сав нээх” хэмээх нэртэй болжээ. Үхэгсэдийн зурхайгаар тухайн нас барагчийн нас барсан шалтгаан, сүнс сүүдэр нь талийсан он цаг, хойт төрөл авах ёсон, төрлийг сайжруулах арга зам зэргийг гаргадаг.

Үхэгсэдийн зурхай нь зурхайн нууц увьдас тул хүн бүрт үүнийг нээх авшиг, эш (эрх) олддоггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр алтан сав нээх бололцоогүй гэсэн үг. Авшиг, эш аваагүй хүн алтан сав нээх эрхгүй бөгөөд эрхгүй мөртөө нээх, нээх эрхтэй ч өргөл барьцгүйгээр нээвээс нээсэн, нээлгэсэн хоёрын аль алины амь насанд цөвтэй гэдэг. Тийм ч учраас урьд цагт агт морьд, атан тэмээ, амбан шар, ам бөс бараа зэргээ барьж өгч байж алтан сав нээдэг уламжлалтай байжээ.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Advertisements

Авшиг /Буддын шашин/

Лам багш нь өөрийн шавь нартаа тарнийн дээд бясалгал буюу номын нууц увьдасыг үйлдэх хүчийг тэдний сэтгэлийг боловсруулах замаар өгдөг тарнийн зан үйл гэж “Буддизмын нэр томъёоны Төвд- Англи тайлбар толь”-д тайлбарласан байдаг. Нууц тарнийн хот мандалд Авшиг хайрласнаар арвис тарни болон багшийн сургаал, аман дамжилгыг сонсох, номлох, бясалган бүтээх эрхтэй болж, гэм нүглийн хирийг угаан бодь мөрийн эрдмийг сэтгэлдээ дадуулах дасгах эрхийг олж авах гэсэн утгатай. Товчхондоо хилэнц нүглээ арилган тарнийн номын ариун сав, номыг хүртэгч болох буюу өөрийн бие цогцсыг гэгээрсэн бурханы шалтгаан (үндэс) болгох явдал юм.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Асрал /Буддын шашин/

Зовлонд өртсөн хамаг амьтад амгалан жаргалантай учираасай хэмээх төлөв бүхий сэтгэлийн нэгэн чанар.  Сэтгэлдээ асрахуйг дадуулж, дасгаж чадваас их хөлгөний бодь мөрийн мөрийн эрдэм бүхний үндэс болсон их нигүүлсэхүй сэтгэл төрнө гэж үздэг. Энэ тухай сударт: Ялж төгссөн /сэтгэлийн нисваанисыг ялж, эрдэм бүгдийг төгссөн/ Бурхан, бодьсадвагаас гармуй. Бодьсадва нигүүлсэхүй сэтгэлээс гармуй. Нигүүлсэхүй нь асрахуйгаас гарах тул асрахуйг дадуулах нь маш их тустай буй хэмээсэн байдаг. Асрахуй, нигүүлсэхүй хоёрын гол зорилго нь зовлонт амьтадад чиглэдэгээрээ адил боловч асрахуй нь амгаланд хүргэхийг хүссэн, нигүүлсэхүй нь зовлонгоос хагацуулахыг чухалчилснаараа өчүүхэн ялгаатай ажээ.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Архад /Буддын шашин/

Архад гэдгийг “Дөрвөн шумнас тэргүүтэй сэтгэлийн дайсныг номхотгож төрөх, үхэх, өтлөх, өвдөх зэрэг орчлонгийн зовлонгоос ангижирсан хүн” гэж судар номонд заасан байдаг. Энд дөрвөн шумнас гэдэгт “Нисваанисын шумнас, цогцсын шумнас, үхлийн эзний шумнас, тэнгэрийн хөвүүний шумнас буюу сэтгэлийн хамгийн олиггүй дөрвөн чанар” орно. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлийн хамаг муу талыг дарж, онцгой төлөвт хүрч чадсан бие хүнийг архад гэх буюу сэтгэлийн муу чанараа дарж чадсан хүнийг архад гэнэ.

Зураг: Шагжамуни Буддагийн 16 архатын нэг Бакула.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Шашныг ангилах нь: ойлголт, хандлагууд

Шашин, сүсэг бишрэлийн талаарх мэдлэгийг өргөн цар хүрээг хамруулан ангилан системчлэх оролдлого нь олон зууны турш шашин судлаачдын нэгэн зорилт байсаар ирсэн бөгөөд ялангуяа шашин, сүсэг бишрэлийн талаар мэдлэг өргөжин тэлж, шинжлэх ухааны орчин үеийн судалгааны арга зүй улам бүр боловсронгуй болсон сүүлийн хоёр зууны туршид энэ чиглэлээр сонирхон судлагчдын тоо нэмэгдэж, шашныг ангилах шинэ шинэ хандлагууд бий болсоор байна.

Continue reading Шашныг ангилах нь: ойлголт, хандлагууд

Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог

Шашны байгууллага нь шашны зохион байгуулалтын талыг илэрхийлсэн элемент бөгөөд шашны итгэл үнэмшил, шашны ухамсарын тодорхой түвшин дэх хүмүүсийн өвөрмөц нэгдэл буюу нийгэмлэг, нийгмийн нэг институт юм. Шашны тахилга шүтлэгийн болон тахилга шүтлэгийн бус зохион байгуулалттай үйл ажиллагаа нь шашны янз бүрийн байгууллагуудаар дамжин илэрдэг.

Энэ утгаараа шашны байгууллага нь шашны оршин тогтнохын үндэс нь болж, сүсэгтний сүсэг бишрэлийг гүнзгийрүүлэх, хүн амыг шашны үйл хэрэгт хөтлөн оруулагч хүч нь болж байдаг.

Шашны байгууллага нь шашны сүсэг бишрэлийн төлөв байдал, цар хүрээ, нийгмийн нөхцлөөс хамаарч улс үндэстэн бүрт харилцан адил бус хугацаанд бүрэлдэн тогтож иржээ. Тотемизм, анимизм, фетишизм зэрэг шашны эртний хэлбэрүүдэд нэгдмэл зохион байгуулалт бүхий шашны байгууллага байгаагүй боловч овог, отгийн ахлагч, оюун санааны удирдагчид болох бөө, удган, тайлгач нарын удирдлага дор сүсэг бишрэлийн зан үйлийг гүйцэтгэж байсан түүхийн ул мөр олон бий. Continue reading Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог

Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодол эргэцүүлэмж, нийтлэл, орчуулга