Category Archives: Шашны нэр томъёоны тайлбар

Бурханы 32 лагшин буюу биед орших сайн шинж /Буддын шашин/

Дээд төрөлхтөн буюу Бурхан багшийн бие нь эгэл хүнийхээс давуу олон сайн шинж чанартай байдгийг гучин хоёр лагшин хэмээн монгол хэлнээ орчуулдаг уламжлалтай. Энэхүү Бурхан багшийн 32 сайн шинжийг доорхи байдлаар судар номонд өгүүлдэг.

  1. Тэргүүн үснир (толгойн үсний хүндэтгэл) лүгээ төгссөн. (Эгэл хүнээс 4 хуруу том)
  2. Тэргүүний үснир нь нар зөв эргэсэн
  3. Сангийн үснир нь хөмсөгний завсараа нар зөв эргэсэн ба нар сарнаас ч үлэмж гэрэлтэх бөгөөд цайвар зөөлөн.
  4. Мэлмий нь хөхөмдөг эрдэнэ мэт өнгөтэй.
  5. Сормуус нь сүргийн манлайнх (зааных) мэт дээд доод нь үл нийлэлдэх
  6. Дөчин цахиур (шүдний хүндэтгэл) төгс бөгөөд дээд доод нь тэгш хорь.
  7. Цахиур нь тэгшхэн
  8. Цахиур нь хоорондоо завсаргүй нягт сайн
  9. Цахиур нь маш цагаан өнгөтэй
  10. Муу амтат ч эрхэм амтат мэт мэдрэгдэх
  11. Хацар нь арслангийнх мэт толь шиг төгрөг, дэлгэр
  12. Хэлний нимгэн, урт нь нүүрний хот мандлыг бүрхэх болой
  13. Зарлиг (сургаалын хүндэтгэл) нь Эсэрвагийн эгшиг мэт ойр хол бүгдэд тэгш, тод
  14. Царвууны тэргүүн нь хүзүүн лүгээ барилдсан маш төгрөг
  15. Хоёр мутрын ар, хоёр бойвын (хөлний хүндэтгэл) өлмий, хоёр мөр, шил эдгээр долоо нь товгор
  16. Эгэм мөр нь дэлгэр
  17. Арьс нь нимгэн бөгөөд алтан өнгөт
  18. Боссоор үл бөхийх атал мутар (гарны хүндэтгэл) нь өвдөгтөө хүрсэн
  19. Цээж нь дэлгэр, агуу арслан мэт
  20. Лагшин (биений хүндэтгэл) нь няградхо мод мэт хөндлөн гулт сацуу
  21. Үс нь нэжгээдчилэн ургаад, нар зөв эргэсэн
  22. Шар үс нь нэжгээдчилэн дээшид хандсан
  23. Нууцын орон нь дотогш шингэсэн заан эрдэнэ мэт
  24. Гуя нь сайхан мөхрөг (бөөрөнхий)
  25. Өвдөгийн тойг нь үл товойсон
  26. Мутар хийгээд бойвны толио нь зөөлөн, залуу мяраат
  27. Мутар хийгээд бойвын хурууд нь галуун хаан мэт их эрдэнийн тороор холболдсон.
  28. Мутар хийгээд бойвын толиондоо хүрдний тэмдэгтэй
  29. Хурууд нь урт
  30. Бойв батад оршсон нь яст мэлхий  мэт
  31. Бойвын өсгий нь бойвын толионы дөрөвний нэгээс хэтэрсэн
  32. Бойвын шилбэ булчин нь бодь гөрөөснийх мэт огоот тэгш, дэлгэр

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Advertisements

Алтан сав нээх гэж юуг хэлдэг вэ? /Буддын шашин/

Үхэгсэдийн зурхай зурахыг “Алтан сав нээх” гэдэг. Үхэгсэдийн зурхай зурах олон ном байдаг бөгөөд түүнээс монгол газар их дэлгэрсэн нь “Алтан хайрцаг” гэдэг судар юм. Энэ судрыг нээн үзэж, үхэгсэдийн зурхайг гаргах тул “Алтан сав нээх” хэмээх нэртэй болжээ. Үхэгсэдийн зурхайгаар тухайн нас барагчийн нас барсан шалтгаан, сүнс сүүдэр нь талийсан он цаг, хойт төрөл авах ёсон, төрлийг сайжруулах арга зам зэргийг гаргадаг.

Үхэгсэдийн зурхай нь зурхайн нууц увьдас тул хүн бүрт үүнийг нээх авшиг, эш (эрх) олддоггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр алтан сав нээх бололцоогүй гэсэн үг. Авшиг, эш аваагүй хүн алтан сав нээх эрхгүй бөгөөд эрхгүй мөртөө нээх, нээх эрхтэй ч өргөл барьцгүйгээр нээвээс нээсэн, нээлгэсэн хоёрын аль алины амь насанд цөвтэй гэдэг. Тийм ч учраас урьд цагт агт морьд, атан тэмээ, амбан шар, ам бөс бараа зэргээ барьж өгч байж алтан сав нээдэг уламжлалтай байжээ.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Авшиг /Буддын шашин/

Лам багш нь өөрийн шавь нартаа тарнийн дээд бясалгал буюу номын нууц увьдасыг үйлдэх хүчийг тэдний сэтгэлийг боловсруулах замаар өгдөг тарнийн зан үйл гэж “Буддизмын нэр томъёоны Төвд- Англи тайлбар толь”-д тайлбарласан байдаг. Нууц тарнийн хот мандалд Авшиг хайрласнаар арвис тарни болон багшийн сургаал, аман дамжилгыг сонсох, номлох, бясалган бүтээх эрхтэй болж, гэм нүглийн хирийг угаан бодь мөрийн эрдмийг сэтгэлдээ дадуулах дасгах эрхийг олж авах гэсэн утгатай. Товчхондоо хилэнц нүглээ арилган тарнийн номын ариун сав, номыг хүртэгч болох буюу өөрийн бие цогцсыг гэгээрсэн бурханы шалтгаан (үндэс) болгох явдал юм.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Асрал /Буддын шашин/

Зовлонд өртсөн хамаг амьтад амгалан жаргалантай учираасай хэмээх төлөв бүхий сэтгэлийн нэгэн чанар.  Сэтгэлдээ асрахуйг дадуулж, дасгаж чадваас их хөлгөний бодь мөрийн мөрийн эрдэм бүхний үндэс болсон их нигүүлсэхүй сэтгэл төрнө гэж үздэг. Энэ тухай сударт: Ялж төгссөн /сэтгэлийн нисваанисыг ялж, эрдэм бүгдийг төгссөн/ Бурхан, бодьсадвагаас гармуй. Бодьсадва нигүүлсэхүй сэтгэлээс гармуй. Нигүүлсэхүй нь асрахуйгаас гарах тул асрахуйг дадуулах нь маш их тустай буй хэмээсэн байдаг. Асрахуй, нигүүлсэхүй хоёрын гол зорилго нь зовлонт амьтадад чиглэдэгээрээ адил боловч асрахуй нь амгаланд хүргэхийг хүссэн, нигүүлсэхүй нь зовлонгоос хагацуулахыг чухалчилснаараа өчүүхэн ялгаатай ажээ.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Архад /Буддын шашин/

Архад гэдгийг “Дөрвөн шумнас тэргүүтэй сэтгэлийн дайсныг номхотгож төрөх, үхэх, өтлөх, өвдөх зэрэг орчлонгийн зовлонгоос ангижирсан хүн” гэж судар номонд заасан байдаг. Энд дөрвөн шумнас гэдэгт “Нисваанисын шумнас, цогцсын шумнас, үхлийн эзний шумнас, тэнгэрийн хөвүүний шумнас буюу сэтгэлийн хамгийн олиггүй дөрвөн чанар” орно. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлийн хамаг муу талыг дарж, онцгой төлөвт хүрч чадсан бие хүнийг архад гэх буюу сэтгэлийн муу чанараа дарж чадсан хүнийг архад гэнэ.

Зураг: Шагжамуни Буддагийн 16 архатын нэг Бакула.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003