Category Archives: Дэлхийн шашин

Дэлхийн гэгдэх томоохон шашнуудын тухай

“Буддизм ба Шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг

2016 оны 11 дүгээр сарын 21-нд болсон “Буддизм ба Шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийн шууд бичлэгийг Монгол HD телевизийн бэлтгэснээр хүргэж байна.  Энэ хэлэлцүүлэгт  Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам оролцсон бөгөөд АНУ-д төвтэй “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн судлаачид болон Монголын судлаач, эрдэмтэн илтгэл хэлэлцүүлсэн юм. Continue reading “Буддизм ба Шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг

Advertisements

Инфографик: Дэлхийн шашны мод

Та бүхэнд Австрийн Веннд төвтэй 40th foundation -ийн захиалгаар Фанки Консалтингийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн “Дэлхийн шашны мод”-ыг хүргэж байна. Уг мод нь Хиндү, Будда, Христ, Ислам, Зороастр, Шинто, Иудай, Күнз, Бахай зэрэг дэлхийн 11 томоохон шашны түүхэн хөгжлийг үндсэн урсгал чиглэлүүд болон түүнээс салаалан гарсан сект, культийн хамтаар харуулжээ. Continue reading Инфографик: Дэлхийн шашны мод

Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь

Идэвхтэн уншигчиддаа зориулан манай нэртэй шашин судлаачдын нэг А.Жамбал багшийн “Ислам шашин” (2007) бүтээлээс хэсэгчлэн авч сүүлийн үеийн мэдээ баримтаар баяжуулан хүргэж байна. Уг бүтээлийг та бүхэн номын сан, номын дэлгүүрүүд болон зохиогчоос худалдан авч дэлгэрүүлэн уншихыг хүсье. Continue reading Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь

Ислам шашны Лал гэх Монгол нэршлийн талаар

eid-ul-fitr

Саяхан мэргэжилтэн нэгт, номын дүү Элжигэн овогт Б.Дашравдангийн бичсэн “Ислам шашны Лал гэх Монгол нэршлийн талаар” гэсэн нийтлэлийг блог дээрээс нь уншлаа. Манай төр засгийн холбогдох ажилтнууд, түмэн олонд мэдлэг түгээгч хэвлэл мэдээллийн ажилтнууд,  сэтгүүлчидийн зайлшгүй анхааран үзэх ёстой чухал асуудлыг хөндсөн, чухамдаа л загатнасан газар маажив гэмээр сайхан нийтлэл болсон тул илүү олон хүнд хүрээсэй хэмээн өөрийн блог дээрээ дахин нийтэлж байна.

Continue reading Ислам шашны Лал гэх Монгол нэршлийн талаар

Бодь сэтгэл, түүнийг төлөвшүүлэх шалтгаан, үрийн долоон увьдас

Бусдын тусад зорьж, өөрийн биеийг огоорон золиосолж чадах, их хөлгөний мөрийн гол суурь болсон сэтгэлийн онцгой чанар бол бодь сэтгэл юм. Бодь сэтгэл бол Буддын шашны хамгийн эрхэм гол зорилго мөн бөгөөд маанийн зургаан үсгийн утгаар товчхон бөгөөд тодорхой илэрхийлэгддэг билээ. Continue reading Бодь сэтгэл, түүнийг төлөвшүүлэх шалтгаан, үрийн долоон увьдас

Буддын шашинтнууд “үнэн”-г хэрхэн ойлгодог тухай

Буддын шашинд үнэнг туйлын ба харьцангуй гэсэн хоёр хүрээнд авч үздэг. “Бурхан багш аливаа бодитой оршигч  юмс үзэгдлийн шүтэн барилдлага болсон янагуухуй үнэн буюу харьцангуй үнэн хийгээд хоосон зүгийн шүтэн барилдлага болсон дээд утгын үнэн буюу туйлын үнэмлэхүй үнэн хоёрын аль нэгнийг хэтрүүлэн баримтлахыг цээрлэсэн бөгөөд … бурханы сургаал ёсоор хоёр үнэнийг мэдвээс утга их, эс мэдвээс гэм их” хэмээн номложээ. Үзэгдлийн (бодит) ертөнцийн оршихуй, үзэгдэх байдлын үнэн нь янагуухуй үнэн болох юм. Тэрхүү үзэгдэгч байдлын цаад гүн мөн чанарыг тусгаж илэрхийлсэн нь үнэмлэхүй үнэн болох ба эл хоёр үнэний харилцаа холбооны асуудал нь ном (дарма) буюу мэдрэгдэн хүртэгдэгч юмс, үзэгдлийн тухай буддын гүн ухааны бүхий л сургаал номлол, үзэл санааны төвлөрөл гэсэн үзэл санаа дээрх эшлэлээс тодорхой харагдаж байна.

Буддын шашинд хоёр үнэний аль нэгийг хэтрүүлэн баримтлах ёсон үгүй агаад ертөнцийн юмс үзэгдлийн гадаад мөн чанарыг танин мэдэх харьцангуй үнэн нь түүний дотоод мөн чанарыг ухан мэдэх туйлын үнэний нэгэн шат юм гэж үздэг.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Ислам шашны үүсэх үеийн түүхэн нөхцөл

Ислам шашин дэлхийн гурван том шашны нэг мөн бөгөөд буддын ба христос шашин хоёроос бүр хожуу үед, манай он тооллын YII зууны эхэнд Арабын хагас хойг арлын баруун хэсэгт (одоогийн Саудын Араб улсын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт) тухайн үеийн араб угсаатны нэгэн том овог болох курейшит овгийн дотор үүсчээ. Исламын ертөнцөд энэ шашны анх үүссэн цаг хугацааг албан ёсоор 622 он гэж үздэг.

Ислам шашин огт хоосноос санамсаргүй гэнэт үүсэж бий болоогүй, эсвэл Аллах бурхны хүсэл зоригоор, ид шидээр, зайлшгүйгээр үүсээгүй, харин тухайн түүхэн тодорхой цаг үе, нөхцөл байдал, нийгэм-эдийн засаг, улс төр, соёл-оюун санааны үйл явдлуудаар уялдан нөхцөлдөж, бэлтгэгдэж аажмаар үүсэн бүрэлдэж дэлгэрсэн нийгэм-соёлын үзэгдэл болно. Ислам шашны үүсэл, төлөвшлийг тэр үеийн нийгэм-түүхийн тодорхой нөхцөл байдал, үйл явдлаас ангид авч үзэж ойлгох аргагүй… Continue reading Ислам шашны үүсэх үеийн түүхэн нөхцөл

Тэжээхүй ухаан

Тэжээхүй ухаан нь орчин үеийн анагаах ухаан юм. Тэжээхүй ухаан нь анхлан бурхан багшийн зарлигаас үндэстэй бөгөөд хожим тэжээхүй ухааны гол хөлгөн судрууд “Рашааны шим 8 гишүүнт нууц үндэсийн увидас“ шастирт хураагддаг болжээ. Тэжээхүйн ухааны олон чухал зохиолууд байдаг бөгөөд Ловон Бавуугийн зохиосон “8 гишүүнтийн хураангуй” нь хүний биеийн бүтэц, өвчний ангилал, эмчлэх арга зүй, эм тан хийх заавар, эмчлэх ёсыг дэлгэрэнгүй авч үзсэнээрээ бусад зохиолуудаас онцлог юм. Энэ зохиолд Даваа Ондаг тайлбар хийж  3 ном бичсэн. Төвдөд мэргэн бүтээлч Юүтэг тэжээхүй ухааны сонгодог ном зохиолуудыг сайтар судлан улмаар нэмэлт тайлбар засвар хийх зорилгоор “8 гишүүнтийн үндэс”-ийг хураангуйлан “4 үндэс” хэмээх зохиол бичсэн бөгөөд энэ нь ихэд алдаршсан. Тэжээхүй ухаан нэгэнт  бусдыг дагуулдаг, бусдыг тэтгэдэг ухаан учир анаагдагч буюу  эм, ангаагч буюу эмч, анагаах арга буюу эмчлэх арга гэсэн 3 гол ойлголтонд хураагдана. “Бодьсадын явдалд орохуй” зохиолын ишлэлд энэ тухай өвдсөн хүн хэдий чинээ байнам түүнтэй адилаар өвчин бас эдгэрээсэй! Чухам үүнд тэжээхүй ухаан эмчийн үүрэг маш их хэрэгтэй гэсэн байна.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Урлахуй ухаан

Урлахуйн ухаан нь салбарын ухаануудтай утга дүйцнэ. Жишээ нь уран барилга, уран зураг, эрт, эдүгээ, ирээдүй мэдсэнээр цагийн ухаан (түүх), дотоод шимийн ухаан ( биологи ), хувцас чимгийн ялгаа (хувцасны дизаин) эмийн ухаан, тарнийн ухаан зэрэг олон салбарын ухаануудыг ялгаж өгсөн байдаг.

Урлахуй нь бие, хэл, сэтгэлээр урлах гэж 3 ангилагдана. “Мэргэд гарахын орон”-д “Ер ухааны орон бүгд урлахуй ухааны дотор багтана.” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл бие, хэл, сэтгэлээр урлаж болох бүх эрдмийг урлахуй ухаанд багтаадаг. Биеийн урлахуйн гол нь бурхан бүтээх, бурханы хөрөг зурах, цутгах, сийлэх зэрэг үйлүүд бөгөөд үүнийг биеийн урлахуйн эрхэм гэж үздэг. Үүнээс гадна байшин гэр барих, бөс зураг, шороон зураг, сэтгэлээр босгох хот мандал,  идээ ундаа залах, хувцат чимгийн ялгаа, онгоцны заслын хүрдэн, зэрэг үйл нь урьд хийгээд өнөө цагт олон байдаг учир биеийн урлахуйн эгэл юм. Биеийн урлахуйн эрхэмийн талаар Манла ба Аала сиг тэргүүтэй төвдийн мэргэдийн зохиол бүтээл болон 3 шүтээнийг бүтээх ёс 100 цогт хэмээх онолд нарийн авч үзсэн байдаг.

Хэлийг урлахуй нь Иогийн эгшиг ба магтаал тахил, дуулал тэргүүтэнд нарийн бүдүүн өргөх тавих хувилах нугалбар төгөлдөр бичгийн зүйл , хэлний зүйл мөн дор номлосон.

Хэлний урлахуйн эрхэм нь тарни урих, номлох, туурвих харин эгэл нь  аялах эгшиг, өндөр эгшиг, дуусахуй тэргүүтэнд ургуулах ноолбор өргөх, тальбих бүдүүн нарийн лугаа 6 юм.

Сэтгэлийг урлахуй нь ертөнцийн ахуй ёс хийгээд гол нь бурханы эрхэм зарлигийг сонсох, санах, бясалгах, 3 мөнд зарлигласан. Тус эрдэм амьтны бишрэлийн язгуур лугаа зохилдсон үрээр даган бариад ашдын амгаланд байгуулахын тухайд.

Сэтгэлийг урлахуйн эрхэм нь бурханы зарлигийг (ер нь сайн номлолыг) сонсох, санах, бясалгах 3 болно. Сонсох, санах, бясалгахын 3-т хурдаггүй ухаан гэж үгүй. Тийм учраас нэгэнт сонсоод санаад бясалгасан зүйлдээ өөрийн бат итгэл үнэмшилтэй болж тэр хэв маягаараа аливаад хандана.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

 

Учир шалтгааны ухаан

Учир шалтгааны ухаан нь буддын логик буюу зөв сэтгэх ухаан юм. Дигнага болон Дармакирти зэрэг буддын алдарт логикчдын нийт зохиолыг эх сурвалжаа болгодог бөгөөд эдгээрт тайлбар хийсэн Энэтхэг болон төвдийн мэргэд цөөнгүй.  Үлигдэхүүн буюу орон гэдэг нь субьектэд тусах хэлбэрээрээ илт, далд, маш далд болсон гэсэн 3 шинжтэй байна. Тодруулж хэлбэл  үлигдэхүүн илт гэдэг нь бидний нүдэнд эл харагдаж байгаа юмс үзэгдэл. Үлигдэхүүн далд болсон гэвэл юмс үзэгдлийг харагдаж байгаа байдлаас нь ямар нэгэн өөр бусад шинжийг нь олж  мэдэх, харин маш далд болсон гэдэг нь тэр зүйлдээ оюун дүгнэлт хийж нүднээ үзэгдэхгүй нарийн шинж чанарыг олж тогтоохыг хэлж байна. Эдгээр үлигдэхүүний шинжийг үлигч буюу субьект мөн илт, далд, гол гэсэн 3-аар ононо. Өөрийн чанараас мөн чанар, үрээс шалтгаан, үл зорихоос хаагдахуй нь төрдөг  бөгөөд  зүгийн ном, даган түгэхүй, няцан түгэхүй гэсэн 3 ёст гаргалгаа нь учир шалтгааны ухаанд яригддаг гол логикийн дүрэм юм. Энэ гаргалгаа нь өрнийн логикт ч яригддаг гол асуудал. Энэ ёсыг мэдсэн хүн аливаа үзэл сургаалийн алдаа мадаг, зөрчилийг  шүүн тунгааж чухам аль нь зөв аль нь буруу  болохыг тогтоож чадна.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003