All posts by Altai

Их таван ухаан

“Бодийг олох хийгээд амьтанд туслахын тулд эрдэм хоцроолгүйг (бүгдийг) сурах хэрэгтэй бөгөөд ялгуугсаны ор, 10 газрын эрхэт (Майдар)  “Ухааны 5 оронд эс суралцваас бүгдийг болгоогчийг (нирваан) эс олох бөгөөд бусдыг гэсгээх, даган бариулах хийгээд өөр ямагт бүхнийг мэдэн үйлдэхийн тулд бурханы хөвгүүн нугуудаа суралц!“ хэмээн зарлигласан. Түүнчлэн Шантидэва  ч “Бурханы хөвгүүн нугууд  эс суралцах тэр нь аль нь ч буй бус. Тэр мэт орших мэргэдэд буян эс болох аль ч үгүй” хэмээсэн ба зөөлөн эгшигт Сажа Бандида  “шалтгаан үр хуурмаггүй энэ хамгийг болгоогчийн ялгамжаат зүйл мөн. Эс суралцсанаар бүхнийг болгоогч болвол шалтгаан үр юунд үнэн болох” хэмээсэн ба зөөлөн итгэл багш Богд Зонхов  ч хэсэг бусгаас хэсэг бусаг ба хотлоос хотлын үр гарахад зарлигласаны тул ямар мэргэн нижгээд зүгээр цэнгэх хэмээн зарлигласан. Эдгээр ишлэлүүдийн гол санааг тайлбарлавал;

Хүн ямагт сайн сайхан зүйл рүү тэмүүлж байдаг. Ингэхийн тулд түүнд хүрэх арга замаа олох хэрэгтэй. Арга замаа зөв сонговол  санасан зүйлдээ амархан хүрч чадна. Үүнтэй адил Буддын гүн ухаанд ч гэсэн хүний  мэдлэгийн гэгээрсэн дээд шат буюу нирваан болоход  ухааны их 5 оронд  суралцах хэрэгтэй. Ингэснээрээ өөрөө хийгээд бусдад тусыг хүргэж чадна гэсэн утгыг илэрхийлж байна.

Суралцаж үйлдэх нь ухааны орон их 5 бөгөөд дуу болон шалгадагаар буруу эсэргүүцэгчийг дарах урлахуй болон тэжээхүйгээр бусдыг даган бариулах тэр мэт гадна дотно хоёуланд буйг нийтийн ухааны орон хэмээнэ. Дотоод утга, эрхэм зарлиг, аймаг савын ухаан үүнийг нийтийн бус ухаан гэнэ. Ухааны их 5 оронд дуун ухаан, учир шалтгааны ухаан, урлахуй ухаан, тэжээхүй ухаан, дотоод ухаан тус тус багтана. Дуун ухаан, учир шалтгааны ухаан хоёр буруу эсэргүүцэгчийг дарах, урлахуй ухаан, тэжээхүй ухаан хоёр бусдыг тэтгэх ухаан юм. Эдгээр 4 ухааныг Буддын гүн ухаанд хэрхэн авч үздэг талаар судалдаг ухааныг дотоод ухаан гэх ажээ. Дотоод ухааныг бас өөрөөр эрхэм  зарлиг, аймаг савын ухаан, нийтийн бус ухаан гэж нэрлэдэг. Харин буддын биш онолыг гадаад ухаан буюу нийтийн ухааны орон гэж нэрлэдэг.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Сурталчилгаа

Будлын орон буюу Потала

Бурхан шашны нэгэн өлгий нутаг гэж болох Төвд соёлын болон түүхийн дурсгалуудаараа дэлхийд алдартай билээ. Тэр дундаа Төвдийн нийслэл Лхас хотод орших Потала ордон дэлхийн хамгийн анхны өндөр барилгуудын нэгэнд тооцогдох бөгөөд төвдийн ард түмний үндэсний бахархал болсоор зуун зуун жилийг ардаа орхижээ. Continue reading Будлын орон буюу Потала

Буддын шашин ертөнцийн тогтоцийг хэрхэн үздэг тухай

Буддын шашны ертөнцийн тогтоц бүтцийн тухай үзэл нь Хутагтын дөрвөн үнэний анхных болох Зовлонгийн үнэний хүрээнд авч үздэг өргөн хүрээтэй асуудал юм. Ертөнцийг материаллаг буюу сав ертөнц, оюун ухааны, сэтгэлийн тал буюу шим ертөнц гэсэн хоёр хэсэгт ангилж үздэг. Сав ертөнц нь хийн мандал, усан мандал, шороон мандал гэсэн гурван хэсгээс бүрддэг гэж бурханы шашинд үздэг бөгөөд хийн мандал нь сав ертөнцийг бүрдүүлэх үндэс суурь нь болж байдаг гэж үздэг. Хийн мандлын дээр усан мандал тогтох ба усан мандлын дээр шороон мандал тогтоно. Шороон мандлын төвд Сүмбэр уул орших ба Сүмбэр уулнаас ертөнцийн дөрвөн зүг гарна гэдэг. Дорно зүгийг шилээр, өмнө зүгийг биндэрьяа, умард зүгийг алтаар, өрнө зүгийг бадмааргаар бэлгэддэг ажээ. Сүмбэр уулыг тойроод Буулгат модон уул, Анжсан сумт уул, Кадирагам уул, Үзэсгэлэнт уул, Морин чихт уул, Маш үүдсэн уул, Мөхөөр баригч уул гэсэн 7 алтан уул хүрээлэх бөгөөд эдний гадуур Төмөр уул байна. Төмөр уулсын завсраар Цэнгэлийн долоон нуур орших бөгөөд хамгийн гадна талаар гадаад их Далай байх ажээ. Continue reading Буддын шашин ертөнцийн тогтоцийг хэрхэн үздэг тухай

Бурханы 32 лагшин буюу биед орших сайн шинж /Буддын шашин/

Дээд төрөлхтөн буюу Бурхан багшийн бие нь эгэл хүнийхээс давуу олон сайн шинж чанартай байдгийг гучин хоёр лагшин хэмээн монгол хэлнээ орчуулдаг уламжлалтай. Энэхүү Бурхан багшийн 32 сайн шинжийг доорхи байдлаар судар номонд өгүүлдэг.

  1. Тэргүүн үснир (толгойн үсний хүндэтгэл) лүгээ төгссөн. (Эгэл хүнээс 4 хуруу том)
  2. Тэргүүний үснир нь нар зөв эргэсэн
  3. Сангийн үснир нь хөмсөгний завсараа нар зөв эргэсэн ба нар сарнаас ч үлэмж гэрэлтэх бөгөөд цайвар зөөлөн.
  4. Мэлмий нь хөхөмдөг эрдэнэ мэт өнгөтэй.
  5. Сормуус нь сүргийн манлайнх (зааных) мэт дээд доод нь үл нийлэлдэх
  6. Дөчин цахиур (шүдний хүндэтгэл) төгс бөгөөд дээд доод нь тэгш хорь.
  7. Цахиур нь тэгшхэн
  8. Цахиур нь хоорондоо завсаргүй нягт сайн
  9. Цахиур нь маш цагаан өнгөтэй
  10. Муу амтат ч эрхэм амтат мэт мэдрэгдэх
  11. Хацар нь арслангийнх мэт толь шиг төгрөг, дэлгэр
  12. Хэлний нимгэн, урт нь нүүрний хот мандлыг бүрхэх болой
  13. Зарлиг (сургаалын хүндэтгэл) нь Эсэрвагийн эгшиг мэт ойр хол бүгдэд тэгш, тод
  14. Царвууны тэргүүн нь хүзүүн лүгээ барилдсан маш төгрөг
  15. Хоёр мутрын ар, хоёр бойвын (хөлний хүндэтгэл) өлмий, хоёр мөр, шил эдгээр долоо нь товгор
  16. Эгэм мөр нь дэлгэр
  17. Арьс нь нимгэн бөгөөд алтан өнгөт
  18. Боссоор үл бөхийх атал мутар (гарны хүндэтгэл) нь өвдөгтөө хүрсэн
  19. Цээж нь дэлгэр, агуу арслан мэт
  20. Лагшин (биений хүндэтгэл) нь няградхо мод мэт хөндлөн гулт сацуу
  21. Үс нь нэжгээдчилэн ургаад, нар зөв эргэсэн
  22. Шар үс нь нэжгээдчилэн дээшид хандсан
  23. Нууцын орон нь дотогш шингэсэн заан эрдэнэ мэт
  24. Гуя нь сайхан мөхрөг (бөөрөнхий)
  25. Өвдөгийн тойг нь үл товойсон
  26. Мутар хийгээд бойвны толио нь зөөлөн, залуу мяраат
  27. Мутар хийгээд бойвын хурууд нь галуун хаан мэт их эрдэнийн тороор холболдсон.
  28. Мутар хийгээд бойвын толиондоо хүрдний тэмдэгтэй
  29. Хурууд нь урт
  30. Бойв батад оршсон нь яст мэлхий  мэт
  31. Бойвын өсгий нь бойвын толионы дөрөвний нэгээс хэтэрсэн
  32. Бойвын шилбэ булчин нь бодь гөрөөснийх мэт огоот тэгш, дэлгэр

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Алтан сав нээх гэж юуг хэлдэг вэ? /Буддын шашин/

Үхэгсэдийн зурхай зурахыг “Алтан сав нээх” гэдэг. Үхэгсэдийн зурхай зурах олон ном байдаг бөгөөд түүнээс монгол газар их дэлгэрсэн нь “Алтан хайрцаг” гэдэг судар юм. Энэ судрыг нээн үзэж, үхэгсэдийн зурхайг гаргах тул “Алтан сав нээх” хэмээх нэртэй болжээ. Үхэгсэдийн зурхайгаар тухайн нас барагчийн нас барсан шалтгаан, сүнс сүүдэр нь талийсан он цаг, хойт төрөл авах ёсон, төрлийг сайжруулах арга зам зэргийг гаргадаг.

Үхэгсэдийн зурхай нь зурхайн нууц увьдас тул хүн бүрт үүнийг нээх авшиг, эш (эрх) олддоггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр алтан сав нээх бололцоогүй гэсэн үг. Авшиг, эш аваагүй хүн алтан сав нээх эрхгүй бөгөөд эрхгүй мөртөө нээх, нээх эрхтэй ч өргөл барьцгүйгээр нээвээс нээсэн, нээлгэсэн хоёрын аль алины амь насанд цөвтэй гэдэг. Тийм ч учраас урьд цагт агт морьд, атан тэмээ, амбан шар, ам бөс бараа зэргээ барьж өгч байж алтан сав нээдэг уламжлалтай байжээ.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Авшиг /Буддын шашин/

Лам багш нь өөрийн шавь нартаа тарнийн дээд бясалгал буюу номын нууц увьдасыг үйлдэх хүчийг тэдний сэтгэлийг боловсруулах замаар өгдөг тарнийн зан үйл гэж “Буддизмын нэр томъёоны Төвд- Англи тайлбар толь”-д тайлбарласан байдаг. Нууц тарнийн хот мандалд Авшиг хайрласнаар арвис тарни болон багшийн сургаал, аман дамжилгыг сонсох, номлох, бясалган бүтээх эрхтэй болж, гэм нүглийн хирийг угаан бодь мөрийн эрдмийг сэтгэлдээ дадуулах дасгах эрхийг олж авах гэсэн утгатай. Товчхондоо хилэнц нүглээ арилган тарнийн номын ариун сав, номыг хүртэгч болох буюу өөрийн бие цогцсыг гэгээрсэн бурханы шалтгаан (үндэс) болгох явдал юм.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Асрал /Буддын шашин/

Зовлонд өртсөн хамаг амьтад амгалан жаргалантай учираасай хэмээх төлөв бүхий сэтгэлийн нэгэн чанар.  Сэтгэлдээ асрахуйг дадуулж, дасгаж чадваас их хөлгөний бодь мөрийн мөрийн эрдэм бүхний үндэс болсон их нигүүлсэхүй сэтгэл төрнө гэж үздэг. Энэ тухай сударт: Ялж төгссөн /сэтгэлийн нисваанисыг ялж, эрдэм бүгдийг төгссөн/ Бурхан, бодьсадвагаас гармуй. Бодьсадва нигүүлсэхүй сэтгэлээс гармуй. Нигүүлсэхүй нь асрахуйгаас гарах тул асрахуйг дадуулах нь маш их тустай буй хэмээсэн байдаг. Асрахуй, нигүүлсэхүй хоёрын гол зорилго нь зовлонт амьтадад чиглэдэгээрээ адил боловч асрахуй нь амгаланд хүргэхийг хүссэн, нигүүлсэхүй нь зовлонгоос хагацуулахыг чухалчилснаараа өчүүхэн ялгаатай ажээ.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Архад /Буддын шашин/

Архад гэдгийг “Дөрвөн шумнас тэргүүтэй сэтгэлийн дайсныг номхотгож төрөх, үхэх, өтлөх, өвдөх зэрэг орчлонгийн зовлонгоос ангижирсан хүн” гэж судар номонд заасан байдаг. Энд дөрвөн шумнас гэдэгт “Нисваанисын шумнас, цогцсын шумнас, үхлийн эзний шумнас, тэнгэрийн хөвүүний шумнас буюу сэтгэлийн хамгийн олиггүй дөрвөн чанар” орно. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлийн хамаг муу талыг дарж, онцгой төлөвт хүрч чадсан бие хүнийг архад гэх буюу сэтгэлийн муу чанараа дарж чадсан хүнийг архад гэнэ.

Зураг: Шагжамуни Буддагийн 16 архатын нэг Бакула.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Шашныг ангилах нь: ойлголт, хандлагууд

Шашин, сүсэг бишрэлийн талаарх мэдлэгийг өргөн цар хүрээг хамруулан ангилан системчлэх оролдлого нь олон зууны турш шашин судлаачдын нэгэн зорилт байсаар ирсэн бөгөөд ялангуяа шашин, сүсэг бишрэлийн талаар мэдлэг өргөжин тэлж, шинжлэх ухааны орчин үеийн судалгааны арга зүй улам бүр боловсронгуй болсон сүүлийн хоёр зууны туршид энэ чиглэлээр сонирхон судлагчдын тоо нэмэгдэж, шашныг ангилах шинэ шинэ хандлагууд бий болсоор байна.

Continue reading Шашныг ангилах нь: ойлголт, хандлагууд

Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог

Шашны байгууллага нь шашны зохион байгуулалтын талыг илэрхийлсэн элемент бөгөөд шашны итгэл үнэмшил, шашны ухамсарын тодорхой түвшин дэх хүмүүсийн өвөрмөц нэгдэл буюу нийгэмлэг, нийгмийн нэг институт юм. Шашны тахилга шүтлэгийн болон тахилга шүтлэгийн бус зохион байгуулалттай үйл ажиллагаа нь шашны янз бүрийн байгууллагуудаар дамжин илэрдэг.

Энэ утгаараа шашны байгууллага нь шашны оршин тогтнохын үндэс нь болж, сүсэгтний сүсэг бишрэлийг гүнзгийрүүлэх, хүн амыг шашны үйл хэрэгт хөтлөн оруулагч хүч нь болж байдаг.

Шашны байгууллага нь шашны сүсэг бишрэлийн төлөв байдал, цар хүрээ, нийгмийн нөхцлөөс хамаарч улс үндэстэн бүрт харилцан адил бус хугацаанд бүрэлдэн тогтож иржээ. Тотемизм, анимизм, фетишизм зэрэг шашны эртний хэлбэрүүдэд нэгдмэл зохион байгуулалт бүхий шашны байгууллага байгаагүй боловч овог, отгийн ахлагч, оюун санааны удирдагчид болох бөө, удган, тайлгач нарын удирдлага дор сүсэг бишрэлийн зан үйлийг гүйцэтгэж байсан түүхийн ул мөр олон бий. Continue reading Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог