С.Дэмбэрэл: Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай тайлбар

Уншигч та бүхэнд МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхмийн багш С.Дэмбэрэлийн “Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай” өгүүллийг хүргэж байна. Өгүүллийн эх МУИС-ийн НШУС-ийн “Философи, шашин судлал” эрдэм шинжилгээний цувралын 2016 оны дугаарт хэвлэгдсэн.

Сүүлийн жилүүдэд цаг хугацааны хувьд шинэ тулгар бий болсон, үзэл санаа, сургааль номлолын хувьд уламжлалт шашны зарим урсгалуудтай уг гарвалаараа нэг байж болох ч агуулга, тайлбарын хувьд өөр чиг баримжаатай шашны урсгал чиглэлүүд манай улсад нөлөө, хүрээгээ эрчимтэй тэлэх боллоо. Орчин үеийн шашин судлалд шинэ шашны хөдөлгөөн, шинэ шашны урсгал, шинэ шашин гэхчилэн нэрлэж ирсэн эдгээр шашны урсгалуудын нэг болох Мүүний шашны тухай сонирхолтой өгүүллийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтэлж байна.

Түлхүүр үгс: Сон Мён Мүүн, Эв нэгдлийн сүм, культ/гаж урсгал/, сект, шашин, номлол, “Тэнгэрлэг ёс зарчим”, зан үйл, олноор хуримлуулах, хандив цуглуулах, адислах, тэнгэрийн хаанчлал

Гол утга: Энэхүү өгүүлэлдээ Мүүний шинэ шашны хөдөлгөөний үүсэл, хөгжил, сургаал номлолын  гол үзэл санааг тодруулахыг зорилоо. Мөн Мүүнийхнийг судалж ирсэн гадаад, дотоодын эрдэмтдийн судалгааны товч тойм, нийгмийн бүлгүүдийн  Мүүний шинэ шашны хөдөлгөөнд хандах хандлагыг тодорхойлон, ямар учраас гаж урсгал хэмээн үздэг болохыг шашны судлалын онолын үүднээс болон нийгэмд үзүүлдэг сөрөг нөлөөг дурдаж, шашин судлалын үүднээс дүгнэв.

1990 оноос Монгол улс ардчилсан нийгэмд шилжин ард түмний шашин шүтэх, эс шүтэх эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан цагаас Монголчуудын шашин оюун санааны оронд зайд олон шашнууд номлол сургаалаа дэлгэрүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэний нэг нь Мүүнийн гаж урсгал /шинэ шашны хөдөлгөөн/ юм.

Ардчилсан улс орнуудад МҮҮН гэх мэт шинэ шашны хөдөлгөөнүүд тухайн  орны үндэсний аюулгүй байдал, соёл уламжлал, нийгмийн тогтсон хэм хэмжээнээс гажсан номлол сургаал дэлгэрүүлж, хүүхэд залуучуудыг гэр бүл, нийгмээс нь тусгаарлах сөрөг үйл ажиллагаагаа явуулах болсон цагаас үр хүүхэд, төрөл саднаа гаж урсгалд алдсан хохирогчид, хуучин гишүүд, иргэний нийгмийн төлөөлөлүүд 1960-1970 оны үед гаж урсгалын эсрэг хөдөлгөөн /anti cult, counter cult movement/ байгуулж тэдний буруу, харгис үйл ажиллагааг илчилж, гаж урсгалын хохирогчдыг буцааж нийгэмшүүлэх үйл ажиллагааг явуулж иржээ.

Өнөөдөр иргэн Э.Цэрэндолгорын шашны гаж урсгалын эсрэг өрнүүлж буй  хөдөлгөөн нь  ардчилсан нийгэмд байх ёстой эрүүл хөдөлгөөн гэж үзэж байна. Иргэн таны хүсэлтийн дагуу Мүүнийн шинэ шашны хөдөлгөөний тухай гадаад, дотоодын шашин судлаачдын судалгааны материал дээр үндэслэн доорхи тайлбарыг бичлээ.

Мүүний /культ/ гаж урсгалыг үндэслэгч Сон Мён Мүүн нь 1936 онд анх Есүс Христтэй ер бусын тохиолдлоор уулзсан гэдэг бөгөөд Есүс Христ түүнээс Эзэн тэнгэрийн хаанчлалыг энэ дэлхийд тогтоохыг хүссэн байна. Тэрээр 1954 онд анхны Эв нэгдлийн сүмээ Өмнөд  Солонгосын Сөүл хотод байгуулж (Солонгост ойролцоогоор 35000 дагалдагчидтай[1]), 1957 онд “Тэнгэрлэг ёс зарчим ” сургаалиа номлосон цагаас дэлхий даяар 4,5 сая хүн энэ сүмийн гишүүн болжээ.[2] 1959 онд анхны сүмээ АНУ-ын Орегон мужид байгуулсан үеэс эхлэн дэлхий даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулах болжээ.

Шашин судлаачид 1960-1970 оноос эхлэн Мүүнийнхэнд культ/гаж урсгал/, сект, шинэ шашны хөдөлгөөн гэсэн олон нэр, тодорхойлолтыг өгч судалж иржээ. Мүүнийн шашныг түүний  хуучин гишүүд, тэдний гэр бүлийнхэн, үр хүүхдээ энэ шашны сүмд алдсан гаж урсгалын эсрэг эцэг эхийн хөдөлгөөн, хэвлэл мэдээлэлийнхэн ихэвчлэн гаж, буруу урсгал гэж нэрийддэг бол зарим социологч, шашин судлаачид шинэ шашны хөдөлгөөн гэж үзэх чиг хандлага байдаг.

Шашин судлаач Эрнст Трёльч  культ нь ихэвчлэн бусад шашинд итгэл бишрэл нь алдарсан хүмүүсийг өөртөө урвуулах үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг ба шүтэн бишрэгчдийн нэгдүгээр үе дээрээ байгаа, бүтэц зохион байгуулалтын хувьд сулавтар зохион байгуулагдсан, зарим нэг хувь хүмүүсийг удирдагчаа болгон тахин шүтдэг шашны бүлгийг хэлнэ хэмээн гаж урсгалыг тодорхойлжээ.

Мөн судлаач Рой Уаллис  (Dawson 2003) бээр Мүүнийн урсгалыг өөрсдийн гишүүдийг төрөлх эцэг эх, гэр бүлээс нь холдуулж, Жинхэнэ эцэг эхийн гэр бүл болох эв нэгдлийн сүмд оруулдаг номлол, үйл ажиллагааг нь дүгнэн ертөнцийн амьдралаас холдуулагч шашны урсгалд[3] багтаажээ.

Монголын шашин судлаачдаас Проф. М.Гантуяа, Др.С.Цэдэндамба, судлаач А.Жамбал, доктор Ц.Пүрэвсүрэн, докторант Ж.Алтайбаатар, Ж.Пүрэвдорж, магистрант М.Нандинбилэг нар шинэ шашны хөдөлгөөний ангилал, үйл ажиллагаа, хувь хүн, нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг аль алинийг тодотгон гаргасан байдаг.

Эв нэгдлийн сүм нь дэлхийд энх тайван тогтоох уриан дор боловсрол, соёл, спорт, шашны байгууллагуудыг хамруулсан үйл ажиллагааг идэвхтэй явуулж иржээ.

Энэ урсгалыг нэгдүгээрт олон нийтийн шашны итгэл үнэмшилд , хоёрдугаарт нийгэмд үзүүлж болох сөрөг нөлөөг нь харгалзан үзэж  гаж урсгал хэмээн теологчид тодорхойлдог.

Нэгдүгээрт шашны итгэл үнэмшлийн үүднээс Мүүний шашны үндэслэгчийн номлол сургаал, шашны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, явуулж буй зан үйл нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уламжлалт шашны онол, үзэл санаа, хэм хэмжээг гажуудуулж, түүнтэй үл нийцдэг байна.

  • Шашныг үндэслэгчийн зан чанар: Сан Мён Мүүн нь бусад гаж урсгалыг үндэслэгчдийн нэгэн адил уран яруу илтгэгч төдийгүй олныг бишрүүлэн, тэднээр өөрийгөө тахин шүтүүлэх чадвартай, сүсэгтнүүдийнхээ оюун санааны сул тал дээр тоглолт хийж, сэтгэл санааг нь хянаж эзэмдэн дарангуйлал тогтоон өөрийгөө Бүтээгч эзэн тэнгэрийн элч, Жинхэнэ эцэг хэмээн гишүүддээ итгүүлдэг.

Гаж урсгалын эсрэг хөдөлгөөнийхөн, хуучин гишүүд нь Мүүнийг журамт ариун нөхөр, Жинхэнэ эцэг гэхэд эргэлздэг байна. Тэрээр гэр бүлийн хувьд тийм ч тогтвортой нэгэн биш гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Мөн хүү Хъё Жин Мүүн нь хар тамхи, садар самуун явдалтай холбогддог нь түүний ариун гэр бүлийн тухай номлолтой байнга зөрчилдөж иржээ.[4]

  • Номлол сургаал нь олон шашны үзэл санааг хольсон байдаг. Мүүний айлдвар “Тэнгэрлэг ёс зарчим”[5] нь  Христийн шашны Библийн номлол сургаал дээр тулгуурладаг ч үзэл санааг нь эртний Солонгосын бөө мөргөлийн үхэгсэдийн сүнстэй харилцах, Хятадын Даогийн арга билиг, Күнзийн ёс суртахуун, Буддын шашны дараа төрөл, Физикийн атомын тухай ойлголтуудтай хольж утгыг нь алдагдуулсан бүтээл хэмээн судлаачид үздэг.[6]  Түүнийг Христийн шашны Библи дээр байдаг Бүтээгч эзэн, Есүс Христийн тухай номлолыг гажуудуулж, гаж сургаал дэлгэрүүлсэн хэмээн теологчид шүүмжилдэг.
  • Уламжлалт шашны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанаас Мүүний шашных эрс ялгаатай. Эв нэгдлийн сүм нь Жинхэнэ эцэг эх, гэр бүлийн гишүүд болон тэдний ойрын тойрон хүрээлэгчид ба эв нэгдлийн сүмийн номлогчид гэсэн шашны засаг захиргааны дараалсан шатлал, зохион байгуулалттай.
  • Шашнаа дэлгэрүүлдэг байдал. Мүүнийхэн уламжлалт шашны байгууллагын зохион байгуулалтын загвараар ажиллавал олны сонирхолыг татаж чадахгүйгээ сайн мэддэг. Мүүн аливаа улс оронд өөрийн шашны үйл ажиллагааг Эв нэгдлийн сүмээс гадна тухайн улсын нийгмийн янз бүрийн давхарга, ажил мэргэжлийнхний төлөөлөлд зориулан Олон улсын соёлын сан, Олон улсын шашны сан, Дэлхийн энх тайвны төлөө шашин хоорондын холбоо, Дэлхийн эв нэгдэл, энх тайвны төлөө гэр бүлийн холбоо, Дэлхийн энх тайвны төлөө профессоруудын академи, Дэлхийн энх тайвны төлөө залуучуудын холбоо зэрэг хүмүүнлэг, төрийн бус байгууллагаар халхавч хийн дэлгэрүүлдэг байна. Судлаач, шинжээчид эдгээр олон байгууллагыг Мүүнийхэн мөнгө угаах, татвараас зайлсхийх зорилгоор байгуулдаг хэмээн үздэг байна. Үүнийг батлах тод жишээ нь Мүүн 1982 онд АНУ-д орлогын татвараа нуун дарагдуулсан хэмээн 18 сар хоригдох ялаар шийтгүүлж байжээ.
  • Мүүнийхэн шашин, хүмүүнлэгийн байгууллагын халхавч дор их ашиг орлогын хойноос хөөцөлддөг үү? Мүүн нь энх тайван, хүмүүнлэг, шашны үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ  Өмнөд Солонгосын бизнесийн Тонгил группыг эзэмшдэг. Энэ группын харъяанд хүн орхоодойн бүтээгдэхүүний үйлдвэр, эмийн үйлдвэр, хэвлэл мэдээлэлийн компани, аялал жуулчлал, барилга хүнд машин, механизмын үйлдвэр, тэр ч байтугай зэвсгийн үйлдвэр байдаг нь дэлхийн уламжлалт шашнуудын онол, үзэл санаа, нийгэмд гүйцэтгэх үүрэгтэй зөрчилддөг байна.

Мүүний бизнесийн үйл ажиллагаа: Мүүн олон салбарт бизнес үйл ажиллагаа өрнүүлсэн байх бөгөөд Америкт UPI, News World Communication, Washington Times, Washington Star, Gilf Styles, insight on the News, American life зэрэг хэвлэл мэдээллийн агентлаг, сонин сэтгүүлүүдийг, мөн Юниверсал балет хэмээх Азийн балетын групп, “Бяцхан сахиусан тэнгэрүүд” хэмээх хүүхдийн балетын группыг үүсгэжээ. Солонгост Капхен хэмээх газрын ойролцоо 2600 га газар эзэмшиж, Чонсим хэмээх тосгоныг үүсгэсэн ба тэнд түүний хувийн барилга байшингаас гадна Чонсим олон улсын эрүүл мэндийн төв, Чонсим олон улсын академи зэрэг бий. 1990-ээд оноос өмнө тэрээр Солонгосын барааг гадаадад гаргадаг хоёр дахь экспортлогч байсан аж. Өнгөт металл боловсруулагч концерн, барилгын Илтьсон констракшн, Сэиль Трэвел, Гоу Уорлд Трэвел зэрэг аялал жуулчлалын компани, Ильхва хэмээх эмийн үйлдвэр,Пхёнхва Моторс хөнгөн тэрэгний үйлдвэр, АНУ руу далайн бүтээгдэхүүн тээвэрлэгч Японы Тру Уорлд групп, АНУ-д USP Rocketts LLC үл хөдлөх хөрөнгийн фирм, Мастер Марин хэмээх далайн тээвэрлэлт, загас агнуурын компани, Нейншл Хоспиталити Корпорейшн зочид буудал, Японд Иссин хэмээх эмнэлэг –эдгээр нь Мүүний мэдэлд байна.

Хоёрдугаарт нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг нь үндэслэн гаж урсгал гэж тодорхойлдог [7]

Энэ хэсгийг дурдахдаа Мүүнийн гэх мэт гаж урсгалын нийгэмд үзүүлдэг хүмүүнлэг, эв нэгдэл, соёл гэгээрлийн зарим  эерэг нөлөөг  үгүйсгэх гэсэнгүй, харин тэрхүү сайн үйлийн цаана нийгэмд учруулж буй хор хөнөөл, аюул заналыг илэрхийлэхийг хичээлээ. Эдгээр сөрөг нөлөөг баруунд үйл ажиллагаа явуулж буй Мүүн гэх мэт гаж урсгалын сүмийн үйл ажиллагааг ажиглаж судалгаа хийсэн судлаачдын судалгааны материал дээр тулгуурлан жагсаав.

а.   Хувь хүний эрхийг зөрчдөг

Гаж урсгал хувь хүний бодлыг дээдэлдэг гэх боловч үндсэндээ тэд маш аюултай, хатуу дэглэм, хорио цээртэй байдаг. Гишүүд нь Жинхэнэ эцэг эхийн айлдварыг дуулгавартай дагах ёстой бөгөөд үгүй бол шийтгүүлэх, эсвэл хөөгдөх арга хэмжээ авахуулдаг.

б. Сэтгэлзүйн, бие махбодын, сүнсний дарамтанд оруулдаг

Тухайн онол сургаалыг чанд мөрдүүлэхийн тулд гишүүдээ халамжилж буй нэрээр тэднийг үнэндээ дарамтанд байлгадаг хатуу гаж урсгалууд байдаг. Тэдгээрийн ихэнхи нь Библи дэх хүйсийн тэгш эрхийн тухай онол сургаалыг мушгин гажуудуулсан байдаг. Аливаа хүний хэнтэй гэрлэж болох, эс гэрлэж болохыг хатуу чанд захирдаг.

в. Өөрийн гэсэн бодлыг илэрхийлэхийг хатуу хориглодог

Олон гаж урсгалууд логик замаар бодохыг эсэргүүцдэг бөгөөд зөвхөн удирдагчийн номлол, эсвэл байгууллагын дотоод дүрэм журмыг ямар ч асуудалгүйгээр үг дуугүй дагах ёстойг шаарддаг.

г. Бусдын бодол санааг бүрмөсөн үгүйсгэдэг

Гаж урсгалуудын нийтлэг онцлог нь бусад үзэл бодлуудыг бүрмөсөн үгүйсгэдэг, эсвэл доогуур зэрэглэлд тооцдог. Салан тусгаарлалт, үл хүлээн зөвшөөрөл нь тэдний гол таних тэмдэг юм. Зөвхөн бидний зөв, бусдын буруу гэсэн хандлагатай.

д. Үндсэн соёл, нийгмээс өөрсдийгөө салан тусгаарладаг

Бусдаар хавчигдаж, үзэн ядагдаж байна гэсэн айдсаас болж үндсэн гол итгэл үнэмшил, үнэ цэнэ, зан үйлээс зугтдаг эсвэл өөрчилдөг. Тиймээс гаж урсгалууд өөрсдийгөө хамгаалах бүх талын маргаанд үргэлж бэлэн байхыг чухалчилдаг.

е. Хууран мэхлэлт, зальжин байх нь олон

Өөрсдийн гишүүд болон гадны хүмүүст үүсгэн байгуулагчийн амьдралын түүх, сургаалынхаа үнэн төрх, санхүүгийн үйл ажиллагаа зэрэгт зальжин ханддаг бөгөөд үүнийгээ нуух хандлагатай байдаг.

Өөрсдийн гаж урсгалын удирдагчийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх санхүү, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Татвараас зайлсхийх, мөнгө угаах зэрэг далд эдийн засгийг хөгжүүлэх сөрөг хандлага гаж урсгалд ажиглагддаг. Гаж урсгалын ихэнх хөрөнгө мөнгө удирдагчид, тэднийг тойрон хүрээлэгчдийн тансаглалд зарцуулагддаг, жирийн гишүүдэд хүртээлгүй.

ё. Зөрчил тэмцлийг өдөөдөг

Гаж урсгалын хүмүүсээ олдог гол тактик нь аль хэдийн сүм чуулганд хамрагдаж эхэлсэн, гэвч ялгааг нь сайн танихгүй хүмүүст хүрэхэд чиглэгддэг. Тэд бусад сүм чуулгануудыг “өөрсдийн загасчлах нуур” хэмээн боддог бөгөөд “манайх яг жинхэнэ сайн нь” гэх мэдээгээр тэднийг татдаг. Энэ мэт үйл явдлаас болж сүмүүдийн хооронд муудалцаан хагарал, эсэргүүцлийг өдөөх нь элбэг.

ж. Нийгмийн эсрэг турхирдаг

Тэд өөрсдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хувь хүн, гэр бүл, нийгмийг буруутгаж, улс орныг бүхэлд нь муу ёрын зүйл гэх бөгөөд улсын хуулийг зөрчих хүртэл өдөөн турхирдаг.  Судлаачдын үзэж байгаагаар Мүүнийхэн нийгэмд ард иргэдийг итгэл үнэмшлээр нь “бид” ба  “тэд” гэсэн хоёр хэсэгт хуваадаг байна.

Ямар арга хэлбэрээр дэлгэрдэг: Мүүнийхэн ихэвчлэн хүмүүнлэг болон төрийн бус байгууллагаар халхавчлан үйл ажиллагаа явуулах бөгөөд тэдний гол зорилтот бүлэг нь хөдөө орон нутгийн иргэд, хөдөөнөөс хотод шилжин ирэгсэд, хотын гэр хорооллоор оршин суугчид, хөдөөний оюутнуудыг шашны талаархи мэдлэг, мэдээлэл хомс байдлыг ашиглан сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэх замаар элсүүлэх тал ажиглагддаг.  Эв нэгдлийн сүмийнхэн тухайн улс орны улс төр, нийгмийн зүтгэлтнүүд,[8] эрдэмтэд, урлаг спортын ододыг эгнээндээ элсүүлж номлол, үйл ажиллагаагаа сурталчлахад ашигладаг.[9]

Гэхдээ эв нэгдлийн сүмийн үйл ажиллагаанд оролцсон хүн бүрийг тус сүмийн гишүүн эсвэл дэмжигч гэж үзэх нь учир дутагдалтай. Учир нь тэд өөрсдийн ажил үүргийн хувиар сүмийн үйл ажиллагаанд оролцох тохиолдол байж болох талтай.

Мүүнийхэн улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нь 1974 онд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсоныг дэмжиж байсан жишээгээр илэрдэг.

Мүүн НҮБ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ даян дэлхийд энх тайван тогтоохын тулд 1998 онд Дэлхийн энх тайвны төлөө шашны холбооны хурлын үеэр одоо байгаа НҮБ-ийн бүтцийг дээд кабинет буюу дэлхий шашны удирдагчдаар бүрдүүлж, түүний удирдлага доор дэлхийн улс төрийн удирдагчдаар бүрдүүлсэн доод кабинетийг ажиллуулах саналыг тавьж байсан нь олон шинжээч, судлаачид, иргэний хөдөлгөөний зүгээс төр, сүм хийдийн харилцааны асуудлыг ноцтой зөрчиж байна хэмээх шүүмжлэлтэй тулгарч байжээ.

Ямар үзэл номлол түгээн дэлгэрүүлдэг /Шинэ ойлголт, шинэ хувь хүн, шинэ гэр бүл, шинэ нийгэм, шинэ дэлхий ертөнц/ Мүүнийхний гол зорилго нь “Тэнгэрлэг ёс зарчим” номлолыг “Энх тайвны” уриан дор дэлгэрүүлж, дэлхий дээр Бүтээгч эзэн тэнгэрийн хаанчлалыг тогтоохыг зорино. Тэдний номлолоо түгээн дэлгэрүүлэх хэлбэр нь судлаач Дерек Дашчкегийн (2005) ангилсанаар дараахи дараалалаар явагдана.

  • Шинэ ойлголт: Шинээр элссэн гишүүддээ хүний амьдарлын утга учир, амьдралд тохиолдох төөрөгдөл, алдааг өөр өнцгөөс тайлбарлан, дэлхий ертөнц, нийгмийн талаар шинэ ойлголт суулгана. Ингэхдээ голдуу Библийн номлолыг Ази, дорно дахин тэр дундаа Солонгосын соёлын үүднээс гуйвуулж тайлбарлана. Солонгос улс бол “Гурав дахь Изриаль” бөгөөд Мүүн бол Бүтээгч эзний элч хэмээн гишүүддээ номлоно.
  • Шинэ бие хүн: Хүний өнгөрсөн болон одоо байгаа аз жаргалгүй, зовлон гуниг дүүрэн, материаллаг ертөнцөд төөрөлдсөн, сул дорой, хэрэггүй зан чанар, төгс бус байдлыг төгс, хүчирхэг байдалд хүргэж, Бүтээгч эзэн тэнгэр, жинхэнэ эцэг эхийн  ивээлд багтаана хэмээн номлоно. Эв нэгдлийн сүм, жинхэнэ эцэг эх, тэдний гишүүдийн зөвлөгөө, “Тэнгэрлэг ёс зарчим”-ын сургаалыг хэрэгжүүлж байж шинэ бие хүн болдог ажээ.
  • Шинэ гэр бүл: Төрсөн эцэг эх, гэр бүл тань таныг энэ ертөнцийн амьдралд бэлтгэж чадаагүй хэмээн хуучин гэр бүлээс нь салгаж шинэ гэр бүл буюу эв нэгдлийн сүмд оруулна. Сүмийн удирдагч, ахмад гишүүд нь эцэг эхийн үүрэг гүйцэтгэж, шинэ гишүүд нь тэдний “хүүхдүүд” болж хамгаалалд нь багтан, заавар зөвлөгөөг нь дагана.
  • Шинэ нийгэм: Эв нэгдлийн сүм нь өөрсдийн номлол, үнэт зүйл, ёс суртахууны хэм хэмжээ, зорилго чиглэлтэй нийгмийн нэг бүлэг болж бүрэлдэнэ. Гишүүддээ нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн хэм хэмжээг гажиж Жинхэнэ эцэг эхийн айлдсан шинэ хэм хэмжээг дагахыг санал болгоно. Энэ шашны урсгал нь нийгэмд хүрээгээ тэлэхийн тулд сүмдээ шинээр гишүүд элсүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг байна.
  • Шинэ дэлхий ертөнц: Мүүний гол зорилго нь Есүс Христийн сургаалыг даган Эзэн тэнгэрийн хаанчлалыг дэлхий ертөнц дээр тогтоохыг зорино. Тэрээр өөрийгөө сатаны эсрэг, коммунистуудын эсрэг тэмцэж, дэлхий ертөнц дээр энх тайван байдлыг тогтоон Эзэн тэнгэрийн хаанчлалыг бий болгоно гэж үзэж байжээ.

Үйл ажиллагаа нь гаж шинж чанартай эсэх: Мүүнийн олонд танигдсан гол зан үйл бол гишүүдээ олноор нь гэрлүүлэх ёслол юм. Мүүн сүмийн гишүүддээ төгс хамтрагч олж өгөхийн тулд тэдний 7 үеийг харж чаддаг хэмээн  сайрхдаг байна.

Сан Мён Мүүн өөрөө 40 настай байхдаа анхны эхнэрээсээ салж гэрийн үйлчлэгчийнхээ охин 17 настай Хак Жа Хан -тай гэрлэж 14 хүүхэд төрүүлж өсгөсөн ба энэхүү гэрлэлтээ Бурханы заалтаар хийгдсэн “ ариун гэр бүл”, өөрсдийгөө “Ариун эцэг эх”, хүүхдүүдээ “Ариун хүүхдүүд” хэмээн зарлажээ. Түүний ариун гэр бүлийн үлгэр жишээгээр гэрлэсэн хос болгон Бурханы ивээлд орно хэмээн номлож, 1968 онд 430 хос, 1975 онд 1800 хос, 1982 онд 6000 хос, 1992 онд 30000 нос, 1995 онд 360000[10] хос, 1997 онд 36000000[11] хос тус тус нэг доор гэрлэж хуримын ёслол үйлдэж байжээ. Хамгийн олон хосыг нэг дор гэрлүүлэх ёслолыг зохион байгуулсан гэж Гиннесийн номд бүртгэгдсэн байдаг. Жич, Монголд Мүүний шашин дэлгэрсэн талаар судалгаа хийсэн МУИС-ийн шашин судлалын салбарын нэгэн төгсөгчийн мэдээлснээр Мүүнийн гэрлэлтэнд оролцохын тулд нэг хүн доод тал нь 500 ам.доллар төлдөг ба гадаад орон руу, ялангуяа АНУ руу явах виз авах зорилгоор Монголоос нэлээд олон хүн энэ үйл ажиллагаанд хамрагдсан ажээ.

Мүүнийхэн өнөөг хүртэл 10 гаруй удаагийн нийтээр гэрлүүлэх ёслолыг зохион байгуулаад байна.[12] Тэд гэр бүлийн тухай өөрсдийн номлол сургаалдаа эхнэр, нөхөр, Эзэн тэнгэр, хүүхдийн хоорондын холбоо нь нийгмийн харилцаанд чухал байр суурь эзэлнэ гэж заана.

Өнөөгийн гэр бүлд тулгамдаад байгаа гол асуудлууд нь Эзэн тэнгэрийн хайр, сургаал номлолоос холдон, иргэний гэр бүлийн хэм хэмжээ, гэрээг дагаж байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлана. Гишүүд нь Жинхэнэ эцэг эхийн заавар, сонголтоор гэр бүл болоход заримдаа өөрийн хайр дурлалыг золиослох ёстой гэж үзнэ.

Мүүнийн ёсоор аливаа хүн гэр бүлийн амьдрал зохиохын тулд  Эзэн тэнгэрийн гурван адислал, ивээлийг хүртэх ёстой.  Эзэн тэнгэрийн нэгдүгээр адислал нь гэр бүл болохын өмнө хувь хүн эзэн тэнгэр, жинхэнэ эцэг эхийн сургаалыг сайтар судлан амьдралдаа хэрэгжүүлж төгс бие хүн болж ивээлд нь багтсанаар хэрэгждэг. Сүмийн гишүүн дотоод зүрх сэтгэлдээ эзэн тэнгэрийн мөн чанарыг санаж, гадаад биеийн үйлдэлээр эзэн тэнгэрийн үйл хэргийг хэрэгжүүлж байж төгс бие хүн болно.

Эзэн тэнгэрийн хоёрдугаар адислалыг  өөрийн адил эзэн тэнгэрт үнэнч төгс бэлтгэгдсэн гэр бүл болох хүнээ Жинхэнэ эцэг эхийн заавраар сонгож гэр бүл болсноор хүртэнэ.

Эзэн тэнгэрийн гуравдугаар адислал нь Жинхэнэ эцэг эхийн заавар, сонголтоор бий болсон гэр бүлүүд нь дэлхий даяар тархан Тэнгэрийн хаанчлалыг газар дэлхийд бүтээснээр хэрэгжих ажээ.

Мүүний гэр бүлийн тухай эдгээр номлол нь Монголчуудын төрсөн эцэг эхээ хүндлэх ёс, гэр бүлийн уламжлалт харилцаа, ёс заншил, хэм хэмжээнээс гажсан, Жинхэнэ эцэг эх Мүүн болон түүний эхнэр Хак Жа Хан Мүүнийг зааврыг даган дээдлэн шүтэх нь Монгол соёл иргэншилд харшилж байна.

Мүүний заавраар гэр бүл болгох ёслол нь Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн  4.1 -д заасан “гэрлэлт нь  тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ” гэсэн гэрлэлт, гэр бүлийн харилцааны зарчмын заалттай зөрчилдөж байна гэж үзэж байна. Гадны шашны байгууллагын зохион байгуулалттайгаар гэр бүл болгох нь мөн хуулийн 7.1-д заасан “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.

Мүүнийн шашны зохион байгуулалтайгаар гэр бүл болгох ёслол нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.2-д заасан “Үндэсний язгуур ашиг сонирхол”, 3.4.7-д заасан Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал,  3.4.8-д заасан Хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болох талтай.

Зарим улс оронд тухайн шашныг дэлгэрүүлэхийг хориглодог эсэх талаар: Барууны зарим оронд тухайн улс орны шашин соёл , түүхэн уламжлал, үндэстний аюулгүй байдал, нийгмийн хэм хэмжээ, эв нэгдлийг хангах үүднээс Мүүн гэх мэт шашны гаж урсгал, сектүүдийг засгийн газрын шашны асуудал эрхэлсэн агентлаг, хууль зүйн яам, эсвэл соёлын яамны дэргэдэх шашны асуудал эрхэлсэн хэлтэс, цагдаагийн төв, тагнуулын  газрууд нь бүртгэж үйл ажиллагаанд нь хяналт тавьж, тухайн улс орны үндэсний аюулгүй байдалд сөрөгөөр  нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан тохиолдолд тухайн шашны гаж урсгалыг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг байна.

Мөн ард иргэдийнхээ шашны итгэл үнэмшил, оюун санааг гаж урсгалын сөрөг нөлөөнөөс сэрэмжлүүлэх зорилгоор гаж урсгалуудын жагсаалтыг[13] гаргаж ард иргэддээ мэдээллээр хангаж, гаж урсгалын хохирогч болохоос урьдчилан сэргийлдэг байна. Мүүнийхнийг Австри, Герман, Франц, Хятад, Орос, Сингапур, Киргиз зэрэг орнуудад гаж урсгалын жагсаалтанд оруулж, үйл ажиллагааг нь хянаж, зарим тохиолдолд үйл ажиллагааг нь хориглосон байдаг ажээ.[14]

Манай улсад нэвтэрч орж ирсэн байдал: Мүүнийхэн 1990 оноос Монголчуудын шашны итгэл үнэмшил, оюун санааны хил хязгаар нээлттэй болсон үеэс Эв нэгдлийн сүмээс гадна өөрсдийн номлол, үйл ажиллагааг идэвхтэй сурталчилдаг холбоо, сан, нийгэмлэг, төв нэртэй иргэний байгууллагын нэрээр халхавчлан Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Дээрхи шалтгааны улмаас Монгол дахь Мүүнийн дагалдагчдын тоог нарийвчлан гаргах боломжгүй. Энэ талаар нийслэл, орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дэргэдэх шашны асуудал эрхэлсэн ажилтнуудтай хамтран цаашид судалгаа хийх шаардлагатай.

Нийслэлийн статистикийн газраас гаргасан сүм хийд шашны байгууллагын 2014, 2015 оны албан ёсны  тайланд  Мүүнийн шашны 2 сүм бүртгэлтэй байгаа ч Дэлхийн энх тайвны төлөө залуучуудын холбоо, Дэлхийн энх тайвны төлөө Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Оюуны эрэл” оюутны холбоо, Дэлхийн энх тайвны төлөө олон улсын шашин хоорондын Монголын холбоо гэсэн арав гаруй хүмүүнлэгийн, төрийн бус байгууллагаар халхавчлан үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэл судлалын ухааны доктор, профессор С.Санжжав агсан 1994 онд Монгол улсад сэтгэл судлалын шинжлэх ухааныг эрчимтэй хөгжүүлэх, дотооддоо мэргэжлийн сэтгэл судлаачдыг бэлтгэх зорилгоор “Оргил” хувийн дээд сургууль байгуулсан боловч түүнийг таалал төгссөнөөс хойш тус сургуулийг мэргэжлийн хувьд авч явах удирдлага алдагдаж хүнд нөхцөлд орсон үед нь Мүүнийн зүгээс тусламжийн гараа сунгаж 2005 оноос тус сургуулийг өөрийн гэсэн хичээлийн байртай болгосны дээр нэрийг нь “Энх-Орчлон” дээд сургууль хэмээн өөрчилж, оюутан залуусыг нь Мүүнийн хөдөлгөөнд татан оролцуулж эхэлсэн байдаг.  Олон нийтийн хэвлэл мэдээллийн эх сурвалжаас үзвэл  Мүүний шашны маш олон байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот, мөн Өвөрхангай, Дорнод, Ховд гээд 10 гаруй аймагт салбараа нээсэн байна[15].

Мүүнийн гаж урсгалын Монголд явуулж буй дээрхи үйл ажиллагаанууд нь Монгол улсын Төр, Сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4-р зүйлийн 7-р заалтыг зөрчиж байгаа эсэхийг холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс нь тодруулах шаардлагатай.

Монголд үйл ажиллагаа явуулж буй Мүүнийн шашны байгууллагын талаар судалгаа хийхэд тэдний хаяг байршил, үйл ажиллагаа нь тодорхой бус, олон нийтэд нээлттэй бус, зөвхөн өөрсдийн гишүүд болон зорилтот бүлэгт хандсан  үйл ажиллагаа явуулдаг, соёл, боловсрол, спортын баяр ёслолын арга хэмжээ нэрээр халхавчлан үйл ажиллагаагаа зохион байгуулах ба зарим тохиолдолд мэдээлэл өгөхөөс татгалздаг, шашин судлаачдад нээлттэй бус ханддаг,  мэдээлэл олж авсан хувь хүн, судлаачийг дарамтлах зэрэг бэрхшээлтэй тулгардаг.

Дүгнэлт,  шийдвэрлэх асуудал:

Мүүний үүсгэсэн энэ олон үйл ажиллагааг хүн төрөлхтөн зогсоож чадахгүй ч улс орон, үндэстэн, ард түмэн бүхэн өөр өөрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг үзэл суртлын хүрээнд хадгалж хамгаалж байх үүднээс эх орондоо явагдаж буй Мүүний үйл ажиллагаанд хяналт тавьж, ялангуяа хүүхэд залуучуудынхаа боловсрол хүмүүжилд үндэсний уламжлалаа хадгалах, үндэсний бодлого зарчмаа алдахгүй байх тал дээр анхаарч ажиллах нь чухал гэж үзэж байна.

Даяаршсан эрин зуунд амьдарч буй Монголчуудын оюун санаа, итгэл үнэмшлийн ертөнцөд шашны этгээд гаж урсгалууд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлж судлаачдын хувьд дараахи шийдэл, арга замыг дэвшүүлж байна.

  • Төрөөс шашны байгууллага, сүм хийдийн талаар судалгаа хийж, нэгдсэн цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлж байдаг төрийн тусгай институт, байгууллага байгуулах нийгмийн зайлшгүй шаардлага тулгараад байна.
  • Нийслэл, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шашны асуудал эрхэлж буй ажилтны орон тоонд шашин судлалын мэргэжлийн хүнийг ажиллуулах нь зүйтэй.
  • Төрийн эрх мэдэл бүхий байгууллагууд шашны байгууллагуудтай үндэсний аюулгүй байдал, монгол соёл иргэншилд хүндэтгэлтэй хандах, нийгмийн эв нэгдлийг хангаж, төр сүм хийдийн харилцааны хуулийн заалтуудыг нарийн сахиж биелүүлэх тусгай гэрээ байгуулах шаардлагатай болжээ.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлд улстөрийн нөлөө бүхий гаж урсгалынхныг шургалуулахгүйн тулд МУИС-ын Философи, Шашин Судлалын Тэнхимийн болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дүгнэлтийг үндэслэн төлөөллийг зөв бүрдүүлж байх нь Монгол Улсын нийгмийн эрүүл сэтгэлгээ, амар тайван аж төрөхийн чухал үндэс болно гэж үзэж байна.
  • Нийслэл хот, аймаг, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид шашны гаж урсгал, чиглэлийг бүртгэхдээ шашны номлол сургааль явуулах ном, судрыг судалж үзээд бүртгэх эсэх талаар судлаачидтай зөвлөлдөж шийдвэр гаргах хэрэгтэй.
  • Гадаадын иргэн харъяатын газар гаднаас ирж буй шашны номлогчдын байгууллага нь тухайн улсдаа гаж урсгалд тооцогддог, албан ёсны бүртгэлтэй эсэхийг шалгаж бүртгэх нь зүйтэй.
  • Монголд үйл ажиллагаа явуулж буй шашны гаж урсгалын шугамаар ирж буй номлогчдыг бүртгэхдээ урьсан байгууллага нь Монгол улсад албан ёсоор бүртгэлтэй эсэхийг нягталж шалгах хэрэгтэй.
  • Төр сүм хийдийн хуулинд шашны гаж урсгалаас сэргийлэх заалтыг нэмж оруулах нь Монгол шиг хүн амын нягтаршил багатай улсад тохиромжтой зохицуулга хэмээн үзэж байна.
  • Монгол улсын хот, аймаг, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн эрх бүхий ажилтнууд Монголд үйл ажиллагаа явуулж буй шашны гол байгууллагуудтай хамтран ажиллаж тухайн шашны нэрийг барин гарч ирсэн гаж урсгалуудын судалгааг гарган тэдэнтэй харьцах бодлого боловсруулах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Номзүй:

  1. С.Цэдэндамба, Монгол улс дахь шашины нөхцөл байдал (XX-XXI зууны зааг үе), 2003. УБ
  2. А.Жамбал, Ислам шашин, ШУА, ФСЭХ, 2005, УБ
  3. М. Нандинбилэг, “Эв нэгдлийн сүмийн номлол сургаал, зан үйл: гэрлэлт, гэр бүлийн тухай асуудалд” дипломны ажил. МУИС. УБ. 2013
  4. Монголын Эвангелийн Эвсэл, “Гаж буруу урсгалууд” танилцуулга, 2013, УБ,
  5. Hexhan, Irvin & Karla Poewe. Understanding Cults and New Religions. Grand Rapids, Michigan. 1986.
  6. Ankerberg, John and John Weldon, Encyclopedia of Cults and New Religions. Harvest House Publishing, Oregon. 1999.
  7. New Oxford Dictionary. Oxford University Press. NY, USA, 2005.
  8. Martin, Walter R. The Kingdom of the Cults. Bethany Fellowship Inc., Publishers, Minneapolis, Minnesota.
  9. Nichols, Larry A. and others, Encyclopedic Dictionary of Cults, Sects, and World Religions. Zondervan, Grand Rapids, Michigan.
  10. New Dictionary of Theology, Sincliar B. Ferguson and David F. Wright, Inter-Varsity Press, Leicester, England. 1988.

Ашигласан Материал:

  1. https://religionmongolia.wordpress.com
  2. http://en.wikipedia.org/wiki/Anti-cult_movement
  3. http://www.ikon.mn/n/ofx
  4. https://en.wikipedia.org/wiki/Governmental_lists_of_cults_and_sects#Canada
  5. http://www.tparents.org/moon-talks/sunmyungmoon97/SM971129p.htm
  6. http://www.upf.org/resources/speeches-and-articles/4968-p-ochirbat-address-to-world-summit-2013
  7. http://web.archive.org/web/20060421193428/http://religiousmovements.lib.virginia.edu/nrms/unification2.html
  8. http://www.unification.net/dp73

[1] Woo Hai-Ran, New Religious Movement in South Korea focused on Contemporary Situation, the article presented at 2010 International Conference of Korean Academy of New Religion.

[2] Anthony Giddens, Sociology, 6th edition, Polity press, 2009,  UK, р 690

[3] Lorne L Dawson, The Cults and New Religious Movements, Blackwell Publishing, 2003, USA, p 38

[4]http://web.archive.org/web/20060421193428/http://religiousmovements.lib.virginia.edu/nrms/unification2.html

[5] http://www.unification.net/dp73/

[6] Dereck Dashke and W.Michael Ashcraft, New Religious Movements, NY University press, 2005, USA, p 139

[7] John Ankerberg and John Weldon, Encyclopedia of Cults and New Religions, (Harvest House Publishing, Oregon, 1999), p. XXII-XXIV. Мөн New Dictionary of Theology, Eds.Sincliar B. Ferguson and David F. Wright, (Inter-Varsity Press, Leicester, England, 1988), p.633-634.

[8]http://www.upf.org/resources/speeches-and-articles/4968-p-ochirbat-address-to-world-summit-2013

[9] John L.Esposito, Darrell J. Fasching, Todd Lewis, Religion and Globalization, Oxford University press, 2008, NY

[10] http://familyfed.org/news-story/twih/unveiling-love-and-truth-6015/

[11] http://www.tparents.org/moon-talks/sunmyungmoon97/SM971129p.htm

[12] Dereck Dashke and W.Michael Ashcraft, New Religious Movements, NY University press, 2005, USA, p 155

[13] https://en.wikipedia.org/wiki/Governmental_lists_of_cults_and_sects

[14] https://en.wikipedia.org/wiki/Governmental_lists_of_cults_and_sects#Canada

[15] http://www.ikon.mn/n/ofx

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s