eej-mod-fetish

Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал

Энэхүү өгүүлэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1994, 2003 онд хийгдсэн судалгаа, Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын мэдээ баримт, бусад мэдээ, баримтуудад түшиглэн Монгол дахь шашин шүтлэгийн төлөв байдалд гарч буй өөрчлөлт, өнөөгийн байдлыг шашин шүтэгчид, шашны урсгал чиглэл, сүм хийд шашны байгууллага гэсэн үндсэн гурван хэсгээр тоймлон харуулахыг зорьлоо.

Монголын нийт хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлын талаар хийсэн тоотой хэдхэн судалгаа бий. 1970-1980-аад онд Шинжлэх ухааны академиас хөдөлмөрчдийн шашингүйн үзэл, хүмүүжлийн асуудлаарх социологийн судалгааг тодорхой үе шаттайгаар тогтмол явуулж ирсэн. Харин улс орны хөгжлийн чиг баримжаа үндсээрээ өөрчлөгдөн, хүн амын шашин шүтлэгийн байдалд эрс өөрчлөлтүүд гарах болсон шинэ нөхцөлд буюу 1994 онд хүн амын шашин шүтлэгийн төлөв, байдлыг тодруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1600 хүнийг хамруулсан социологийн судалгааг хийсэн. Уг судалгаанд суурилан 2003 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар “XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд дахин судалгаа явуулсан нь одоогоор энэ чиглэлээр дагнан хийсэн сүүлчийн дорвитой судалгаа болж байгаа юм.

Энэхүү өгүүллээр дээр дурдсан судалгаануудын дүнг сүүлийн үеийн мэдээ баримтуудтай харьцуулан Монгол дахь шашин шүтлэгийн төлөв байдалд гарч буй өөрчлөлт, өнөөгийн байдлыг шашин шүтэгчид, шашны урсгал чиглэл, сүм хийд шашны байгууллага гэсэн үндсэн гурван хэсгээр тоймлон харуулахыг зорьлоо.

Шашин шүтэгчид

1970, 80-аад онуудад ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн хийсэн цуврал судалгаануудад оролцогчдын 80-85 орчим хувь нь өөрсдийгөө огт сүсэг бишрэлгүй бөгөөд шашин, сүм хийдтэй огт холбоогүй гэж үзэж байсан билээ. Тэгвэл нийгмийн эрчимтэй өөрчлөлтийн ид үе буюу 1994 онд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын дөрөвний гурав буюу 71.1 хувь нь өөрсдийгөө аль нэг шашинд хамаатуулсан буюу ямар нэг хэмжээгээр “шүтлэг бишрэлтэй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн сонирхолтой өөрчлөлт ажиглагдсан юм.

Харин 2003 оны “XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдэвт судалгааны дүнгээс үзэхэд нийт судалгаанд оролцогчдын 74.89 хувь нь “шашин шүтэгчид” байсан бөгөөд есөн жилийн хугацаанд шашин шүтэгчдийн тоо 3.7 хувиар нэмэгдсэн байлаа.

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын асуумжид шашин шүтлэгийн асуулт нэмж оруулсан нь судлаач бидний хувьд тун ач холбогдолтой зүйл болсон юм. Хэдийгээр шашны талаар ганцхан асуулт оруулсан боловч өмнөх судалгаануудын дүн мэдээтэй харьцуулах боломжийг бидэнд олгож байна.

Хүснэгт 1. 15, түүнээс дээш насны хүн амын шашин шүтлэгийн байдал, 2010 оны байдлаар

Шашин шүтлэг Хүний тоо Эзлэх хувь
БҮГД 1.905.969 100.0
Шашин шүтдэггүй 735.283 38.6
Шашин шүтдэг 1.170.283 61.4
Үүнээс
Буддын шашин 1.009.357 53.0
Христийн шашин 41.117 2.1
Исламын шашин 57.702 3.0
Бөөгийн шашин 55.174 2.9
Бусад 6.933 0.4

Эх сурвалж: Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс: http://www.toollogo2010.mn/index.php

1994, 2003 болон 2010 оны мэдээллүүдийг харьцуулан Монголчуудын шашин шүтлэгийн байдалд хэрхэн өөрчлөлт гарсныг төсөөлөн харвал дараах байдалтай байна.

Зураг 1. Монголчуудын шашин шүтлэгийн  өөрчлөлт

shashin-shutegchid

Зургаас харахад нийт шашин шүтэгчдийн тоо хэмжээ багагүй хувиар буурсан нь байгаа бөгөөд үүний шалтгааныг дараах байдлаар таамаглаж байна. Үүнд:

Монголын нийт хүн амыг бүрэн хамарсан орон сууцны тооллогын дүн мэдээ болон түүврийн дагуу хийсэн өмнөх хоёр судалгааны дүн мэдээний хооронд зөрүүтэй байдал ажиглагдах нь зүй ёсны хэрэг хэдий ч өмнөх судалгааны үр дүнг үгүйсгэж болшгүй бөгөөд ингэх нь судлаачдын ажлын үр дүнг дутуу үнэлсэн хэрэг болох билээ.

Магадгүй 2003 оны үед шашны үзэл баримтлал, номлол сургаалд итгэж биширдэг байсан бага залуу үеийнхэн шашин шүтэхээс илүүтэйгээр орчин үеийн шинжлэх ухааны ололт, амжилтыг шүтэн бишрэгч идэр залуучууд болон төлөвшсөн байхыг үгүйсгэхгүй бөгөөд тэдний тоо хэмжээ ч энэхүү судалгааны дүнд нөлөөлсөн нь дамжиггүй.

Глобальчлагдаж буй өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаад өндөр боловсрол эзэмшсэн, “юм үзэж, нүд тайлсан” иргэд маань шүтэх шашин шүтлэгээ илүү сайн бодож тунгааж, эргэцүүлж, бясалгасны үндсэн дээр сонгох эсэхээ шийддэг болсонтой холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Нийгмийн нийтлэг, хамт олонд элсэх, төрөл бүрийн дугуйлан (цагаан, ногоон, эрүүл хоолтон), бясалгал, эмчилгээний болоод оюун санааны бүлгэмүүд зэрэг итгэл бишрэлийн хэрэгцээг шашны бус арга замаар хангах илүү олон боломжууд бий болж байгаа нь шашин шүтэгчдийн тоонд нөлөөлсөн байж болох талтай.

Монгол дахь шашны урсгал, чиглэлүүд

1994, 2003 онуудад хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд өнөөгийн монголын нийгэмд үүсэл гарал, шинж чанар, агуулгаараа нэлээд ялгаа бүхий сүсэг бишрэлийн өөр өөр төрөл хэлбэрийн илрэлүүд оршиж байгаа бөгөөд эдгээрийг төстэй шинжээр нь нэгтгэн ангилж, бүлэглэхэд дараах үндсэн таван бүлэгт хуваагдаж байгаа юм. Үүнд:

shashnii-helberuud

Эндээс үзэхэд хүн амын шашин шүтдэг хэсэг нь шашин шүтлэгийн хувьд нэгэн төрөл биш болж байгаа нь харагдаж байгаа бөгөөд энэ бол монголын түүхийн ойрын хэдэн зууны түүхэнд бараг байгаагүй өвөрмөц нөхцөл байдал юм.

Хүн ам, орон сууцны тооллогын 2010 дүн мэдээг 1994, 2003 оны судалгааны дүнтэй харьцуулан Монголчуудын шашин шүтлэгийн байдлыг шүтдэг шашинаар нь ялган харуулбал дараах байдалтай байна.

Хүснэгт 2. Монголчуудын шашин шүтлэгийн өөрчлөлт, нийт шашин шүтэгчдийн тоонд харьцуулснаар

Бурханы шашинтан Христийн шашинтан Исламын шашинтан Бөөгийн шашинтан Шашны бусад урсгал, чиглэлүүд
1994 79.5 3.8 11.6 2.0 2.7
2003 85.5 9.6 3.2 1.0 0.2
2010 86.2 3.5 4.9 4.7 0.6

Тайлбар: тухайн шашинд шүтэгчдийн тоог нийт шашин шүтэгчдийн тоонд харьцуулсан болно.

Харьцуулалтаас харахад бурханы шашинтнаас бусад шашны урсгал чиглэлүүдэд нилээд өөрчлөлтүүд гарсан нь ажиглагдаж байна. Хэдийгээр бурханы шашинтны тоо хэмжээ ялихгүй ч гэсэн өссөн мэт харагдаж байгаа боловч энэ бол зөвхөн нийт шашин шүтэгчдийн тоонд харьцуулснаар юм. Тэгвэл нийт хүн амд болон судалгаанд оролцогчдын тоонд харьцуулснаар харвал арай өөр дүр зураг харагдана.

Хүснэгт 3. Монголчуудын шашин шүтлэгийн өөрчлөлт, нийт хүн амд болон судалгаанд оролцогчдын тоонд харьцуулснаар

Бурханы шашинтан Христийн шашинтан Исламын шашинтан Бөөгийн шашинтан Шашны бусад урсгал, чиглэлүүд
2003 66.8 7.9 2.5 1 0.1
2010 53.0 2.1 3.0 2.9 0.4

Тайлбар: 2003 оны судалгаа, 2010 оны тооллогын дүн мэдээ, үр дүнд үндэслэн харьцуулав.

Хүснэгтээс үзэхэд нийт хүн амын дунд эзлэх бурханы болоод христийн шашинтны тоо хэмжээ илт буурсан нь харагдаж байгаа бөгөөд энэ нь нийгэм, соёлын олон хүчин зүйлтэй холбоотой байж болох юм. Тухайлбал:

Аливаа шашны ухуулга, сурталчилгаар шашны урсгал чиглэлд итгэж сүсэглэх, шүтлэгтэн болох явдал буурсан;

Шашныг сүсэг бишрэл, итгэл үнэмшил гэхээсээ илүүтэйгээр соёл гэх илүү өргөн хүрээнд авч үзэх явдал бий болсон гэх мэт.

Эндээс хүн амын шашин шүтлэгийн байдлыг нийгмийн олон хүчин зүйлтэй холбон илүү өргөн хүрээнд, нарийвчлан судлах шаардлага урган гарч байгаа бөгөөд 1994, 2003 оны судалгааг цаашид үргэлжлүүлэн хийх цаг үеийн шаардлага урган гарч ирж байгаа юм.

Сүм хийд, шашны байгууллагуудын үйл ажиллагаа

Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд, шашны байгууллагуудыг уламжлалт ба уламжлалт бус шашны байгууллага гэсэн хоёр үндсэн хэлбэрт хувааж болно.  Уламжлалт шашны байгууллагад буддын болон исламын шашны сүм хийдийг багтаахаас гадна шинэ цаг үе, нөхцөлд шинээр хэлбэржин зохион байгуулагдаж буй бөөгийн шашин, мөргөлийн төвүүдийг хамааруулан авч үзэж болох юм.

Уламжлалт бус шашны байгууллагад:

  • Үзэл номлол, зан үйл, шүтлэг нь үндэсний уламжлалтай төдий л холбоогүй;
  • Гол төлөв гадаадаас нэвтрэн орж ирсэн;
  • Цаг хугацааны хувьд харьцангуй саяхан үүсэж бий болсон;
  • Эсвэл тухайн нийгмийн огцом өөрчлөлт буюу хямралт байдлын үр дагавар болж гарч ирж байгаа шашин шүтлэгийн хэв маягийг хамааруулж үзэж байна.

Эдүгээ Монгол Улсад сургаал номлолоо дэлгэрүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа уламжлалт бус шашинд христийн шашны үндсэн урсгалууд болох үнэн алдартан, католик, протестантизмын евангели, баптист, адвентист, лютеран, пентокост урсгалууд, мормонизм, мүүнизм, иеговын гэрчүүд зэрэг шашин номлогчдын чөлөөт урсгалууд багтаж байна. Мөн түүнчлэн бахаизм, индуизм, хиндуизм болон дорно дахины улбаатай хэрнээ нэлээд өрнөжсөн шинэ шашны хөдөлгөөний бусад урсгалуудыг ч энд хамааруулна.

1994 оноос 2013 оны хооронд Хууль зүй дотоод хэргийн яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт нийт 722 шашны байгууллагын бүртгэжээ.

Зураг 2. Нийт сүм хийд, шашны байгууллагын тоо

sum-hiid

Зургаас жил тутам сүм хийд, шашны байгууллагын тоо багагүй хэмжээгээр, тогтмол нэмэгдэж буйг харж болох бөгөөд 2013 оныг 1994 онтой харьцуулахад 30 дахин олон шашны байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа албан ёсоор явуулахаар зөвшөөрлөө авчээ. Эдгээр шашны байгууллагуудын талаас дээш буюу 69 хувь нь уламжлалт шашны, 39 хувь уламжлалт бус шашны байгууллагууд байгааг Зураг 3-аас харж болно.

Зураг 3. Албан ёсны бүртгэлтэй шашны байгууллагууд (урсгал, чиглэлээр)

sum-hiiduud

Зураг 3-аас харахад хүн амын 2.1 хувийг эзэлдэг христийн шашинтнууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 722 шашны байгууллагын 39 хувийг эзэмшдэг сонирхолтой дүр зураг харагдаж байна. Харин нийт хүн амын 53.0 хувийг эзэлдэг буддын шашинтууд нийт шашны байгууллагуудын 49.4 хувьтай тэнцэх Буддын сүм хийдүүдээр үйлчлүүлдэг ажээ[1].

Хүснэгт 4. Шашны байгууллагуудын бүртгэл (оноор, урсгал, чиглэлээр)

Буддын шашин Христийн шашин Исламын шашин Бөөгийн шашин Бахайн шашин Бусад
1994 13 11
1995 23 4 1
1996 11 4 1
1997 7 5
1998 29 12 1
1999 19 11 1 2
2000 13 11 2 1
2001 13 5 1
2002 15 7 2
2003 22 14
2004 20 26 1 1
2005 18 12 1 1
2006 10 19 2
2007 13 11 17
2008 4 7 2
2009 24 2 2
2010 37 20 3
НИЙТ 254 198 46 10 5 1

Хэдийгээр албан ёсны тоон мэдээ, бүртгэл сэлтээс үзэхэд шашны байгууллагын тоо хэмжээ өнөөгийн байдлаар 720 гаруй байгаа мэт харагдаж байгаа боловч шашны байгууллагуудын Монгол дахь нэгж, салбарууд, албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудыг энэ тоон мэдээнд оруулаагүйг дурдах нь зүйтэй. Учир нь холбогдох хуулинд шашны байгууллага, түүний зохион байгуулалтын талаарх зохицуулалтыг зөвхөн уламжлалт бурханы шашны сүм хийдийн хүрээнд л ойлгож[2] зохицуулсан, шашны байгууллагын хэлбэрийг дан ганц сүм хийдээр л хязгаарласан байгаа нь шашны байгууллагын орон нутгийн салбар, нэгжүүдийн талаарх тодорхой мэдээлэл бүхий сан бүрдэхгүй байх хүчин зүйл болж байна. Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын талаарх бидний төсөөлөл бүдэг бадаг болж байгааг доорх ганцхан жишээнээс харж болно.

Монгол дахь христийн шашны байгууллагуудыг нэгтгэх зорилготой Монголын евангелийн эвсэл “Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 396 нутгийн чуулганууд (салбар болон дүү цуглаанууд орохгүйгээр), 47 тулаас үйлчлэлийн байгууллага (ТББ), илгээлтийн байгууллагуудыг элсүүлж” үйл ажиллагаагаа явуулдаг тухай өөрсдийн танилцуулгадаа дурджээ. Өөрөөр хэлбэл христийн шашны ганцхан байгууллага Монголд доод тал нь өөрийн гишүүн 396 чуулган үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлснийг уг байгууллагын албан ёсны цахим хуудаснаас үзэх боломжтой [3].

Шашны байгууллагууд нь нийгмийн нөхцөл байдлаа даган хувьсаж, үйл ажиллагааныхаа хэлбэрийг нийгмийн хөгжилтэйгээ уялдуулан зохион байгуулсаар ирсэн билээ. Тухайлбал, удирдлагын эрх мэдэл нь хэмжээгүй эрхтэй католик, үнэн алдартны шашинуудаас цаг үеийн байдалтай зохицон уялдаж, нийгмийн шаардлагын дагуу парламентийн маягийн ардчилсан удирдлага, үзэл санаа бүхий протестант шашны урсгалууд төрөн гарсан байдаг.

Үүний нэгэн адилаар орчин үеийн шашны байгууллагууд орчин, нөхцлөө сайтар мэдэрч, цаг үетэйгээ зохицон ажиллах чадвар бүхий өөрсдийн гэсэн мэргэжсэн боловсон хүчнүүдийг бэлтгэхийн зэрэгцээ шүтэх, эс шүтэх эрхийн чөлөөт сонголт бүхий орчин үеийн өндөр мэдлэг, боловсрол бүхий сүсэгтний сүсэг бишрэлийн хэрэгцээг хангахуйц үйл ажиллагааны хэлбэр, зохион байгуулалтыг эрэн хайх болсоны дүнд өнөөдөр манай улсад шашны уламжлалт хэлбэрийн (сүм хийд, деноминаци гэх мэт) байгууллагуудаас бүтэц, удирдлагын арга барил, үйл ажиллагааны онцлогоороо ялгарах шинэ хэлбэрийн байгууллагууд үүсэж төлөвшин үйл ажиллагаа явуулах болжээ[4].

Бид 1994 оноос 2006 оны хооронд улсын бүртгэлд төрийн бус байгууллага гэж бүртгэсэн байгууллагуудын үйл ажиллагаа, бичиг баримтад шинжилгээ хийж үзэхэд шашны ямар нэг урсгал чиглэлийг дэмжиж шашин дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага байдгийг судалгааны үр дүнд тогтоосон. Эдгээр байгууллагууд нь сүм хийдийн адилаар шашин номлох, сургаал айлдахыг гол зорилгоо болгодоггүй, харин түүнийг сурталчилах, дэлгэрүүлэхэд нийгмийн янз бүрийн үйл ажиллагаагаар идэвхитэй дэмжихэд чиглэдэг болох нь харагдсан. Энэ төрлийн байгууллага цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаа ба үүний шалтгаан нь сүсэгтнүүд дан ганц сүм хийдийн уламжлалт дэг жаягийн дагуу шашны зан үйл үйлдэхээс гадна шашны номлол, сургаалийн талаар санал бодлоо хуваалцах, хамтын буяны үйл үйлдэх зэргээр өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, сүм хийдэд хамтдаа үйлчлэх сайн дурын байгууллага байгуулах санаачилга төрөн гарах болсонтой холбоотой юм.

Эцэст нь дүгнэхэд өнөөдөр таван монгол хүн тутмын гурав нь ямар нэгэн шашин шүтдэг бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь уламжлалт буддын шашныг шүтэж байгаа нь уг шашин нийгэмд зонхилох байр сууриа алдаагүй байгааг илэрхийлж байна. Уламжлалт бус шашин шүтэгчдийн тоо хэмжээ тогтвортой, тэр ч байтугай буурсан үзүүлэлттэй байгаа  боловч тэдгээр шашны сүм, байгууллагуудын тоо хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа нь сонирхол татаж байна. Хүн амын 2.1 хувийг эзэлдэг Христийн шашин шүтэгчид улсад бүртгэлтэй 514 шашны байгууллагаас 198-ийг нь үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь авч явна. Гэхдээ эдгээр 198 байгууллага нь Монгол Улсад бүртгэлтэй христийн шашны бүх байгууллагын тоо мөн үү гэдэг нь ихэд эргэлзээтэй байгааг уг шашны байгууллагуудын өөрсдийн мэдээллээс харж болно. Үүнээс үүдээд чухам ямар шашны яг хичнээн урсгал, ямар байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгааг нарийн тодорхой судлах шаардлага урган гарч байна.

Шашин судлаач, докторант Ж.Алтайбаатар

(Өгүүллийн эх нь ШУА-ийн “Философи, эрх зүйн судлал” сэтгүүлийн XXVII боть (2012)-д хэвлэгдсэн. Судалгааны зарим мэдээлэл, өгөгдөл болон холбоотой дүгнэлтүүдийг шинэчилсэн болно)


[1] Нэмж хэлэхэд эдгээр тоон мэдээллүүд нь зөвхөн төрийн байгууллагаас хууль ёсны зөвшөөрөл авсны дагуу үйл ажиллагаагаа явуулж буй шашны байгууллагуудад хамаарна гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
[2] “Сүсэгтэн олны шашин-номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөвшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдах байгууллагыг /цаашид энэ хуульд “сүм хийд” гэх/ шашны байгууллага гэнэ.” – Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, 1993, 6-р зүйл
[3] Монголын евангелийн эвслийн цахим хуудас: http://www.mea.mn/?page_id=66. 2012.06.18-нд авав.
[4] Энэ тухай зохиогчийн ШУА-ийн “Эрдмийн ертөнц” сэтгүүлийн 2010/02 дугаарт нийтлїїлсэн “Шашны байгууллагын хэлбэр, їйл ажиллагааны онцлог” єгїїллээс дэлгэрїїлэн їзнэ її.

7 thoughts on “Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал”

  1. Mash chuhal medeelel bolovch oilgomjgui bnaa. Niit nasand hursen 1905969 hunii 38.6% buyu 735283 hun n shashin shutdeg, 61.4% buyu 1170283 n shashin shutdeggui yum bn. tegsen murtluu yaaaaaj 1009357 hun Buddha shutdeg geed baigaa yum bee? niit shutlegtenii toonoos chin davchlaa. oilgohgui bnaaa???

    1. Сайн байна уу. Таны хэлсэнтэй санал нэг байна. Энэ мэдээллийг оруулахдаа шашин шүтдэг болон шүтдэггүй хүний тоог солиод биччихэж. Үүнийг уг нь эрт харсан боловч өнөөг хүртэл засаагүйдээ хүлцэл өчье.

  2. Христ,ислам шашин шүтэгчдийн тоо үнэн байна,Будда болон бөө мөргөл шүтэгчдийн тоо эргэлзээтэй. Хааяа засал хийлгэдэг, мөрөө гаргуулдаг гэх мэтийн зан үйлийн шинжтэй үйлдлүүд хийдэг хүмүүс өөрсдийгөө Будда шүтдэг гэж хариулсан бололтой. Бусад шашныхан үнэнээсэитгэж, шүтэж, сургаалийг нь баримталдаг байхад Буддын шашинтай гэж хариулсан мөртлөө 10 хар нүглээс нь үйлддэг хүмүүс олон байгаа болов уу?. Ер нь хүн амын 2/3 нь ямар нэг төрлийн шашин шүтдэг болвол улс хөгждөг бололтой. 3 хүний хоёр нь нүгэлгүй амьдралыг сонгохоор үлдсэн ганц нь ядахдаа худал хэлж, хууран мэхлэх, ёс зүйгүй авирлах боломж нь хумигдана гэж үздэг юм байна.Улс орныг хорлоё гэвэл шүтлэгээс нь салгадаг юм байна л даа.Коммунистуудын үйлдсэн хамгийн том нүгэл нь шүтлэггүй, хувиа бодсон, дарга, нам 2-тоо тал засч,тэднээс айж амьдардаг бүхэл бүтэн шинэ үеийг цусан мөр татулан бий болгосон явдал юмдаа.

    1. Таньтай санал нэг байна. Гэхдээ энэ бол шүтэгчдийн өөрсдийн л үнэлгээ шүү дээ. Хүний өөрийнх нь шүтдэг гэж боддог шашин болон жинхэнэ сүсэг бишрэл-ертөнцийг үзэх үзэл хоёрын нийцлийг тодорхойлох нь маш нарийн төвөгтэй, шашин судлаачдын хувьд сорилт болоод чиглэл гэж бодож байна. Өөрийгөө буддын шашинтан гэх боловч үнэндээ эдийн тэнгэр, уул, усны эзэн савдагийг шүтээд тахиад яваа хүн, христ итгэлт гэх мөртлөө өдөр тутмын амьдралдаа бидний уламжлалт зан үйлийг өөрийн мэдэлгүй дагаад гүйцэтгээд яваа хүнийг буруутгах аргагүй шүү дээ. Энэ тухай Pew Research Center судалгаа хийсэн байдаг юм билээ. Америкчууд яг үнэндээ ямар шашин шүтдэг вэ гэж. Энэ талаар дахин нэмж судлах шаардлагатай.

  3. saihan medeelel tavisand bayrlalaa suuliin ueiin sudalgaani medeelel baival niitleerei
    yr ni bol manaihan budda budda geed bdg manai lama buddag tuvd maniah 2oos uur shuttdeg uls bdaggui
    yadag ch bai hen yugaa shuteh ni hamaagui ch gesen hariltsan hundetgeh heregtei bh shashinaar damjuulj busad ijil shashin soyoltoi 2ulsin irged hariltsan juulchlah shashini sain duriin ajil hiih oyutan zaluusig hariltsan soliltsuulj surgah zereg shashin soyolooroo tustei ulsuud iluu nygtarch oirtoj hamtin ajillagaa ni hugjij bn.. zeregig bas bodoltsoh… nuguu talaaraa orchin ued ali ch shashin bussnessiin neg helber, mungu ugaah heregsel, uzel surtalin surgulduuni gol uduugch, huni tarhi ugaah arga zereg olon helbereer ashiglagdah bolson itgehed hetsuu… buu bolgono geel zunduu mungu, lam gej neg hund zasal ntr geel jil bolgon ail urhud zunduu mungu tuluul ydaj ted nar ni tariftai, christ sum geel olson orloginho 10huvig tuluul… odoo bas ynz buriin ursgaludin talaar shuugial bn
    medehgui yumdaa ene uneher ariun shutleg mun um bolovudaa shashin shutel gej yu yumbe yunas uussen ter filsofi-oos ni ehleed tsag hugatsaani turshid yaj uurchlugduj irsen zeregig sain sudalj bj, ene budda christ islamiin mash olon ursgal bdgiig ylgaj salgaj sain bodoj bj l shashin shutlegee songoh ni zuitei bolovu

Comments are closed.