Шашны аялал жуулчлал

Нийтлэл оруулаагүй удсанд уншигчдаасаа уучлал хүсье. Хамгийн сүүлийн нийтлэлээсээ хойш бараг жил өнгөрөх дөхсөн байна. Энэ удаад блогийн статистикт хамгийн олон хүсэлттэйгээр бүртгэгдсэн шашны аялал жуулчлалын асуудалд холбогдох нэгэн хамтын бүтээлийг оруулж байна. Хэрэв уг өгүүллийг хуулбарлан ашиглахыг хүсвэл зохиогчдын эрхэд хүндэтгэлтэй хандан эх сурвалжийг заавал дурдаж байна уу.

*  *  *

Аялал жуулчлал эхлэн хөгжсөн анхны гарааны цэгийг тодорхойлох нь амаргүй ч хэрэв хүн өөрийн байнга оршин суух газраасаа тодорхой зорилгоор өөр тийш хийж буй шилжилтийг аялал жуулчлал гэж үзвэл эртний Грек, Ромын  эзэнт гүрний үеэс эхлэлтэй гэж үзэж болох юм. Энэ үеийн аялал жуулчлалын үндсэн хэлбэр нь худалдааны болон газар зүйн зорилгод чиглэгдэж байсныг бид түүхээс мэднэ. Үүнээс гадна хүн төрөлхтнийг аялалд түлхэж байсан нэгэн хүчин зүйл бол яах аргагүй шашин шүтлэг юм.

Шашин бол соёлын нэг элемент төдийгүй өөртөө соёлын элементүүдийг агуулж байдаг. Шашны соёл нь өөртөө нэгдмэл нарийн бүтэцтэй, нийгмийн дэд системийн хувьд нийгэм-соёлын хүрээг хамарч байдаг. Энэ утгаараа соёлын аялал жуулчлалын нэг хэсэг нь шашинд яах аргагүй хамаарах юм. Шашны соёл өөртөө дараах хэд хэдэн элементүүдийг агуулж байна:

  1. Бэлгэ тэмдгийн элемент. Шашин бол өөрийн үзэл сургаалыг гол төлөв бэлгэ тэмдгээр дамжуулан илэрхийлж хүний үйл амьдралд нөлөөлөх чадвартай байдаг. Тухайлбал, бурхан бол аврагчийн бэлгэ тэмдэг юм.
  2. Үнэлэмжийн элемент. Энэ бол хүний хэрэгцээ, ашиг сонирхлыг хангах үнэт чанар болно. Энэхүү үнэт чанараараа дамжуулан шашин хүний оюун санаанд нөлөөлж байдаг.
  3. Хэлний элемент. Шашны хэл бол итгэл бишрэлийг илэрхийлэх шинжийг хадгалдаг бөгөөд гэхдээ бодит юмсын тухай жирийн төсөөлөл биш, харин хийсвэрлэн мөрдөх шинжийг хадгалдаг. Энэ утгаараа баримтын эсрэг шинжтэй.
  4. Ёслол үйлийн элемент. Энэ нь шашны ойлголт, хэв маяг, цогц ойлголтуудыг хүний амьдралд ойртуулан тайлбарлах үйл ажиллагааны нэгдэл болно. Тахил шүтээн, шашны баяр, тэмдэглэлт өдөр зэрэг нь ёслолын элементэд багтах бөгөөд шашны ухамсрыг төрүүлэх шашны соёлын нийтлэг хэлбэр юм. Түүний онцлог нь хүмүүст сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн үйлчлэл үзүүлдэгт оршино.[1]

Эдгээр элементүүд хүний шашны ухамсарыг бүрдүүлэгч үндсэн хүчин зүйл болох бөгөөд энэ нь шашны ариун сургаалыг дэлхий дахинаа түгээх, эсвэл шашны ариун дагшин газруудад тэмүүлэх өдөөгч болж байдаг ажээ.

Эхэн үедээ овог аймгийн хүрээнд шүтэгдэж байсан шашны эртний хэлбэрүүд[2] улс гүрэн, тив дэлхийг дамнан түгсэн дэлхийн шашнууд[3] болж хувирах түүхэн үйл явц шашныг нэг улсаас нөгөөд, нэг тивээс өөр тивд хүргэх түгээн дэлгэрүүлэгчдийн урсгал анхны шашны жуулчдыг бий болгосон.

Шашныг түгээн дэлгэрүүлэгчид[4] шашныг улс гүрэн, тив дамнуулан түгээхдээ мянга мянга шүтэн бишрэгчдийг бий болгосон нь улмаар тухайн шашны үүсэн бий болсон эх нутаг, шашны зүтгэлтнүүдийн намтар, түүхтэй холбогдох дурсгалт газрууд, шашны төвүүдийг зорих шүтэн бишрэгчдийн урсгалыг мөн бий болгожээ.

Дундад зуун бол аялал жуулчлалын хөгжилд шинэ чиглэл, хандлагын зуун байв. Энэ үед шашин шүтлэг аялал жуулчлалын хөгжилд түлхэц өгсөн дараах хүчин зүйлүүд бий болжээ:

1)      Шашин шүтлэг нь хүмүүсийн оюун санааны амьдралын үндэс болж байсан,

2)      Шашинтай уялдан шашны түүхэн соёлыг илтгэсэн уран барилга, сүм хийдүүд, шүтлэгтний төв газрууд олноор бий болж “соёлын аялал жуулчлал” хөгжих суурь болж байлаа.

Судлаач Борис Вукнокийн бичсэнээр “Холи Ланд[5] хүрдэг мөргөлийн зам нь орчин үеийн багц аяллын эртний хэлбэр байсан” гэж тодорхойлжээ.[6] Өөрөөр хэлбэл тэрхүү мөргөл нь аяллын үед зорчих тээвэр, хоол, байрны үнийг бүхэлд нь багтаадаг байв.

Аялал жуулчлал өсөн нэмэгдэхийн хэрээр түүний төрөл ангиуд ч тэр хэрээр нэмэгдэн, тэдгээрийг системчлэн, тодорхой бүтэц дараалалд оруулахыг зорих болсоноос шашны аялал жуулчлалын нэршилийн асуудлыг нэг мөр цэгцлэх шаардлагатай тулгарчээ.

“Шашны аялал жуулчлал” гэсэн нэр томъёо энэ төрлийн жуулчлал анх дэлгэрч эхэлсэн дундад зууны үеэс эх үүсвэртэй. Анх шашныг түгээн дэлгэрүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрт одогч лам санваартнуудыг Христийн шашны Хуучин гэрээнд дурьдагддаг “дал модны мөчрийг хүргэж ирсэн тагтаа”-тай зүйрлэн нэрлэснээр латины palma (ялалтын мод) гэсэн үгнээс гаралтай “паломник” буюу мөргөлчин гэсэн утгатай үг бий болсон гэж үздэг.[7]

Өдгөө шашны аяллыг “Оюун санааны аялал”[8], “Мөргөлийн аялал”[9], “Шашны аялал”[10] гэх зэргээр олон янзаар нэрлэх болсон бөгөөд олон улсын нэршилээр “Шашны аялал жуулчлал” (религоизный туризм, religious tourism) гэдэг албан ёсны нэр томъёог 1991 оноос хэрэглэх болсон байна.[11]

Үүнээс үндэслээд шашны зорилгоор шашны ариун газрууд болон шашны төвүүдээр жилээс илүүгүй хугацаагаар зорчиж буй жуулчныг шашны жуулчин, эдгээр газруудад зохион байгуулагдаж буй аялал жуулчлалын үйлчилгээг “шашны аялал жуулчлал” гэж нэрших болсон байна.[12]

Өнөө үед шашны аялал жуулчлалын хоёр үндсэн төрөл хөгжиж байна. Үүнд:

  1. Шашны мөргөлийн аялал жуулчлал
  2. Шашны зорилготой аялал жуулчлал

Шашны мөргөлийн аялал жуулчлал

Шашны мөргөл гэдэг бол шашны бүтцийн нэг элемэнт болох шашны зан үйлийн нэг хэлбэр юм. Улс үндэстэн бүр өөрийн онцлогоос хамааран шашны зан үйлийн янз бүрийн хэлбэрийг бий болгосон байдаг. Аливаа шашны зан үйлийг авч үзэхэд ерөнхийдөө хоёр үндсэн хэлбэрээр явагддаг гэж судлаачид үздэг.[13]

  1. Тахил шүтээнгүйгээр явуулах шашны зан үйл
  2. Тахил шүтээнтэйгээр явуулах шашны зан үйл

Тахил шүтээнгүйгээр явуулах зан үйл нь тахил шүтээн, шүтэн бишрэхүйн эх сурвалжийг боловсруулах, шашны сурталчилгаа явуулах, шашны ёсыг заан сургах  үйлийг хамруулан авч үздэг байна.

Тахил шүтээнтэйгээр явуулах зан  үйл нь шашны ном, сургаалыг амьдрал дээр хэрэгжүүлэх үйл явц юм.[14]

Шашны мөргөлийн аялал жуулчлалд хамрагдагсад тухайн шашны үнэнч шүтэн бишрэгч, сүсэгтнүүд байдаг бөгөөд энэ утгаараа тэдний сонирхол, зорилго, зорих газар нь шашны зан үйлтэй шууд холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл сүсэгтний сэтгэл зүйн онцгой байдал нь энэхүү аялал жуулчлалын төрөл хэлбэрт хөтөлдөг байна. Иймдшашны мөргөлийн аялал жуулчлал гэдэг маань “шашны мөргөл үйлдэх болон шашин түүнтэй холбоотой соёл зан үйлийн талаар тодорхой мэдлэг, мэдээллийг олж аван оюуны хэрэгцээгээ ханган аялж буй хүний танин мэдэхүйн үйл ажиллагааны нэг хэлбэр” юм.

Дээрх хоёр зан үйлийн хэлбэрээс хамааран шашны мөргөлийн аялал жуулчлалын хоёр хэлбэр бий болсон байна. Үүнд:

  1. Зан үйл голлосон шашны аялал /мөргөл, бясалгал, даяан хийх гэх мэт/
  2. Дэлгэрүүлэх үйл голлосон шашны аялал /сурах, сургах, түгээх, дэлгэрүүлэх гэх мэт/

Зан үйл голлосон шашны аялал нь гол төлөв шашны мөргөл, бясалгал, даяан хийх гэх мэт тухайн сүсэгтнээс тахил шүтээний оролцоотой хийж буй зан үйлд суурилсан аялал жуулчлалын хэлбэр юм.

Шашны томоохон төвүүд болсон Мекка, Ватикан, Энэтхэгийн болоод Төвдийн бурханы шашны сүм хийдүүд, Энэтхэгийн ариун дагшин газрууд болох Ганга мөрөн, Варанасын сүм хийдүүд өнөөг хүртэл дэлхийн мянга мянган сүсэгтнүүдийг даллан дуудсаар байна. Эдгээр газруудад сүсэгтнүүд мөргөлийн зан үйлээс гадна, бясалгал, даяан хийх зэрэг шашны сургаал номлолыг даган баримтлах шинж чанартай зан үйлүүдийг үйлддэг.

Тухайлбал, МЭ VII зууны дунд үед Арабт үүссэн Исламын шашны таван тулгуурын нэг болох Хажийн их мөргөлийн зан үйл нь исламын мянга мянган сүсэгтнийг Саудын Арабт авчирдаг.

Хаж мөргөлийг зуль-хижа (исламын цаг тооны бичгийн 12-р сар) сарын эхний арван хоногт багтааж (7-10-нд) мусульманчуудын ариун шүтээн нь байрласан, ислам шашны өлгий нутаг болох Мекка хотод очиж үйлддэг. Хаж мөргөлийн гол зан үйлүүдийг Мухаммад 632 онд Меккад ирж сүүлчийн удаа их мөргөл үйлдэхэд өөрөө гүйцэтгэж, зааж тодорхойлсон гэдэг. Хожим нь түүнийг ислам шашны суртал номлол, эрх зүйн гол чиглэлийн төлөөлөгчид нарийвчлан журамлаж тогтоосон байна. Хаж мөргөлийн үед гүйцэтгэдэг гол зан үйл, ёслолууд нь арабууд ба еврейчүүдийн цаад нийтлэг уг удам гэгддэг Ибрахимын (Абраам) үйл амьдрал ба түүний гэр бүлийнхний Меккад байх үеийн амьдралын зарим дурсгалт үйл явдлыг шашны зан үйлийн хэлбэрээр бишрэл хүндэтгэлээр сэргээн дүрслэж үйлдэж буй утга агуулгатай юм.

Хаж мөргөл үйлдэх үүрэг зорилгын талаар Коранд заажээ. Насанд хүрсэн, бие эрүүл, ухаан ухамсар хэвийн, хөрөнгө чинээтэй эр эм мусульман хүн амьдралдаа Меккад очиж хаж мөргөл үйлдэх ариун үүрэгтэй. Ядуу доодсоо, тахир дутуу, өвчин эмгэгтэй хүмүүс эл үүргээс чөлөөлөгдөнө. Өөрөө хаж мөргөл үйлдэх бие бялдар, эрүүл мэндийн боломжгүй боловч хөрөнгөтэй хүн замын зардал, хөрөнгийг гаргаж өөрийг нь төлөөлсөн хүнийг хажид явуулж болно.

Хаж мөргөл үйлдэх хүсэл зорилготой мусульманчууд эх орон, нутаг газар нь Меккад хол ойр, аян зам нь аюулгүй эсэх, унаа тээврийн байдлыг нягтлан анхаарах  шаардлагатай ажээ. Орчин үеийнх шиг тээвэр холбоо хөгжөөгүй байсан өнгөрсөн зуунуудад мөргөлчид бүтэн жил, олон сараар урт бэрхшээлтэй зам туулж Меккад хүрдэг, багагүй хэсэг нь замдаа олон янзын шалтгаан, осол, золгүй явдлаар амь үрэгддэг байв.

Харин өдгөө тус зан үйлийг үйлдэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 2-5 сая орчим мөргөлчид тус газрыг зорьдог бөгөөд тэр хирээрээ сүсэгтнүүдийн аюулгүй байдал, тэдэнд зориулах үйлчилгээний хүртээмж зэргийг урьдаас нарийн тооцож бэлтгэдэг болсон байна.

Шашны зан үйл голлосон аяллыг зохион байгуулалтын хувьд:

  1. Хувийн
  2. Гэр бүлийн
  3. Бүлгийн гэсэн үндсэн гурван хэлбэрт хувааж авч үзэх бөгөөд харин үргэлжлэх хугацааны хувьд урт хугацааны болон дунд хугацааны гэж ангилна.

Шашны зан үйл голлосон аялал нь сүсэгтний оюун санаа, сэтгэл зүйн онцгой нөхцөл байдалд суурилах бөгөөд энэ утгаараа заавал жуулчид тухайн шүтдэг шашныхаа ариун дагшин газруудаар зорчоод зогсохгүй оюун санаа, сэтгэл зүйн өвөрмөц төлөв байдалд оруулж болох бусад шашны ариун газруудыг ч сонгодог. Тухайлбал, Христийн шашин өргөн дэлгэрсэн Хойд болон Өмнөд Америк, Хойд Европ, Орос болон ТУХН-ийн гишүүн орнуудын жуулчид, өөрсдийн сүсэг бишрэлийн холбоо хамаарал багатай Дорнын орнууд, тухайлбал Энэтхэг, Хятад, Төвд, Балба, Японыг зорьдог нь энэ төрлийн аялал жуулчлалд хил хязгаар үгүй болсныг харуулж байгаа юм.

Үүнийг дагаад шашны зан үйлийг үйлдэх, бясалгал, даяан хийхэд зориулан аяллын тусгай хөтөлбөрүүд боловсруулаад зогсохгүй энэ төрлийн жуулчдад зориулсан бясалгалын болоод йога, философи, шашны сургалтын төвүүдийг үйлчилгээний чанарын өндөр түвшинд байгуулдаг болсныг Энэтхэг улсын жишээнээс харж болно.

Мөн түүнчлэн шашны зан үйл голлосон аялал нь бусад аяллын төрлүүдтэй хавсран өвөрмөц аяллын төрлүүдийг бий болгодог байна. Тухайлбал, өвчин болгоны үндэс нь хүн болоод ертөнцийн энергийн зохицолдлогоо алдагдсанаас болдог гэж үздэг Энэтхэгийн аюурведийн төвүүд нь дотоодын иргэдээс гадна гадаадын жуулчдыг маань, тарнийн аргаар эмчилгээ хийдэг бөгөөд нэг талаас энэ оюун санааны эмчилгээ, нөгөө талаас шашны зан үйлийн шинжийг агуулснаараа эмчилгээ, сувилгаа – шашны аяллын хавсарсан аялал гэж үзэж болох юм.

Бас нэгэн жишээ дурдвал, Хятад дахь Цигуны урлаг[15] нь нэг талаас хүнийг амьдралын энергиэ нөхөж авахад туслах ухаан боловч нөгөө талаас шашны сургаал, номлол дээр суурилснаар спорт эмчилгээ – шашны хавсарсан аяллын хэлбэр юм.

ОХУ-ын судлаач А.Ю.Александрова шашны мөргөлийн аялал жуулчлалын бүс нутгийг дараах байдлаар ангилан авч үзсэн байна.[16]

–          Үнэн алдартны шашин бүхий орнууд: ОХУ, Украин, Белорусс, Молдави, Гүрж, Грек, Болгар, Румын гэх мэт.

–          Христийн шашны протестант урсгал бүхий Хойд Америкийн орнууд,

–          Христийн шашин болон нутгийн иргэдийн шүтлэг бүхий Өмнөд Америкийн орнууд,

–          Исламын шашин бүхий Хойд Африкийн орнууд,

–          Христийн шашин, исламын шашин болон нутгийн иргэдийн шүтлэг бүхий Зүүн болон Баруун Африкийн зарим орнууд,

–          Христ, Ислам, Иудаизмын зарим урсгалууд бүхий Баруун Азийн зарим орнууд

–          Индуизм, Ислам, Буддын шашин, Христийн зарим урсгалууд, Сихизм, Жайнизм бүхий Өмнөд Азийн орнууд,

–          Ислам, Буддын шашин, Христийн шашин, Индуизм бүхий Зүүн Өмнөд Азийн орнууд,

–          Буддын шашин, Күнзийн сургаал, шинтоизм, христийн зарим урсгал, исламын шашин бүхий Зүүн Азийн орнууд,

–          Исламын шашин давамгайлсан Дундад Азийн орнууд, Буддын шашин давамгайлсан Төв Азийн орнууд (Төвд гэх мэт.)

Шашны зорилготой аялал жуулчлал

Шашны аялал жуулчлалд оролцогчид нэг талаас тухайн шашныг шүтэн бишрэгчид байж тэрхүү шашны зан үйлд оролцож байдаг бол нөгөө талаас тэрхүү зан үйл, арга хэмжээг үзэж сонирхож буй хэсэг байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээр жуулчид шашны зан үйлийг үзэж сонирхохоос гадна шашны обьектууд, шүтлэгийн болоод дурсгалын барилга, байгууламжууд, мөн шашны холбогдолтой эд зүйлс бүхий музей, үзэсгэлэнг үзэж сонирхох зорилготой байдаг. Тэд мөн загалмайлах, бясалгал хийх зэрэг шашны зарим зан үйлд биечилж оролцох сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл шүтдэг шашнаасаа өөр шашны зан үйлийг сонирхон жуучлагчид энэ төрлийн аялал оролцох нь түгээмэл.

Хэдий тийм ч зарим нэгэн шашны хувьд зөвхөн тухайн шашны сүсэгтнүүдийн хувьд л нээлттэй байдаг нь энэ төрлийн жуулчдын хувьд хүндрэлтэй байдал үүсгэдэг. Тухайлбал Меккад болдог Исламын шашны Хажийн их мөргөлд зөвхөн ислам шашинтан оролцох ёстой, мөн Энэтхэгт байх зарим хиндуизмын сүмүүд нь зөвхөн хиндуистуудын өмнө л нээлттэй байдаг.

Шашны зорилготой аялал жуулчлалыг мөргөлийн аялал жуулчлалаас ялгах нэг ялгаа нь энэ төрлийн жуулчидын хувьд аяллын зөвхөн нэг хэсэг нь шашны аялал байж болох бол мөргөлийн жуулчдын хувьд тэргүүн зорилго нь шашин, итгэл бишрэлийн хэрэгцээгээ хангах явдал байдаг.

Шашны аялал жуулчлал нь нэг талаар сүсэг бишрэлтэй нягт уялдах боловч нөгөө талаар шинжлэх ухааны судалгаанд чухал хувь нэмэр болдог. Шашин судлаачид болон бусад холбогдох мэргэжлийн судлаачид шашны өв, гар бичмэл, археологийн дурсгалууд, тахил шүтээний эд зүйлс зэрэг шашны баялаг өв уламжлал бүхий орнууд руу жуулчилдаг бөгөөд эдгээр орны тоонд Хятад, Энэтхэг, Япон, Египт, Турк, Иран, Грек, Итали, Төв Америкийн орнууд ордог байна.

Шашны аялал жуулчлалын сүүлийн гуч орчим жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа салбар юм. Ялангуяа 1990-ээд оноос хоёр зууны зааг хүртэлх хугацаанд энэ төрлийн аялал жуулчлал хамгийн оргил цэгтээ хүрч байжээ.

RCMA олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар 1994-2006 оны хооронд зөвхөн шашны холбогдолтой олон улсын хурал чуулганд оролцох зорилгоор аялагсдын тоо 4.4 саяаас 14.7 сая болтлоо өсөн нэмэгдсэн байна.[17] 2006 онд Ватиканд шашны мөргөлчдийн тоо хэмжээ 4.4 саяд хүрч эрс өссөн.

Ялангуяа хоёр зуун, хоёр мянганы зааг дээр Лоурдэс (Франц), Фатима (Португаль), Сан Жиованни Ротондо (Итали), Ассисс (Итали), Кантербюрийн Сүм (Их Британи), Женев (Швейцарь), Германы шинэчлэгчдийн өлгий нутаг, Апостол Паулын аялж байсан Грек, Турк дахь христийн шашны ариун газрууд, Христийн шашны үүссэн нутаг болох Иордан, Израйл нь Европ болон Америкийн сая сая жуулчдын зорих газар болсон байна.

Дэлхийн шашны аялал жуулчлалын хандлага хэд хэдэн төрөлд хуваагдан хөгжиж байна. 1979 онд богино хугацааны шашин дэлгэрүүлэх аяллын хөтөлбөрт жилдээ 25000 орчим оролцогчид оролцдог байсан бол өнөөдөр энэ тоо 1.6 сая болж өссөн байна. Мөн жил бүр 55 сая америкчууд сайн дурын буяны үйл ажиллагаа бүхий аяллын бүлэгт хамрагдан жуучлах болсон аялал жуулчлалын салбарт тэсрэлтийн чанартай үйл явц байв.

Энэ үйл явцын цаад шалтгаан гурван үндсэн шалтгаантай:

  1. Дэлхийн жуулчдын ихэнхи хувийг эзэлдэг АНУ-ын жуулчидын тоо эрс өссөн. Бүр тодруулбал сүүлийн 10 орчим жилийн дотор ганц бие жуулчин америкчуудын тоо даруй 50  хувиар өсчээ.
  2. Тэдгээр аялагчдын дийлэнхи хувийг сүсэгтэн хүмүүс эзэлж байв. Ялангуяа христийн шашин итгэгчдийн тоо АНУ-д сүүлийн 10 жилд 10 орчим саяаар нэмэгдсэн байна.
  3. Орчин үед хүмүүс сүсэг бишрэлээ өөрийн өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг зорих болсон байна. Энэ зорилгоор тухайн шашны ариун газруудад зорчих, суралцах, мөргөл үйлдэхээр шашны төвүүдийг зорьдог байна.[18]

Өнөөдөр шашны аялал жуулчлал нь 300 сая орчим жуулчдыг хамран 18 тэрбум америк долларыг дэлхийн олон улсын эдийн засагт оруулж байна. Зөвхөн Хойд америкт гэхэд 10 тэрбум орчим америк долларыг тус тивийн улс гүрнүүдийн сан хөмрөгт оруулдаг байна. АНУ-ын Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн холбоо жил тутмын илтгэлдээ, 2007 оны 11 дүгээр сарын байдлаар дөрвөн америк жуулчны нэг нь “оюун санааны амралт” буюу шашны аялал жуулчлалыг сонгож байна гэж дурджээ.[19]

Мөн түүнчлэн АНУ-ын шашны 50 000 орчим байгууллага, сүм хийдүүд жуулчдад зориулсан ямар нэгэн хөтөлбөртэй гэсэн судалгааг уг холбоо хийжээ.

Түүгээр ч зогсохгүй өмнө нь хямд төсөр гэж нэрлэгддэг байсан энэ ангиллын аялал нь өдгөө тэргүүн зэргийн буюу нэгдүгээр зэрэглэлийн аяллын хөтөлбөрийг өөртөө багтаах болсон нь гайхалтай.[20]

Өмнө нь шашны аялал жуулчлал нь дээр дурдсан хоёр төрлийн хүрээнд шашин дэлгэрүүлэх болон мөргөлчдийн гэсэн хоёр хэлбэртэй байсан бол өдгөө дараах 10 сегмент бүхий аяллын хэлбэрүүдтэй болжээ. Үүнд:

Шашны мөргөлийн аялал жуулчлал

  • Мөргөл
  • Шашин дэлгэрүүлэх
  • Бясалгалын
  • Шашны кампууд
  • Сайн дурын

Шашны зорилготой аялал жуулчлал

  • Хурал, чуулганд оролцох
  • Танин мэдэхүйн
  • Адал явдал, идэвхитэй амралт
  • Оюутан, залуучуудын
  • Гэр бүлийн[21]

Одоо энэ сегмент тус бүрийг задлан тайлбарлая.

1. Мөргөл

Шашны аялал жуулчлалын үйлдвэрлэлийн гол амин сүнс нь мөргөл юм. Мөргөл аяллын ихэнхи хувийг Европ болон дундад азийн Ариун газрууд (Иордан, Израйл) эзэлдэг. Өмнө нь энэ төрлийн аялалыг бага болон дунд зэрэглэлийн тур операторууд зохион байгуулдаг байсан бол одоо зах зээлийн багтаамж ихэссэнтэй холбогдон томоохон компаниуд ч зохион байгуулах болсон байна. Зөвхөн христийн шашны мөргөлчид гэхэд л зах зээлийн 70-аас дээш хувь буюу 150-200 саяд хүрсэн байгаагаас үзэхэд энэ төрлийн аялал нь бусад аяллын төрлүүдээсээ хамгийн өргөн цар хүрээг хамарч чадаж байгаа юм.

2. Шашин дэлгэрүүлэх

Шашны аялал жуулчлалын хамгийн түгээмэл хэлбэрийн нэг бол шашин дэлгэрүүлэх аялал юм. Хувь хүн болон бүлгээр жуучлагсад гол төлөв гадны орнуудын нутгийн иргэдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх замаар шашин дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах аяллыг энэ хэлбэрийн аялалд хамааруулан авч үздэг. Шашин дэлгэрүүлэх аялал нь удаан хугацааны болон богино хугацааны гэсэн төрлүүдтэй

3. Бясалгал

Бясалгал хийх, нам тайван орчинд амрах, шашны сургаал номлол сурах зорилгоор Европын болон АНУ-ын олон сая жуулчид энэ хэлбэрийн аяллыг сонгодог. Тэдэнд зориулан тусгай зориулалттай бясалгалын болон сургалтын төвүүд Энэтхэг, БНХАУ, Төвд зэрэг дорны шашин, соёлын томоохон төвүүдэд олноор байгуулагдсан байдаг.

4. Шашны кампууд

АНУ-ын христийн шашны 120,000 орчим сүм хийдүүд Христийн камп хэмээх арга хэмжээнд хамрагддаг бөгөөд 4 сүм бүрт нэг камп ногддог байна. Энэ арга хэмжээний хүрээнд христийн шашны залуу сүсэгтнүүдийг хүмүүжүүлэх, сургаал номлолоо заах үйл ажиллагааг тус кампууд зохион байгуулдаг.

5. Сайн дурын

Сүсэгтнүүд мөргөл үйлдэх, шашин дэлгэрүүлэх үйлсийн хажуугаар ядуу буурай, хөгжил дорой орнуудын ард иргэдэд туслах зорилгоор энэ хэлбэрийн аяллыг сонгодог бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа юм.

6. Хурал чуулганд оролцох

Шашны зан үйлийн бус арга хэмжээнүүд, тухайлбал шашны сургаал, номлолын агуулгыг тайлбарлах, бусад улсын сүсэгтнүүдтэй санаа бодлоо хуваалцах зорилготой аяллын хэлбэр. RCMA олон улсын байгууллагын мэдээлэл ёсоор жил бүр ойролцоогоор 17,000 орчим шашны хурал, чуулган, уулзалтад 15 сая орчим оролцогчид оролцдог байна.[22]

Нэг жишээ дурдахад,  Америкийн Үндэсний баптистуудын чуулга уулзалтад 50,000 орчим оролцогчид оролцож байсан байна.

7. Танин мэдэхүйн

Шашин өөртөө танин мэдэхүйн болоод соёлын асар их өв сан, баялгийг агуулж байдаг. Тэрхүү баялаг өв санг танин мэдэх, судлах зорилгоор шашин судлаачид, урлаг судлаачид, археологичид, түүхчид зэрэг шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэд энэ чиглэлийн аяллыг өргөн сонгодог.

8. Адал явдал, идэвхитэй амралт

Хэдийгээр энэ төрөл нь шашны аялал жуулчлалд төдийлөн том байр суурь эзэлдэггүй боловч шашин, сүсэг бишрэлийн хувьд ижил сонирхолтой бүлэг аялагчдын дунд зохиогддог спорт аялал жуулчлалын хэлбэрүүд бий болсоор байна.

9. Оюутан, залуучууд

Зөвхөн АНУ-ийн хэмжээнд шашны 10 000 орчим ахлах сургууль, коллежууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрт суралцаж буй 3 сая орчим оюутан залуус шашны аялал жуулчлалын зах зээлийн нилээдгүй хэсгийг бүрдүүлдэг байна. Эдгээр сургуулиуд нь ажил хэргийн болоод шашин, сүсэг бишрэлийн харилцаа холбоотой байдаг хилийн чанад дахь сургуулиудад шашны боловсролын чиглэлээр жил бүр 10000 – 40000 орчим оюутан залуусыг илгээдэг байна.[23]

10. Гэр бүл

Аливаа хүн гэр бүлийн үе уламжилсан сүсэг бишрэлээс шашны тухай анхны ойлголттой болдог. Тэр утгаараа гэр бүлийн гишүүд шашин сүсэг бишрэлийн хувьд нэг байх нь түгээмэл юм. Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй өнөө үед сүсэг бишрэлийн хэрэгцээгээ хангах, өсвөр насны хүүхдүүддээ шашны боловсрол, хүмүүжил олгох зорилгоор шашны ариун газрууд, мөргөлийн газруудыг зорих жуулчдын бүлэг бий болсон байна.

Өдгөө дэлхий дээр 4300 орчим төрөл хэлбэрийн шашин шүтлэг оршин буй бөгөөд дэлхийн нийт хүн амын 68.08-88.74 хувь[24] (4.541 – 5.920 тэрбум хүн)  нь ямар нэгэн хэмжээгээр шашин шүтдэг байна.[25] Дэлхийн шашин шүтэгчдийн өнөөгийн байдал дараах байдалтай байна.

Дэлхийн шашин шүтэгчдийн байдал[26]

Шашин Шүтэгчдийн тоо
Христийн шашин /Католик, Протестант, Үнэн алдартны болон шинэ урсгал, хөдөлгөөнүүд/ 2.1 тэрбум
Исламийн шашин /Суннит, Шиитүүд болон бусад урсгал чиглэлүүд/ 1.5 тэрбум
Хиндуизм 900 сая
Хятадын уламжлалт шашнууд / Күнзийн сургааль, Дао/ 394 сая
Буддизм /Их, бага, очирт хөлгөн, Чан, Зэн буддизм/ 376 сая
Бөөгийн шашин 300 сая
Африкийн шашин шүтлэг 100 сая
Сихизм 23 сая
Спиритизм 15 сая
Иудайн шашин 14 сая
Бахайн шашин 7 сая
Жайнизм 4.2 сая
Шинто шашин 4 сая
Као Дай /шинэ шашны хөдөлгөөн/ 4 сая
Зороастрианизм 2.6 сая
Тенрико 2 сая
Шинэ паганизм 1 сая
Унитаризм 800,000
Расфарианизм 600,000
Нийт 5.8892 тэрбум

Шашин шүтлэг нь соёлын ялгаанаас үл хамааран овог, аймгийн хэмжээнээс халин угсаатан, улс орон, тив, дэлхийг хамарсан байгаа нь түүний цар хүрээ хичнээн өргөн байгааг харуулж байгаа юм.

1980-аад оны дунд үеэс дэлхий дахины өөрчлөлт, зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр Монголд шинэ сэтгэлгээ, ардчиллын үзэл санаа нийгэмд дэлгэрч эхэлсэн нийгмийн бүхий л хүрээнд, тэр дундаа шашин шүтлэгийн салбарт мэдрэгдэж эхэлсэн юм. Эрх баригч нам, төрийн зүгээс шашны талаарх хатуу байр сууриа зөөллөж, сүсэгтнүүдийн эрэлт хэрэгцээнд нааштай хандах болсны илрэл нь 1990 оны 2-р сард гарсан АИХ-ын тэргүүлэгчдийн 10-р тогтоол юм. Энэ тогтоолоор Эрдэнэ зуу, Амарбаясгалант, Шанхын хийдийг сэргээн засварлаж, мөргөл шүтлэгийн үйл ажиллагаа явуулах, түүнчлэн Баян-Өлгий аймагт мечет байгуулж ажиллуулахыг албан ёсоор төрөөс хүлээн зөвшөөрч, дэмжин туслах арга хэмжээ авахыг заасан билээ. Энэ бол Монголд шашны байгууллагуудын үйл ажиллагаа сэргэн идэвхжихэд чухал түлхэц буюу эхлэл болсон юм.

1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл явц нь монгол иргэдийн шашин шүтлэгийн байдалд ч эргэлтийн чанартай нөлөө үзүүлжээ. Үүнийг ШУА-ийн ФСЭХ-ээс 1972-1989 онуудад явуулсан судалгаа болон 1992, 1993, 1994, 1996, 1998, 2003 онуудад МУИС, ШУА, Төр нийгэм судлалын академи, бусад судалгааны төвүүд зэрэг газруудаас олон нийтийн санаа бодол болон шашины асуудлаар дагнан явуулсан судалгааны дүн мэдээллээс харж болно.[27]

Тэгвэл сүүлийн жилүүдийн судалгааны дүнгээс  61,4% нь буюу арван хүн тутмын зургаа нь өөрийгөө аль нэг шашинд хамаатуулан ямар нэг хэмжээгээр шүтлэг бишрэлтэй[28], үүний 53,0% нь өөрийгөө Буддын шашинтан хэмээн тодорхойлж байна дэлгэрэнгүйг “Тоон мэдээ: Монгол Улсын хүн амын шашин шүтлэг (2010 оны байдлаар)” нийтлэлээс үзнэ үү).

Монгол орны хувьд эртний түүхээр баялаг орон. Тэр дундаа Буддын шашин дэлгэрсэн, шашны болон түүхийн маш сонирхолтой сан хөмрөг, дурсгал бүхий орон юм. Өдгөө манай оронд Буддын шашны 200 гаруй сүм хийдүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүний хажуугаар олон арван эртний сүм хийдүүдийн туурь балгас, байгалийн үзэсгэлэнтэй газруудтай хослон оршдог.

Энэ утгаараа дээр дурдсан Монголын Бурханы шашинтнуудын сүсэг бишрэлийн хэрэгцээг хангаж, дэлхий дахинаа соёлын аялал жуулчлалын нэгэн өвөрмөц хэлбэр болоод байгаа шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоо бий болоод байгаа юм.

Шашин судлаач Ж.Алтайбаатар

Судлаач Р.Бадрал


[1] Яблоков И.Н., Религиоведение. М., 1998

[2] Фетишизм буюу Цалиг шүтлэг, Тотемизм буюу онгон шүтлэг, Маги буюу Дом шүтлэг, Анимизм буюу Амьдчилах үзэл

[3] Буддын ба Христ, Исламын шашнууд

[4] Нэг үгээр хэлэхэд “миссионерүүд”

[5] Христийн шашинтнуудын “Ариун газар” буюу Иерусалим хот (зох.)

[7] Христов Т.Т., Религиозный туризм, М., Академия:, 2003, стр. 8-9

[8] Spiritual tourism

[9] Паломнический туризм

[10] Religiuos tourism

[11] 1991 онд Канадын Оттава хотноо болсон Аялал жуулчлалын статистикийн олон улсын бага хуралд ОХУ-ын судлаач А.Ю.Александрова шашны зорилгоор жуулчлагчдын талаар хөндсөнөөр энэ нэр томъёо Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайлангуудад дурдагдах болсон байна.

[12] Христов Т.Т., Религиозный туризм, М., Академия:, 2003, стр. 8-9

[13] Яблоков И.Н., Религиоведение. М., 1998

[14] Яблоков И.Н., Религиоведение. М., 1998

[15] Шаолины үзэл сургаал дээр суурилсан амьсгалын дасгал

[16] Христов Т.Т., Религиозный туризм, М., Академия:, 2003, стр. 13

[18] АНУ-ын Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн газраас (U.S. Office of Travel and Tourism Industries) гаргасан тоон мэдээгээр  шашны зорилгоор аялагч америкчууд 2002 онд 491,000 байсан бол 2005 онд 633,000 болж өссөн (30%-иар) байна.

[19] Annual report, The Travel Industry Association of America, Nov. 2007

[20] Kevin Wright, Religious Tourism, Leisure group travel special edition, Nov. 2007, p. 8

[21] Kevin Wright, Religious Tourism, Leisure group travel special edition, Nov. 2007, p. 8

[23] Kevin Wright, Religious Tourism, Leisure group travel special edition, Nov. 2007, p. 8

[24] Шашин шүтэгчдийн тоог тухайн сүм хийд, шашны бүлгүүдэд бүртгэлтэй сүсэгтний тоогоор гаргасан бөгөөд ингэхдээ тухайн шашны байгууллагын өөрийн мэдээлэл дээр үндэслэсэнийг анхаарна уу.

[25] Энэхүү мэдээллийг дэлхийн шашин шүтлэгийн статистик мэдээллийг нэгтгэн гаргадаг www.adherents.com цахим хуудаснаас авав.

[27] 1992 оны Х сард МУИС-ийн социологийн тэнхим, Японы “Асахи” сонины газартай хамтран явуулсан санал асуулгын судалгааны дїн //АЭ, 1992, №180; мєн онд ФСЭХ-ээс явуулсан “Улс орны амьдрал, олон тїмний санал бодолд” сэдэвт судалгаа, 1993 онд Тєр, нийгэм судлалын академи /ТНСА/-с зохиогчийн явуулсан “Шашин шїтлэг” сэдэвт судалгаа, мєн онд МЇАН-ын дэргэдэх судалгааны тєвєєс явуулсан /Ц.Хурцбилэг/ санал асуулга судалгаа; 1994 онд “Монгол дахь шашин шїтлэг” тєслийн хїрээнд хийсэн социологийн судалгаа; 2003 онд Монгол Улсын Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн Ажлын албаны захиалгаар гүйцэтгэсэн “ХХI зууны эхний Монгол дахь шашин шїтлэг ба їндэсний аюулгїй байдал” сэдэвт олон нийтийн санаа бодлын социологийн судалгаа болон Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын  дүн мэдээ зэргийг дурдаж байна.

[28] 2003 онд Монгол Улсын Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн Ажлын албаны захиалгаар гүйцэтгэсэн “ХХI зууны эхний Монгол дахь шашин шїтлэг ба їндэсний аюулгїй байдал” сэдэвт олон нийтийн санаа бодлын социологийн судалгаанаас авав. Энэ судалгаанаас хойш Монгол Улсын шашин шүтлэгийн нөхцөл байдлын талаар тоймтой, өргөн хүрээтэй судалгаа хийгээгүй байгаа болно.

2 thoughts on “Шашны аялал жуулчлал”

    1. Мэдээж дахиад олон мэдээллүүд оруулах болно. Харин зохиогчдын эрхийг хүндлэн эх сурвалжийг байнга дурдаж байхыг хүсье.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s