Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (дэд хэсэг)

Үргэлжлэл…

Шинэ шашны хөдөлгөөнүүд нь үзэл номлол, зан үйл, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаар өөр хоорондоо ялгагддаг. Хэдийгээр сүсэгтнүүдийнхээ тоогоор дэлхийн томоохон шашнуудтай харьцуулахад гавихгүй мэт боловч урсгал чиглэлийн хувьд хавьгүй олон юм. Соёлын олон янзын ялгаатай байдал, дэлхий нийтийг хамарсан даяарших үйл явц, сэтгэлгээний чөлөөт байдал, шинжлэх ухааны дэвшилтэт нээлтүүд болон хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобаль шинж чанартай асуудлууд нь шинэ шинэ шашны урсгал чиглэл, хөдөлгөөнүүдийг бий болгосоор байна. Эдгээрээс зарим нэг нь зөвхөн угсаатан, улс үндэстний хэмжээнд л үйл ажиллагаагаа явуулдаг бол зарим нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болж чаджээ.

Өрнө дахин дахь шинэ шашны хөдөлгөөн

Дэлхийн төгсгөл – шинэ эринийг хүлээгчид

Христийн шашны үзэл номлолыг эх үндэс болгосон өрнө дахины зарим шинэ шашны урсгалууд дэлхийн төгсгөл удахгүй болж, шинэ дэлхий, шинэ диваажин, шинэ эзэн тэнгэрийн эрин үе эхлэнэ гэж үздэг. Дэлхийн сүйрэл, төгсгөлийн тухай үзэл санаа дэлхийн олон шашинд байдаг боловч энд дурдагдаж буй шинэ шашны хөдөлгөөнүүдийн хувьд Христийн шашны үзэл номлол дээр үндэслэн дэлхийн төгсгөл, шүүлтийн өдөр, Исүс Христийн 1000 жилийн хаанчлалын тухай зөгнөлийг номлол сургаалийнхаа гол цөм болгосон байдаг. Үүний тод жишээ нь XIX зууны дунд үед АНУ-д үүссэн Долоо дахь өдрийн Адвентист болон Иговагийн (Иовын) гэрчүүд юм. Уиллиам Миллер (Долоо дахь өдрийн Адвентист) 1843 болон 1844 онуудад Исүс Христ дэлхийд эргэж ирнэ гэж зөгнөсөн нь биелээгүй боловч энэ бол зөвхөн Миллерийн тооцооны алдаа хэмээн тайлбарласнаар шинэ эринийг хүлээгчдийн зориг мохоогүй юм. Тиймээс ч Адвентистуудын дараа дараачийн удирдагч, зөнчид болон Чарльз Расселийн үүсгэн байгуулсан Иговагийн (Иовын) гэрчүүд шашны байгууллага нь Исүс Христийг дахин дэлхийд морилон ирэхийг тэсэн ядан хүлээсээр байна.

Дорно дахины соёлын нөлөөнд автагсад

Манай эриний хоёр дахь мянганы дунд үеэс өрнө дахины судлаачид Энэтхэгийн шашин шүтлэгийг сонирхож эхэлсэн бөгөөд 19-р зууны үеэс Хиндиузм, Буддизмын сургааль, зан үйлийг харьцангуй өргөн хүрээгээр судлах болсон. Артур Шопенгауер, Хенри Торей, Ральф Вальдо Эмерсон, Фредрих Ницше зэрэг өрнийн сэтгэгчдийн бүтээлд энэтхэгийн философи зохих нөлөөтэй байсан бөгөөд ялангуяа ертөнц Брахман хэмээх ганц бүтээгчтэй гэж үзэх хиндиузмын монизм чухал нөлөөг үзүүлжээ. Энэтхэгийн филосоифийн болон шашны олон үзэл баримтлалыг нэгтгэн өөртөө багтаасан Теософийн нийгэмлэг (Theosophical Society) зэрэг эзотерик бүлгүүдийг энэ чиглэлийн шашны хөдөлгөөнд хамруулан авч үздэг.

Теософи бол шашны философи болон далд ухааны (мистисизм) тухай сургааль бөгөөд Елена Петровна Блаватская (1831–1891), Хенри Стиль Олкотт (1832–1907), Виллиам Кюан Жаж (1851–1896) нар оюун санааны зарчмуудыг улам хөгжүүлэн дэлгэрүүлэх, Үнэнийг буюу Теософийг эрж хайх зорилоготойгоор 1875 онд Нью-Йорк хотод Теософийн Нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Теософийн нийгэмлэгээс салбарлан Агни Иог, Антропософи, Эрх чөлөөний гүүр нийгэмлэг (The Bridge of Freedom), Либерал Католик сүм, Арья самажийн Теософийн нийгэмлэг зэрэг бие даасан урсгал чиглэлүүд бий болсон.

Шинжлэх ухаанд шүтэгсэд: ҮТНБ[1]-д итгэгчид ба Сайентологчид

Шинжлэх ухааны арга, хэрэгсэлээр хараахан нээн тайлбарлаж чадаагүй “шинжлэх ухааны үнэнийг баримтлахыг” зорьдог олон хөдөлгөөнүүд бий. Нотолгоо, үндэслэгээгээр баталгаажсан шинэ сургааль номлолын эрэлд гарсан шашны хөдөлгөөнүүд орчин үеийн ертөнц дэх хамгийн хүчирхэг системтэй мэдлэг бол шинжлэх ухаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч иога болон бясалгалын үр дүн, сүнс болон бурханы оршихуй зэргийг  шинжлэх ухааны арга хэрэгсэлээр батлах, нотлохыг оролддог нь эдгээр бүлгүүдийг “шашны” гэгдэхэд хүргэдэг. Үүний нэг тод илрэл болох ҮТНБ-д итгэгчдийн бүлэг нь огторгуйгаас ер бусын төрөлхтөн газар дэлхий дээр ирсэн тухай номлолыг боловсруулсан бөгөөд дэлхий дээрх харийн гийчид нь хүн төрөлхтөнд оюун ухааны болоод сэтгэлгээний агуу их эрх чөлөөг авчирна гэдэгт итгэдэг байна. 1950-иад онд Даниел Фрай (өөрийгөө холбоо баригч хэмээн нэрлэсэн) гэгчийн үүсгэн байгуулсан “Ухаарахуй” (Understanding, Inc.) нэртэй шашны бүлэг нь “Үл таних нисдэг биетүүд дэлхий дээр энх тайван, амар амгаланг авчирна” гэж үздэг ажээ.

Америкийн уран зөгнөлт зохиолч Л. Р. Хаббард 1952 онд сайентологийг үндэслэжээ. Тэрээр “Сайентологи бол шашин-гүн ухааны сургааль” гэж тодорхойлсон бөгөөд “Сайентологийн аргаар хүний сүнсийг төгс төгөлдөр болгоно” хэмээн тунхаглаж байв. Сайентологийн сургаалийн цөм нь дианетик эмчилгээний аргаар сүнсээ төгс төгөлдөр болгох явдал бөгөөд ингэхийн тулд сайентологийн сүмээс зохион байгуулах олон шатлалт сургалт – эмчилгээнд хамрагдахыг хүмүүст санал болгодог байна. Сайентологийн хамгийн анхны сүм 1955 онд Вашингтон хотод нээгдсэн бөгөөд АНУ, Дани, Канад, Шинэ Зеланд, Франц, Өмнөд Африк зэрэг орнуудад өргөн тархаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Сайентологийн үзэл номлол, үйл ажиллагааны зохион байгуулалт нь яваандаа ашгийн байгууллагын шинжтэй болж ирснээр зарим улсууд (Герман, Бельги, Франц, Ирланд, Их Британи болон Мексик, Израил зэрэг) үйл ажиллагааг нь хязгаарлах болжээ.

Байгальд шүтэгчид: Неопаганизм ба Викка

Неопаганизм болон Викка нь орчин үеийн шинэ шашны урсгалуудыг бодвол амьдралын материалист хандлага, технологийн хэт хөгжил, шинжлэх ухаанаас хамааралт байдалд таагүй хандахын зэрэгцээ хүн төрөлхтнийг байгаль дэлхийн хэмнэлд эргэн нэгдэхийг уриалдаг. Неопаганизм бол Европын олон улс орныг хамарсан шүтлэгийн хэлбэр бөгөөд Христийн шашныг дэлгэрэхээс өмнө оршиж байсан паган шүтлэгийн[2] орчин үеийн хэлбэр юм. Неопаганизм нь АНУ, Их Британи болон эх газрын Европын аж үйлдвэржсэн зарим орнууд (герман хэлт орнууд, Скандинавын орнууд, Славян үндэстэн орнууд гэх мэт), Канадад өргөн дэлгэрсэн бөгөөд неопаганизмын хамгийн том төлөөлөгч нь Викка шүтлэг юм. Үүнээс гадна Неодруидизм, Германы Неопаганизм, Славяны Неопаганизмын томоохон хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Дорно дахин дахь шинэ шашны хөдөлгөөн

Шинэ шашны хөдөлгөөнүүд Өмнөд Ази, Зүүн Ази болон Зүүн өмнөд Азид 19-р зууны дунд үеэс дэлгэрч эхэлжээ. Эдгээр хөдөлгөөнүүдээс цөөн хэд нь маш өргөн хүрээг хамарсан бөгөөд тухайн улс орныхоо нийгэм эдийн засгийн болоод улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Дорнын хэмжээлшгүй баялагт шунан тэмүүлсэн аж үйлдвэржсэн өрнийн орнуудын улс төр, эдийн засаг болон соёлын нөлөө нь 1850-аад оноос эхлэн илүү тод мэдрэгдэж эхэлжээ. Өрнө дахины улс үндэстнүүдийн улс төр, зэвсэгт хүчин, эдийн засаг болон соёлын давуутай байдлаа хадгалах гэсэн эрмэлзлэл, газар нутгаа тэлэх гэсэн бодлоготой холбоотойгоор олон арван христийн номлогчдыг эзлэн түрэмгийллийнхээ тэргүүн эгнээнд илгээж байв. Америк, Европын колоничлолд автсан  Өмнөд болон Зүүн өмнөд ази (Энэтхэг, Вьетнам, Индонез, Малайз, Филлипин), хэдийгээр шууд бус байдлаар ч гэсэн өрнөдийн соёлын нөлөөг мэдэрч байсан Хятад, Япон, Солонгос зэрэг улсууд хүссэн ч, хүсээгүй ч тулган хүлээлгэсэн соёлын үр нөлөөг цэрэг зэвсгийн дарамт шахалтын нөлөөн дор амсах болсон байна.

Ийм нийгэм, улс төрийн болоод соёлын шинэлэг нөхцөл байдалд өрнө дахины эзлэн түрэмгийлэл, соёлын довтолгооны хариуд уламжлалт шашин шүтлэгийг шинэчлэх, эсвэл өрнийн болоод дорнын соёл, итгэл бишрэлийн тогтолцоог нэгтгэх замаар үзэл номлолын шинэ хандлагыг бий болгох оролдлогууд хийгдэх болжээ.

 Энэтхэг

Арьяа самаж (Арийн нийгэмлэг) болон Ади брахмо самаж хөдөлгөөнүүд нь 19-р зууны үед Энэтхэгт эрх мэдлээ тогтоосон Их Британий нөлөөгөөр Хиндуизмаас салбарлан үүсчээ. Эдгээр хөдөлгөөнүүд нь өрнө дахинд Веданта философийг таниулахыг зорьсон Рамакришнагийн Веданта хөдөлгөөн, Махариши Махеш Иогийн Трансцендентал медитаци (Чинадад хүрэхүйн бясалгал), Хари Кришна хөдөлгөөн, хожим Ошо хэмээн алдаршсан Бхагван Шри Ражнеешийн үндэслэсэн шашны бүлэг зэрэг бусад шинэ шашны хөдөлгөөнийг үүсэн бий болоход чухал нөлөө үзүүлсэн юм.

Хятад

Хар тамхины анхны дайны (1839–1842) дараах Хятад дахь эдийн засгийн хүнд нөхцөл байдал, хар тамхины зах зээлийн зарим хэсгийг хятадууд хяналтандаа авсан явдал, Англо-Америкийн анхны протестант номлогчид ирсэн зэрэг нөхцөл байдлын улмаас шинэ шашны хөдөлгөөнүүд бий болох үндэс тавигджээ. Эдгээрийн анхдагч нь Христийн шашны евангелист урсгал болон Күнзийн сургааль, хятадын зарим нэг уламжлалыг өөртөө шингээсэн “Их амгалангийн тэнгэрлэг улс” (Taiping Tianguo) бүлэг байсан бөгөөд Манж Чин гүрнийг эсэргүүцсэн бослогыг удирдсан христийн шашинт Хон Шиучуаны удирдлага дор энэ бүлэг нь шашны хөдөлгөөний өнгө төрхийг олсон юм. “Их амгалангийн тэнгэрийн улс” бүлэг нь 30 орчим сая цэрэг бүхий хүчирхэг армитай байсан бөгөөд төв болон өмнөд Хятадад нөлөөгөө тогтоож байв.

Япон

Эдогийн  буюу Токугавагийн эриний сүүлч, Мейжийн эриний эхэнд бий болсон улс төр, эдийн засаг, нийгэм болоод соёлын амьдралд гарсан өөрчлөлт нь судлаачдын “шинэ шашин” хэмээн нэрлэх болсон олон арван шашны хөдөлгөөн үүсч төлөвших нөхцлийг бүрдүүлжээ. Энэ үеийн Японы зонхилогч хоёр уламжлалт шашин болох Шинто болон Буддизм, эдогийн эринд хүчээ авсан неоконфуцианизм нь олон арван шинэ хөдөлгөөний эх үндэс болсон байдаг. Уламжлалт шашны хэлбэр төдий, идэвхигүй байдал ба тэднийг шинэтгэх гэсэн эрмэлзлэл бүхий шашны бүлгүүдийн сонирхол, эрчимтэй үйл ажиллагаа нь эдгээр хөдөлгөөнүүдийг бий болоход чухал түлхэц болж байв. Хятад, Тайвань болон Солонгосыг бодвол Японы шинэ шашны хөдөлгөөнүүд нь сайн дурынханы оролцоотойгоор маш өргөн хүрээтэй өдөр тутмын цуцашгүй үйл ажиллагаагаар сүсэгтнийхээ хүрээг тэлж байсан юм.

Монгол Улсын хувьд соёл иргэншлийн түүхийн урт удаан замыг туулсан бөгөөд шашин судлалын хувьд судалгааны баялаг өв сантай билээ. 1990-ээд оны үеэс эхэлсэн өөрчлөлт, шинэчлэлийн үйл явц нь Монгол Улсыг дэлхийн тавцанд шинэ өнгө төрхтэйгээр таниулж өрнийн хийгээд дорнын орнуудтай нийгэм, улс төр, эдийн засгийн хийгээд соёлын салбарт идэвхитэй харилцах боломжийг нээж өгсөн юм. Түүнчлэн хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөг нээлттэй болгосон зэрэг нөхцөл байдал нь шашны олон янз хэлбэр Монгол Улсад чөлөөтэй нэвтрэх бололцоог олгосон. ХЗДХЯ-ны шашны байгууллагын 1994-2008 оны бүртгэлээс үзэхэд жил тутам манай улсад уламжлалт бус шашны 10-аас доошгүй сүм хийд байгуулагдаж байгааг харж болно (Хавсралт 2). Эдгээр шашны байгууллагуудыг бид аль шашинд хамаарахыг нь мэдэж болох боловч чухам ямар урсгал, чиглэлд хамаардаг, үүсэл гарвал, үүх түүх болон сургааль номлол, үзэл баримтлалын онцлог зэрэг тодорхой мэдээлэл бидэнд өнөө хэр нь байхгүй байгаа нь цаашид энэ чиглэлээр нарийн судалгаа хийх шаардлагатайг харуулж байгаа юм.

Шашин судлаач Ж.Алтайбаатар

(Өгүүллийн эх нь ШУА-ийн “Философи, эрх зүйн судлал” сэтгүүлийн XXVI боть (2011)-д хэвлэгдсэн)

Ном зүй

  1. Chryssides, George D, “New Religious Movements – Some Problems Of Definition”, Diskus, 1994
  2. Christian Research Institute. “What is a religious cult?”. http://www.equip.org/perspectives/what-is-a-religious-cult
  3. Galanter, Marc (Editor), “Cults and new religious movements: a report of the committee on psychiatry and religion of the American Psychiatric Association”, 1989
  4. Hadden, Jeffrey K. “SOC 257: New Religious Movements Lectures”, University of Virginia, Department of Sociology, 1997
  5. Introvigne, Massimo “The Future of Religion and the Future of New Religions”. http://www.cesnur.org/2001/mi_june03.htm  (June 15, 2001).
  6. Melton, J. Gordon “The Rise of the Study of New Religions”, CESNUR 99, http://www.cesnur.org/testi/bryn/br_melton.htm (1999)
  7. Robert S. Ellwood, “Introducing Religion: From Inside and Outside”, Edition 3, 2000
  8. Stark, Rodney; Bainbridge, William , “A Theory of Religion”, Peter Lang Publishing, 1996
  9. Saliba, John S.J., “Understanding new religious movements”, second edition,  Altamira press,  2003
  10. The Oxford Handbook of New Religious Movements, Oxford University Press, 2008
  11. Timothy Miller, “America’s alternative religions”, State University of New York, 1995

[1] Үл таних нисдэг биет

[2] Паган шүтлэг нь Христийн шашныг дэлгэрэхээс өмнө Европын ард түмнүүдийн шүтдэг байсан политейзм, анизм болон пантейст шүтлэгүүдийн ерөнхий нэршил юм.

Хавсралт 1

ШИНЭ ШАШНЫ ХӨДӨЛГӨӨНҮҮД

 АМЕРИК БА ЕВРОПЫН ШИНЭ ШАШНЫ ХӨДӨЛГӨӨНҮҮД БА СИНКРЕТИК СЕКТҮҮД

САЙЕНТОЛОГИЙН СҮМ (ИХ БРИТАНИ, АНУ БОЛОН БУСАД ОЛОН ОРНУУД)

ЦАГААН АХАН ДҮҮС (УКРАИН, ОРОС)

ИВАНОВЧУУД (ОРОС, УКРАИН)

ШИНЭ ЗУУН (АНУ БОЛОН БУСАД ОЛОН ОРНУУД)

Шинэ зуун

Агни-йог

Штайнерийн Антропософи

Шинэ Акрополь

Юнивер

Спиритуализм

 ЯПОНЫШИНЭ ШАШНЫ ХӨДӨЛГӨӨНҮҮД БА СИНКРЕТИК СЕКТҮҮД

Тэнри

Хонмити

PL кёдан

Сэкай кюсэй

Сэйтё-но иэ

Тэнсё котай жингу

Ананай

Иттоэн

 СОЛОНГОСЫН ШИНЭ ШАШНЫ ХӨДӨЛГӨӨНҮҮД БА СИНКРЕТИК СЕКТҮҮД

Чхондогё

Чхонджок

Какседо

Чхунгсангё

Чанмульгё

Тэджонгё

 

ВЬЕТНАМЫНШИНЭ ШАШНЫ ХӨДӨЛГӨӨНҮҮД БА СИНКРЕТИК СЕКТҮҮД

Каодай (каодаизм)

Хоахао

ХОНГ-КОНГИЙН ШИНЭ ШАШНЫ ХӨДӨЛГӨӨНҮҮД БА СИНКРЕТИК СЕКТҮҮД

Тянь дэ шэн хуй

Улаан хас тэмдэгтнүүдийн бүх дэлхийн нийгэмлэг

 ИНДОНЕЗИЙН СИНКРЕТИК ШҮТЛЭГҮҮД

Агама Жава

Агама Жава-Сунда

 ИНДИАНЧУУДЫН СИНКРЕТИК ШҮТЛЭГҮҮД

Пейотизм [Хойд америкийн уугуул иргэдийн сүм] (АНУ)

Навахын уугуул иргэдийн сүм (АНУ)

Шейкеризм [Индейская шейкерская церковь] (АНУ) (63)

Томаноус (Канада)

 АМЕРИКИЙН АФРИК ГАРАЛТАЙ ИРГЭДИЙН СИНКРЕТИК ШҮТЛЭГҮҮД

Сантери

Палери

Покомани

Африкийн шинэчлэгдсэн сүм (Ямайка болон бусад орнууд)

Вүүдүү

Афроамерикийн вүүдүү

Шангоизм

Умбанда

Хавсралт 2

ХЗДХЯАМАНД 1994-2008 ОНЫ 6 ДУГААР САРЫН ХООРОНД БҮРТГЭГДСЭН  ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУД

 

Он

Тухайн онд бүртгэгдсэн байгууллагын тоо

Буддын шашин

Христийн шашин

Исламын шашин

Бөөгийн шашин

Бахайн шашин

Эв нэгдлийн сүм

1994 он

24

13

11

 

 

 

 

1995 он

28

23

4

1

 

 

 

1996 он

16

11

4

 

1

 

 

1997 он

12

7

5

 

 

 

 

1998 он

42

29

12

 

 

1

 

1999 он

33

19

11

1

 

2

 

2000 он

27

13

11

 

 

2

1

2001 он

19

13

5

1

 

 

 

2002 он

24

15

7

2

 

 

 

2003 он

36

22

14

 

 

 

 

2004 он

48

20

26

1

1

 

 

2005 он

33

18

12

1

1

 

 

2006 он

31

10

19

 

2

 

 

2007 oн

41

13

11

17

 

 

 

2008 оны 6 сар

13

4

7

2

 

 

 

Нийт

427

230

159

19

5

5

1

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s