worship-church-service

Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (эхний хэсэг)

Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлыг тодруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар 1994, 2003 онуудад хийгдсэн цуврал судалгааны үр дүнгээс үзэхэд өнөөгийн монголын нийгэмд үүсэл гарал, шинж чанар, агуулгаараа нэлээд ялгаа бүхий сүсэг бишрэлийн өөр өөр төрөл хэлбэрийн илрэлүүд оршиж байгаа бөгөөд эдгээрийг төстэй шинжээр нь нэгтгэн ангилж, бүлэглэхэд дараах үндсэн таван бүлэгт хуваагдаж байгаа юм. Үүнд:

  1. Нэн эртний улбаа мөртэй байгаль шүтлэг ба түүнд суурилсан бөө мөргөлийн болон тэнгэр шүтлэгийн хэлбэрүүд;
  2. Монгол оронд шарын шашин дэлгэрэх үеэс хэвшиж тогтсон Буддын шашны зан үйл, шүтлэгийн хэлбэрүүд;
  3. Манай орны цөөнхи үндэстэн болох казах түмний уламжлалт шашин болох Исламын шашин;
  4. Нэн шинэ үед нэвтэрч дэлгэрч байгаа Христийн шашин, түүний төрөл, хэлбэрүүд
  5. Өөр бусад шашин шүтлэгийн илрэлүүд буюу шинэ шашны болон нэн шинэ шашны хөдөлгөөнүүд.

Эдгээр бүлэг шашин шүтлэгийн эхний дөрвийн талаар бид тодорхой мэдэх бөгөөд харин тав дахь бүлэг дэх шашин шүтлэгийн талаарх судалгаа эхэн шатандаа байна.

Иймээс судлаач миний бие шинэ шашны хөдөлгөөний нэршил, онцогийн талаарх үндсэн ойлголтыг энэхүү өгүүллээрээ дамжуулан хүргэхийг зорьсон болно.

Орчин үеийн шашин судлалд орчин үеийн гарал үүсэл бүхий шашны болоод гүн ухаан, оюун санааны  бүлэг, нийгэмлэгүүдийг бүхэлд нь шинэ шашны хөдөлгөөн хэмээх нийтлэг нэр томъёогоор тэмдэглэдэг.[1]

Дэлхийн Хоёрдугаар дайны дараа 1947 онд Япон улс “Төр, шашиныг тусгаарлах хууль” баталснаар шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг ард түмэнд нээлттэй болгосноор шинто шашны тэнри, идзумо аясиро, синри, митакэ, куродзуми, конко, синсю, ананай, фусо, зико, оомото, мисоги, синко тай, шинто сюсей, шинто тайсей гэх зэрэг урсгалууд салбарлан хөгжих болсон бөгөөд шашны шинэчлэлийн үр дүнд бий болсон эдгээр урсгалуудыг ангилан судлах шаардлага бий болсоны улмаас бүхэлд нь “Японы шинэ шашны хөдөлгөөнүүд” буюу “Shinkō shūkyō” гэж нэрлэх болсон нь энэ нэр томъёог шашин судлалд анх удаа хэрэглэсэн явдал байлаа.

Шинэ шашны хөдөлгөөнийг судлах ажил 1970-аад оноос эхэлж бие даасан салбар болон хөгжсөн бөгөөд Америкийн шашин судлалын институтыг (Institute for the Study of American Religion) үндэслэгч Жон Гордон Мелтон 1999 онд АНУ-д зохион байгуулагдсан Шинэ шашныг судлах төв (CESNUR)-ийн эрдэм шинжилгээний VII хуралд илтгэсэн илтгэлдээ[2] “шинэ шашны хөдөлгөөн” гэсэн нэр томъёог албан ёсоор хэрэглэхийг санал болгожээ.

Өрнөдийн судлаачид шинэ шашны хөдөлгөөнд:

  1. Орчин үеийн үүсэл гарал бүхий шашны бүлгүүд,
  2. Эртний уламжлалтай томоохон шашинаас салбарлан гарсан шинэ урсгалуудыг хамруулан авч үзэх нь түгээмэл байна[3].

Энд дараах маргаантай асуудлууд бий. Нэгд, цаг хугацаа зогсолтгүй урагшилж байдаг тул бидний өмнө нь “шинэ” гэж үзэж байсан шашны урсгал чиглэлүүд аль хэдийнэ хуучирч, зуун дамжсан шашны томоохон бүлэг, шашны явцуу бүлгээс сүм хийдийн хэмжээнд болтол төлөвшчихсөн явааг бид харж байна. Өөрөөр хэлбэл цаг хугацаа өнгөрөх тусам “шинэ” гэдэг утгаа алдан хуучирч байхад бид түүнийг шинэ шашны хөдөлгөөнд хамруулан авч үзсээр байх хэрэгтэй гэж үү?

Хоёрт, шашны хамгийн чухал элемент болох үзэл санаа, сургаал номлол нь бусад урсгал, чиглэлээс ялгарах онцлог нь болж байдаг. Энэ утгаараа тухайн шашны урсгал, чиглэл дотор бий болсон шинэ үзэл санаа, шинэ номлол, тайлбарлал бүхий урсгалыг шинэ шашны хөдөлгөөнд хамруулан авч үзэж болох боловч эртний уг гарвал бүхий шашны урсгалын хувьд түүний бүхий л түүхийн туршид салбарлан гарсан урсгал чиглэл бүрийг шинэ шашны хөдөлгөөнд хамруулан авч үзэх нь учир дутагдалтай юм. Иймээс ч “шашны шинэ хөдөлгөөн” гэсэн нэршилээс илүүтэйгээр “шинэ шашны хөдөлгөөн” гэсэн нэр томъёо нь энэ хэлбэрийн шашны урсгал чиглэлүүдэд илүүтэй тохирно.

Тэгвэл “шинэ” гэдэгт юуг хамруулан авч үзэх вэ?

“Шинэ” гэдэг нь цаг хугацааны хувьд залуу, үзэл онолын хувьд шинэлэг байхаас гадна байгууллагын хувьд “үүсэл, төлөвшлийн” шатандаа байх аж. Өөрөөр хэлбэл шинээр үүсч бий болсон шашны урсгал чиглэл, хөдөлгөөнүүд нь шашны байгууллагын энгийн хэлбэрүүд болох сект (бүлэглэл), культ (явцуу бүлэглэл)-ийн хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг байна*. Тиймээс ч шинэ шашны хөдөлгөөнийг анхааран судалж эхэлсэн XX зууны эхний хагаст зарим шашин судлаачид энэ төрлийн шашны урсгалыг “культ” гэсэн нэр томъёогоор анх тэмдэглэх болсон байна.[4]

1970-аад онд тухайн үед өрнө дахинд зонхилж байсан уламжлалт шашны урсгал, чиглэлүүдийн зүгээс өөрсдийн үзэл баримтлал, сургаал номлолд шүүмжлэлтэй хандсан шинэлэг үзэл санаа бүхий культ бүрийг бүхэлд нь хавтгайруулан “тэрслэгчид” хэмээн зарлах болсоноор[5] энэ нэр томъёог шашны байгууллагын нэг хэлбэр гэхээсээ илүүтэйгээр ноёлогч шашинтай сөргөлдөгч, тэрслэгчид гэж үзэх үзэл Христийн шашны судлаачид болон энэ шашныг судлагчид, тэр дундаа теологичдийн дунд давамгайлах хандлагатай болсон байна. Тэд, Библийн үндсэн зарчимаас гажсан бүх урсгалыг “культ” гэж нэрлэх бөгөөд тэднийхээр Мормоны шашин ч “культ” болох юм.[6] Энэ утгаараа “культ” хэмээх нэр томъёо нь “тэрс үзэлтэн, гажууд” гэсэн сөрөг утгыг илэрхийлэх болж улмаар нийгэмд энэ төрлийн шашны урсгалуудыг жигшин зэвүүцэх, нийгмийн зүгээс улам бүр тусгаарлагдах нөхцлийг бүрдүүлэх болсон байна.

Иймээс тухайн зонхилогч шашны үзэл санаа, шүтлэгийн шинэ чиг хандлагыг тодорхойлогч, цаг хугацааны хувьд залуу, байгууллагын хувьд төлөвшиж яваа шашны урсгал гэдэг шинж чанарыг нь товойлгон гаргаж, уламжлалт шашны үзэл баримтлал ба нийгэмтэй сөргөлдөгч байр суурь баримталдаг, гажуудсан, тэрсүүд гэж нийгэмд сөргөөр тогтсон ойлголтыг зүгшрүүлэх зорилгоор энэ төрлийн шашны байгууллагыг “культ” гэж нэрлэхээс татгалзах саналыг Эйлин Баркер, Жеймс Т.Ричардсон, Тимоти Миллер, Катерин Веззингер нарын судлаачид гаргаж ирэх болжээ.[7] Тиймээс шашин судлаачид, шашны социологичид “шинэ шашны хөдөлгөөн” гэсэн нэр томъёог түлхүү хэрэглэх болсон бөгөөд зарим судлаачид “альтернатив шашны хөдөлгөөн” (Миллер)[8], “нэн шинэ шашин” (Элвүүд)[9], “завсарын буюу шилжилтийн шашны хөдөлгөөн” (Харпер, Ле Бо нар)[10] зэрэг нэр томъёог хэрэглэж байна.

Шинэ шашны хөдөлгөөнд хамаарах шашны урсгал чиглэлүүд нь өөртөө дараах хэд хэдэн онцлог шинжүүдийг агуулсан байдаг. Тухайлбал:

  • Эдгээр шашны хөдөлгөөнүүд нь эртний мартагдсан соёл иргэншил, уламжлалын улбааг хадгалсан гэх мөртлөө орчин үеийн соёл иргэншлийн нөхцөл байдалд нийцүүлэн сайжруулсан гэж өөрсдийгөө тайлбарладаг.
  • Гол төлөв уламжлалт бус шашны хандлагатай байдаг; шашны уламжлалт урсгал чиглэлээс өөрсдийгөө ялган зааглахыг оролддог.
  • Эдгээр хөдөлгөөнүүд нь үзэл баримтлал, номлол сургааль нь гол төлөв бэхжээгүй, олон ургальч, мөн синкретик байх нь түгээмэл; номлол сургааль, сүсэг бишрэлийн тогтолцоо нь олон янзын эх үүсвэрээс бүрдсэн байх нь бий.
  • Гол төлөв нэр хүнд бүхий удирдагчид, зарим тохиолдолд ер бусын эрдэм чадалтай, зөн билэгтэй хэмээн алдаршсан хэмжээлшгүй эрх мэдэл бүхий удирдагчийн оролцоотойгоор үүсэн байгуулагдсан байдаг.
  • Ихэнхи шинэ шашны хөдөлгөөнүүд явцуу хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмээс тусгаарлагдсан байх нь бий.
  • Шинэ шашны хөдөлгөөн нь орчин үеийн, олон ургальч үзэл санаа ба дэлхий нийтийн шинжлэх ухаанч хандлагын үр дүн юм.

Шинэ шашны хөдөлгөөн нь нэр хүнд бүхий буюу харизматик (charismatic) удирдагчид, тэднийг тойрон хүрээлэгч, дагагчдын харилцаа дээр суурилдаг тул үүсэн бий болох, төлөвших үйл явцыг нь тэдний үйл ажиллагаатай холбон дараах байдлаар тайлбарладаг[11]. Үүнд:

  1. Хөдөлгөөнийг үндэслэгч нь амьдралдаа тулгарч байсан сэтгэл зүйн хүнд хэцүү дарамт, стрессийн улмаас шинэ шашны урсгал бий болоход нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнийг үндэслэгч нь өөрөө сэтгэл зүйн ямар нэгэн эмгэг, эсвэл асуудалтай, түүнийгээ өөрөө эмчлэх, анагаах явцад тойрон хүрээлэгчидтэй болж шашны хөдөлгөөн болж төлөвшихөд нөлөөлдөг байна.
  2. Хөдөлгөөнийг үндэслэгчид нь шинэ бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргаж байгаа бизнес эрхлэгч мэт ажилладаг. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний үндэслэгчдийн ихэнхи нь шинэ шашны хөдөлгөөнийг үндэслэхээсээ өмнө өөр ямар нэгэн шашны урсгал, чиглэл, бүлэгт харьяалагддаг байсан бөгөөд тэд өмнөх шашныхаа үзэл санаа, туршлага дээр тулгуурлан илүү сайжруулсан өөрийн шашныг бий болгох, алдаршуулахыг зорьдог.
  3. Хөдөлгөөнийг үндэслэгч нь байгалийн ердийн үзэгдлийг ердийн бус хэмээн тайлбарлан, өөрийн авьяас билэг, чадварыг ертөнцийн бус, тэнгэр, бурханаас заяасан хэмээн итгүүлэх замаар өөрийн итгэгч, тойрон хүрээлэгчидтэй болсоноор шинэ шашны хөдөлгөөн үүсэж бий болдог.
  4. Нийгмээс болон шашны үндсэн чиглэлээс харилцаагаа таслан өөрсдийгөө тусгаарлан төвлөрч зөвхөн өөрсдийн гишүүд болон шинээр элсэгчидээр л нийгмийн харилцаагаа хязгаарласнаар өөрсдийн гэсэн шинэ номлол, үзэл баримтлал, зан үйл бүхий шинэ шашны хөдөлгөөнийг бий болгодог. Өмнөх шалтгаануудаас ялгарах онцлог нь хөдөлгөөнийг үүсэхэд удирдагчийн үүрэг төдийлөн чухал бус бөгөөд бүлэг доторх гишүүдийн харилцаа улам бүр нягтрах, гадаад ертөнцөөс тусгаарлагдах үйл явц нь ийм үр дүнд хүргэдэг байна.

Хүмүүсийн шинэ шашны хөдөлгөөнд элсдэг шалтгааныг Марк Галлантер үзэхдээ хүний өөрийн хамтач байдалд тэмүүлэх чанар, оюун санааны эрэл хайгуул хийх сониуч зантай холбон тайлбарласан байна. Бие хүний нийгэм дэх үнэ цэнэ, байр суурь өндрөөр тавигдаж, оюун санаа, сэтгэлгээний цар хүрээг боон хаагдуулах, хязгаарлах явдал улам бүр хумигдаж  буй өнөө үед өөрийгөө нийгмийн нэг хэсэг хэмээн мэдрэх хүсэл сонирхол, оюуны болоод сэтгэлийн хязгааргүй орон зайд өөрийгөө олох гэсэн тэмүүлэл нь хүмүүсийг сүсэгтэн болоход хөтөлдөг гэж тэрээр үзжээ. [12]

АНУ-ын Виржиниягийн их сургуулийн профессор Жеффри Хадден хүмүүсийн шинэ шашны хөдөлгөөнд элсэх, сүсэг бишрэлээ өөрчлөх (conversion) шалтгааныг судалсан судалгааны дүнг нэтгэн дараах дүгнэлтэд хүрсэн байна[13]. Үүнд:

  1. Ямар нэгэн бүлэгт хамаарах нь хүний үйл ажиллагааны мөн чанар юм;
  2. Хүмүүсийн аль нэг шашны бүлэгт элсэх болсон шалтгаан нь бусад нийгмийн бүлэгт нэгдэх болсон шалтгаантай нь гол төлөв ижил байдаг;
  3. Нэг шашнаас нөгөө шашинд итгэх, сүсэг бишрэлээ өөрчлөх  нь сүсэгтний амьдралдаа хийж буй шинэчлэлд хөтөлсөн сэтгэл хөдлөлөөр дүүрэн үйл явдал гэж ойлгогддог;
  4. Сүсэг бишрэлээ өөрчлөх нь хүмүүсийн шинэ шашны хөдөлгөөнд элсэх болсон олон шалтгаануудын зөвхөн нэг нь юм;
  5. Социологчид болон шашин судлаачид хүмүүс яагаад шинэ шашны хөдөлгөөнд элсэх болсныг тайлбарласан олон онолуудыг боловсруулсан боловч  тэдгээрээс аль нь ч хүмүүсийн сүсэг бишрэлээ өөрчилж буй шалтгааныг бүрэн дүүрэн тайлбарлаж чаддаггүй;
  6. Мөн тэдгээр онолууд нь хүмүүсийн сүсэг бишрэлээ өөрчлөх, шинээр шашинд итгэх нь байгаль – нийгмийн зайлшгүй үйл явц гэдэгтэй санал нэгддэг байна.

Шинэ шашны хөдөлгөөнийг хэлбэрийн хувьд ангилан судлах дараах хандлагууд байна. Социологич Родни Старк болон Уиллиам Симс Бейнбриж нар шашны байгууллагын болон сүсэгтнүүдийн оролцооны түвшингээр дараах гурван хэлбэрийн шинэ шашны хөдөлгөөн байна гэж үзжээ. Үүнд:

  • Сонсогч бүхий хөдөлгөөн. Зөвхөн номлол сургаалийг сонсох, зан үйлийг үйлдэх төдийгөөр хязгаарлагдсан, гишүүдийн оролцоо учир дутагдалтай шашны хөдөлгөөн.
  • Үйлчлүүлэгч бүхий хөдөлгөөн. Хөдөлгөөний удирдлагын зүгээс сүсэгтнүүддээ байгууллага дотор эзэлж буй байр сууриас нь хамааруулан ялгавартай ханддаг. Удирдагч болон сүсэгтэн хоёрын харилцаа нь эмч, өвчтөний харилцаатай төстэй.
  • Хөдөлгөөн. Бүх сүсэгтнүүдийнхээ сүсэг бишрэл, оюун санааны хэрэгцээг бүрэн дүүрэн хангахыг зорих боловч сүсэгтнүүдийнхээ элссэн цаг хугацаа болон итгэл үнэмшлийнх нь байдлаас нь хамааруулан ялгавартай ханддаг.[14]

Дээр дурдсан гурван хэлбэр нь байгууллагын төлөвшлийн үе шатыг мөн харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл эхний хэлбэр болох сонсогч бүхий шашны хөдөлгөөнөөс үйлчлүүлэгч бүхий шашны хөдөлгөөнд шилжих, эцэст нь хөдөлгөөн болон төлөвших үйл явцыг Сайентлогийн сүмийн (the Church of Scientology) түүхээс харж болно.

Социологич Рой Уоллис шинэ шашны хөдөлгөөн гадаад ертөнцтэй хэрхэн харилцдагаас нь хамааруулан дараах хэлбэрүүд байна гэж үзжээ.[15]

  • Нийгмээс тусгаарлагч хөдөлгөөн. Тэд өнөөгийн нийгмийн тогтолцоо, дэг журам нь буруу бөгөөд эзэн тэнгэрийн номлол сургааль, төлөвлөгөөг илт мушгин гуйвуулсан, дэлхий ертөнц бол материалист хандлагатай, бүхэлдээ муу муухайн үүр гэж үздэг. Энэ хэлбэрт гол төлөв Христийн мянган жилийн хаанчлалын эхлэл буюу бурханы энэ ертөнцөд хийх шинэчлэлд итгэгч шашны хөдөлгөөнүүдийг багтаадаг бөгөөд тухайлбал, Эв нэгдлийн сүм (the Unification Church), Бурханы хүүхдүүд (the Children of God)  болон Кришнагийн оюун санааны олон улсын нийгэмлэг буюу Хари Кришна хөдөлгөөн (International Society of Krishna Consciousness a.k.a. “Hare Krishnas”), Брахма Кумирас (Brahma Kumaris) зэрэг шашны байгууллагуудыг нэрлэж болох юм.
  • Нийгэмд нийцтэй хөдөлгөөн. Тэд шашин, оюун санааны амьдралыг нийгмийнхээс тодорхой ялган заагладаг бөгөөд сүсэгтнүүдийхээ нийгмийн амьдралд ач холбогдолтой болон хортой нөлөө бараг үзүүлдэггүй. Тэд гадаад ертөнц, нийгмээс тусгаарлах эсвэл гадаад ертөнц, нийгмийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, магтан дуулддаггүй боловч нийгэм болон гадаад ертөнцтэй зохицон оршин тогтнохыг эрмэлздэг.
  • Нийгмийг хүлээн зөвшөөрөгч хөдөлгөөн. Тэдэнд шашны хөдөлгөөнд байдаг тогтсон зан үйл, албан ёсны үзэл сургааль, ертөнцийг үзэх үзэл зэрэг элементүүд бараг байдаггүй. Тэд оршин тогтнож буй нийгмээ хүлээн зөвшөөрөх бөгөөд зөвхөн өөрт нуугдаж буй нуугдмал чанараа нээн илрүүлэхийг хүмүүст уриалдаг. Ийм хөдөлгөөний нэг жишээ бол Чинадад хүрэхүйн бясалгал (Transcendental Meditation) юм.

Үргэлжлэл бий

Шашин судлаач Ж.Алтайбаатар

(Өгүүллийн эх нь ШУА-ийн “Философи, эрх зүйн судлал” сэтгүүлийн XXVI боть (2011)-д хэвлэгдсэн)


[1] Introvigne, Massimo “The Future of Religion and the Future of New Religions”. http://www.cesnur.org/2001/mi_june03.htm. (June 15, 2001), Эшилсэн 2011.05 сар

[2] Melton, J. Gordon “The Rise of the Study of New Religions”. CESNUR 99. http://www.cesnur.org/testi/bryn/br_melton.htm. (1999). Эшилсэн 2011.05 сар

[3] Chryssides, George D, New Religious Movements – Some Problems Of Definition, Diskus, 1994

* Сект бол уламжлалт шашны байгууллагын эсрэг сєрєн зогсож, тэдний їйл ажиллагааг шїїмжлэн, єєрсдийн шашны шинэ їзэл сургаал, баримтлалыг бий болгон, нийгмийн оюун санааны амьдралд нєлєєлєхийг оролддог бол культ нь шашны тахил шїтлэгийн зан їйл нь зєрчилдсєний улмаас ноёрхогч шашин болоод нийгмээс салан тусгаарлаж, нийгмийн шинэ дэг ёс, шинэ хэм хэмжээг гаргаж ирэхийг зорьдог ажээ (Зохиогч).

[4] The Oxford Handbook of New Religious Movements, Oxford University Press, 2008, page 17

[5] Introvigne, Massimo “The Future of Religion and the Future of New Religions”. http://www.cesnur.org/2001/mi_june03.htm. (June 15, 2001), Эшилсэн 2011.05 сар

[6] Christian Research Institute. “What is a religious cult?”. http://www.equip.org/perspectives/what-is-a-religious-cult. Эшилсэн 2011-05-16

[7] Melton, J. Gordon., “The Rise of the Study of New Religions”. CESNUR 99. http://www.cesnur.org/testi/bryn/br_melton.htm. (1999) Эшилсэн 2011.05 сар

[8] Timothy Miller, “America’s alternative religions”,  State University of  New York, 1995

[9] Robert S. Ellwood, “Introducing Religion: From Inside and Outside” Edition 3, 1993, pages 119-144

[10] Melton, J. Gordon., “The Rise of the Study of New Religions”. CESNUR 99. http://www.cesnur.org/testi/bryn/br_melton.htm. (1999) Эшилсэн 2011.05 сар

[11] http://www.csj.org/infoserv_articles/giambalvo_carol_postcult_problems.htm

[12] Galanter, Marc (Editor), “Cults and new religious movements: a report of the committee on psychiatry and religion of the American Psychiatric Association”, 1989

[13] Hadden, Jeffrey K. “SOC 257: New Religious Movements Lectures, University of Virginia, Department of Sociology”.

[14] Stark, Rodney; Bainbridge, William “A Theory of Religion”, Peter Lang Publishing, 1996, pаge 155[15] Saliba, John S.J. “Understanding new religious movements” second edition, Altamira press, 2003, pages 140-141, дам ишлэв.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s