Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь

Ислам шашны түүхийн салшгүй нэг чухал тал нь энэ шашин дэлхийн янз бүрийн тив, бүс нутгийн ард түмэн, улс орнуудад нэвтэрч дэлгэрсэн явдал мөн. Ислам шашин YII-XIII зуунд Ази, Африкийн олон оронд, түүнчлэн Европын зарим оронд нэвтэрч дэлгэрсэн явдал энэ үеийн арабын халифат улсын байлдан дагуулалтай нягт холбоотой байлаа. Энэ үйл явц түүнчлэн араб, исламын соёл, иргэншил бусад бүс нутаг, улс орнуудад тайван арга замаар нөлөөлж дэлгэрсэнтэй, өөрөөр хэлбэл эдийн засаг, худалдаа, соёлын харилцаатай ч багагүй холбоотой байв. Ислам шашин эзлэгдсэн орнуудын өөр шашин шүтлэгтэй хүн амын тодорхой хэсэгт эхлээд хэсэгчилсэн байдлаар нөлөөлж дэлгэрэх, дараа нь хүрээгээ тэлж тухайн орны хүн амыг бүхэлд нь хамрах үйл явц XYII-XX зуунд голлож явагдсан байна.

Түүхээс үзвэл арабын халифат улс YII-IX зуунд хүчирхэгжиж, түүнд тулгуурлаж бусад орныг байлдан дагуулсан аян дайн ба ислам шашин улам нөлөөтэй болж, арабуудын хүрээ хязгаараас тэлэн гарч, бусад орон, ард түмнүүдийн амьдралд нэвтэрч дэлгэрсэн үйл явц хоорондоо яв цав тохирч, давхцаж явагдсан байна. Алигийн дараа халиф суусан Муавиягийн үед (661-680 он) арабууд Энэтхэгт довтолж, Афганистан, Бухара, Самарканд, Мервыг (Магриб) байлдан эзэлжээ. YII-YIII зууны заагт Византи гүрний зарим нутаг, Гүржийг эзлэн авч, Хазарыг довтолсон байна. YIII зууны эхэнд халифат улс Дундад Азийг бараг бүхэлд нь, Хойд Африкаас Ливи, Тунис, Марокко ба түүнчлэн Испанийг эзэлж, Франц руу довтолжээ.

Исламын шашны дэлгэрэлт

Эхэн үед арабын халифат гүрний байлдан дагуулал нь бусдын газар нутаг, эд баялагийг булаан авч эзэмшихэд чиглэгдсэн эдийн засгийн зорилготой байсан бол дараагийн үеэс эзлэгдсэн улс орнуудын хүн амыг ислам шашинд оруулах зорилт түлхүү тавигдах болсон байна. Арабуудын байлдан дагуулал ба ислам шашны дэлгэрэлтийн явцад яг араб угсаатан биш ч гэсэн уг үндэс нь семит гаралтай ард түмнүүд, түүгээр ч үл барам семит биш, огт өөр угсаа гаралтай египет, ливи (берберүүд) зэрэг ард түмнүүд зөвхөн ислам шашинд орсон төдийгүй аажимдаа араб хэл, бичиг үсэг, араб соёлтой болж бүхэлдээ арабжсан байна. Харин Иран, Афганистан, Дундад Ази, Ар Кавказын угсаа гарал, хэл, соёл, аж төрөх ёс, нүүдэл суудал, эрхэлсэн аж ахуй ондоо ард түмнүүд ислам шашид орсон боловч бүхэлдээ арабжсангүй, угсаатны шинж чанаруудаа хэвээр нь хадгалан үлджээ. Арабууд эдгээр ард түмнийг ислам шашинд оруулахын тулд эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх, давуу байдал олгох арга хэрэгслийг өргөн ашигласан байна. Энэ нь үр дүнд хүргэжээ.

Улс гүрэн дамжсан арабын худалдаачид бүр YII-YIII зуунд ислам шашныг Хятад оронд нэвтрүүлэхийг хичээж, эндэхийн хүн амыг исламтай танилцуулсан боловч дунганчууд ба өөр зарим нэг угсаатны цөөн хэсгээс бусад нь ислам шашинд ороогүй юм.

Исламын дайчид XII зууны сүүлчээр Энэтхэгийн хойд хэсэгт нэвтрэн орж Дели, Бихар ба Бенгалийг эзлэн авсан ба XIII зууны эхээр тэдгээрийг нэгтгэж захирсан Делийн султанат улс байгуулагдаж, ислам нь Энэтхэгийн хойд хэсгийн төрийн албан ёсны шашин болсон байна.

XIY зууны үед арабын болон ислам шашинтай орнуудын худалдаачид индонезийн арлуудын хүн амыг ислам шашинтай танилцуулж эхэлжээ. Үүний үр дүнд Малакка ба Ява аралд исламын султанат улс байгуулагдаж, тэдгээрийн хүчинд ислам шашин Индонезийн бусад арлуудын хүн амын дунд саад бэрхшээлгүйгээр өргөн дэлгэрэх болсон түүхтэй.

Ислам шашин Африк тивийн Судан,  Сомали, Мали, Гана зэрэг олон оронд YII зууны дунд үеэс нэвтрэн дэлгэрсэн бөгөөд энэ үйл явц өнөө үед ч гэсэн үргэлжилж байгаа талтай юм.

Ислам шашин дэлхийн олон оронд нэвтрэн дэлгэрч, дэлхийн том шашны нэг болсон баримт, үйл явцыг дан ганц байлдан дагуулалтай холбож тайлбарлавал өрөөсгөл, учир дутагдалтай болно. Түүнийг нэг улс гүрэн, үндэстэн угсаатны соёл, шашин, үнэт зүйл нь бусад улс үндэстэний амьдралд нөлөөлж нэвтрэн дэлгэрдэг соёлын харилцаа холбоо, соёлын үзэгдэл болох талаас нь бас авч үзэж ойлговол зохино. Үүнд ислам шашны догм сургаал, нийгэм, улс төр, эдийн засаг, хүн ба гэр бүлийн тухай номлол, шударга ёс, эрх чөлөө, хүний эрх, тэгш, байдлыг үнэт зүйл болгосон баримтлал, христос шашин шиг сүм хийдийн зохион байгуулалт, удирдлага хуврагууд нь зэрэг дэвээр хатуу тогтоогдсон, төвлөрсөн биш, чөлөөтэй байдаг зэрэг өөрийнх нь онцлог шинж багагүй нөлөөлсөн байна.

Исламын шашин өнөөдөр

Ислам өнөөдөр дэлхийн мусульманчуудын зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй тэдний иргэншил, соёлын том хэв маяг, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын зохион байгуулалтын үндэс, мусульманчуудын аж төрөх ёс, уламжлал, ёс заншил, үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэл нь болж байгаа билээ. Ислам шашныг одоо дэлхийн 232 оронд 1 тэрбум 570 сая хүн (2009 он) шүтэн баримталдаг (шүтэгчдийн тоогоор христос шашны дараа ордог), мусульманчууд дэлхийн 50 оронд хүн амынх нь дийлэнх олонхи болдог, Египет, Саудын Араб, Мароко, Кувейт, Иран, Ирак, Пакистан зэрэг 28 оронд төрийн албан ёсны шашин болж баримтлагдаж байна. Иран, Пакистан, Мавритани зэрэг орнууд Исламын бүгд найрамдах улс гэсэн албан ёсны нэртэй юм.

Ислам шашны нөлөө, үүрэг дэлхийд өссөөр байгаа явдалд түүнийг шүтэгчдийн тоо эгнээ түргэн өсч байгаа нь багагүй нөлөөлж байна. Британий нэвтэрхий толийн тоо баримт ёсоор 1987 онд дэлхийн мусульманчууд 860 сая байсан бол 2002 онд тэд 1.3  тэрбум, 2009 онд 1.57 тэрбум болж өсчээ. Үүнд мусульманчуудын өөрсдийнх нь жам ёсны өсөлтийн зэрэгцээ эл шашинд шинээр орогсдын тоо ч өссөөр байгаа явдал нөлөөлж байгаа юм. (Мусульманчуудын тоо сүүлийн зуун жилд 13-19.5 хувь өссөн байна. 1900-1970 оны хооронд нийт шүтэгчдийн тоо 200 саяаас 551 сая хүртэл өссөн бол 1970-2009 онд энэ тоо 3 дахин өссөн гэсэн үг). Мусульманчуудын дийлэнх нь Ази болон Африк тивд амьдарч байгаа бөгөөд ойролцоогоор 67% нь Ази тивд (үүнээс 683 сая нь Индонез, Пакистан, Энэтхэг, Бангладеш болон Турк, Ирэн зэрэг арабын бус Дундад азийн орнууд), үлдсэн хувь нь Африк тивийн Египт, Нигери зэрэг томоохон улсуудад амьдарч байна. БНХАУ-д л гэхэд 20 – 30 сая мусульманчууд (хүн амын 1.5% – 2% ) оршин суудаг.

А.Жамбал

Ислам шашин, 2007

Жич: Уг материалыг зохиогчийн бүтээлээс хэсэгчлэн авч сүүлийн үеийн мэдээ баримтаар баяжуулсан болно.

2 thoughts on “Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s