Буддын шашин ертөнцийн тогтоцийг хэрхэн үздэг тухай

Буддын шашны ертөнцийн тогтоц бүтцийн тухай үзэл нь Хутагтын дөрвөн үнэний анхных болох Зовлонгийн үнэний хүрээнд авч үздэг өргөн хүрээтэй асуудал юм. Ертөнцийг материаллаг буюу сав ертөнц, оюун ухааны, сэтгэлийн тал буюу шим ертөнц гэсэн хоёр хэсэгт ангилж үздэг. Сав ертөнц нь хийн мандал, усан мандал, шороон мандал гэсэн гурван хэсгээс бүрддэг гэж бурханы шашинд үздэг бөгөөд хийн мандал нь сав ертөнцийг бүрдүүлэх үндэс суурь нь болж байдаг гэж үздэг. Хийн мандлын дээр усан мандал тогтох ба усан мандлын дээр шороон мандал тогтоно. Шороон мандлын төвд Сүмбэр уул орших ба Сүмбэр уулнаас ертөнцийн дөрвөн зүг гарна гэдэг. Дорно зүгийг шилээр, өмнө зүгийг биндэрьяа, умард зүгийг алтаар, өрнө зүгийг бадмааргаар бэлгэддэг ажээ. Сүмбэр уулыг тойроод Буулгат модон уул, Анжсан сумт уул, Кадирагам уул, Үзэсгэлэнт уул, Морин чихт уул, Маш үүдсэн уул, Мөхөөр баригч уул гэсэн 7 алтан уул хүрээлэх бөгөөд эдний гадуур Төмөр уул байна. Төмөр уулсын завсраар Цэнгэлийн долоон нуур орших бөгөөд хамгийн гадна талаар гадаад их Далай байх ажээ.

Цэнгэлийн долоон нуур нь найман онцгой чанартай. Үүнд: сэрүүн, амтат, хөнгөн, зөөлөн, тунгалаг, сайхан, биед харшлахгүй, уухад хэвлийд харшлахгүй. Цэнгэлийн долоон нуурын дотор Нанда, Убананда, Морины шүтээн, Музиланда, Махсув, Ридараста, Их гар, Ээвлийн навчит гэсэн лусын найман орон байх ажээ.

Гадаад их далайд 4 их тив байдаг ажээ. Үүнд Үлэмж биетийн тив (заримдаг саран хэлбэртэй), Замбуу тив (тархи мэт хэлбэртэй), Үхэр эдлэгч тив (дүгэрэг хэлбэртэй), Муу дуутын тив (дөрвөлжин хэлбэртэй) байна.

Тив болгонд хүн амьдрах бөгөөд Замбуу тивийн төрөлхтөн хамгийн бага настай. Гэхдээ бусдаасаа илүү ухаантай учир Хүрдэн эргүүлэгч (Орчлонг эрхшээгч) хаан, эсвэл Бурхан болох чадвартай гэнэ. Муу дуутын тив Сүмбэр уулын хойт зүгт орших бөгөөд тэнд орших хүмүүсийг нас нөхцөхөөс долоо хоногийн өмнө огторгуйгаас “Чи үхэх болой” хэмээх яруу бус дуун гарах учир дуун муут тив гэж нэрлэсэн гэдэг.

Энэ мэт дөрвөн гол тивээс гадна найман дагуул тив байдаг. Замбуу тивийн хамгийн голд Очирт суурин орших бөгөөд Очирт суурингаас умард зүгт есөн хар уул байна. Энэ есөн уулны цаана Их цаст Тисва уул, түүний дэргэд Хүжний үнэрт уул гэж байна. Энэ хоёр уулын завсар Анабада хэмээх далай орших бөгөөд эндээс Ганга, Синду, Сид, Багту гэсэн дөрвөн их мөрөн эх авч урсана. Замбуу тивд Чанбу, Саламали, Маш бат салын хаан гэсэн гурван үлэмж мод байна. Мөн энэ тивд таван их орон байна. Очирт суурины орон, Тунгалаг сэрүүн уулын орон, Бодала орон, Удаяана орон, Самудала орон.

Замбуу тивийн дор Габилин хэмээх балгас (хот) орших бөгөөд тэнд Эрлэг Номын хаан байх ажээ.

Сүмбэр уулын усны завсарт Асурын балгас байх бөгөөд тэр балгасын дор од эрхэс байрлах ажээ. Сүмбэр уул нь дөрвөн үе тэнгэрээс тогтоно. Гартаа тэвш баригч Ялха тэнгэр, Эрх баригч тэнгэр, Насад согтогч тэнгэр, 4 махаранзын тэнгэр. Үүний дээр 33 тэнгэр байх бөгөөд үүнийг эдийн найман тэнгэр, нарны 12 хөвгүүн тэнгэр, 11 догшин тэнгэр, Агсуванийн 2 хөвгүүн тэнгэр. Үүний дээр дөрвөн өнцөгт, гартаа очир баригчийн орд байна. Түүний дотор Үзэсгэлэн гоо нэрт Хурмастын ордон байрлана. Үүний дунд нь машид ялгуусан хэмээх сайхан харш байх ажээ. Энэ харш нь гадуураа 4 цэцэрлэгтэй. Элдэв дээд, Ширүүн болгогч, Хольцонгуй, Баясгалант цэцэрлэг.

Түүний дээр Түшидийн тэнгэр байх бөгөөд Түшдээс дээр 1000, 1000-р ертөнцийн орныг үечилдэг.

Харин шим ертөнцөд гурван орон байна. Үүнд хүслийн буюу амармагийн орон, дүрстийн орон, дүрсгүйн орон. Хүслийн ертөнцөд юмс үзэгдлийг харьцангуйд сэтгэдэг амьтад багтана. Учир нь ухамсар нь ямагт бие махбодийнхоо  хязгаарлагдмал төлөвт захирагддаг. Илт номын ёсоор амармагийн орны амьтад нь там, бирд, адгуус, хүн, тэнгэр гэсэн таван зүйл амьтан байна. Тэнгэрийн ертөнцөд хүслийн ертөнцийн 6 зүйл тэнгэр, дүрстийн ертөнцийн тэнгэр багтана. 6 зүйл тэнгэрт 4 махаранзын аймгийн тэнгэр, 33 тэнгэр, Байлдаанаас хагацсан тэнгэр, Хувилгаан дор баясагч тэнгэр, Бусдын хувилгааныг эрхээр болгогч тэнгэр багтана.

Дүрст ертөнцийн 17 тэнгэр байна. Үүнд Гэрэлт тэнгэрийн аймгийн 3 тэнгэр, Буянт тэнгэрийн аймгийн 3 тэнгэр, Хутагтын 5 аймаг тэнгэр, Бэртэгчний орны 3 тэнгэр, Их бус тэнгэр, Үл энэлэгч тэнгэр, Маш унжигч тэнгэр, Тансагт тэнгэр, Агиста тэнгэр.

Дүрсгүйн оронд юу ч бодитой оршихгүй. Энэ нь хоосон чанарыг ухаарсан ухамсар юм. Гэхдээ дүрсгүйн орныг дөрвөн шинжээр илэрхийлдэг. Огторгуйн тоолшгүй түрэн түгэхүй, Тийн мэдэл хязгаарлашгүй түрэн түгэхүй, Юухан бээр үгүй түгэн түгэхүй, Хуран мэдэхүй үгүй, хуран мэдэхүй үгүй бусын төрөн түгэхүй дөрөв байна.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s