Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог

Шашны байгууллага нь шашны зохион байгуулалтын талыг илэрхийлсэн элемент бөгөөд шашны итгэл үнэмшил, шашны ухамсарын тодорхой түвшин дэх хүмүүсийн өвөрмөц нэгдэл буюу нийгэмлэг, нийгмийн нэг институт юм. Шашны тахилга шүтлэгийн болон тахилга шүтлэгийн бус зохион байгуулалттай үйл ажиллагаа нь шашны янз бүрийн байгууллагуудаар дамжин илэрдэг.

Энэ утгаараа шашны байгууллага нь шашны оршин тогтнохын үндэс нь болж, сүсэгтний сүсэг бишрэлийг гүнзгийрүүлэх, хүн амыг шашны үйл хэрэгт хөтлөн оруулагч хүч нь болж байдаг.

Шашны байгууллага нь шашны сүсэг бишрэлийн төлөв байдал, цар хүрээ, нийгмийн нөхцлөөс хамаарч улс үндэстэн бүрт харилцан адил бус хугацаанд бүрэлдэн тогтож иржээ. Тотемизм, анимизм, фетишизм зэрэг шашны эртний хэлбэрүүдэд нэгдмэл зохион байгуулалт бүхий шашны байгууллага байгаагүй боловч овог, отгийн ахлагч, оюун санааны удирдагчид болох бөө, удган, тайлгач нарын удирдлага дор сүсэг бишрэлийн зан үйлийг гүйцэтгэж байсан түүхийн ул мөр олон бий.

Сүсэг бишрэл, тахил шүтээний ёс улам боловсронгуй болохын хирээр түүнийг дагнан эрхэлдэг мэргэжсэн хүмүүс бий болж зохион байгуулалтын хэлбэрт шилжиж улмаар дотооддоо нарийн бүтэц, зохион байгуулалт, шатлан захирах ёс бүхий нэгэн институт болон цэгцэрч, бүрэн хэлбэржиж ирсэн байна.

Шашны байгууллага нь улс үндэстний онцлог, мөргөлийн ёс горим, зан заншлаас хамаарч хэлбэрийн хувьд олон шинж төрхийг хадгалж байдаг. Тухайлбал, католик, православ (үнэн алдартан)-д хэмжээгүй эрхт, Англиканд парламент ёсны, кальвинизмд (протестант) ардчилсан гэх мэт шашны байгууллагын хэлбэр уламжлагдаж ирсэн байх жишээтэй.[1]

Шашны байгууллагын хэлбэрийг ангилан тодорхойлох асуудал нь М.Веберээс эхлэлтэй бөгөөд тэрээр нийгмийн харилцаанд тэнцвэртэй байр суурийг баримтлагч сүм хийд болон сөргөлдөгч хандлага баримтлах сектийн талаар саналаа дэвшүүлсэн байдаг.[2] Харин 1920 оны үед германы нэрт шашин судлаач Э.Трёльч шашины нийгэмлэгүүдийн хэв маягийн сонгодог ангилал боловсруулсан. Тэрээр, аливаа шашины байгууллагууд нь сүм хийд ба бүлэглэл гэсэн 2 үндсэн хэв маягт хуваагдаж байна гэж үзсэн. [3] Трёльчийн энэ ангилал олон арван жил шашины судалгааны удирдамж болж ирсэн ба хожим 1970-80 оны үед америкийн судлаачид түүний ангиллыг 4 болгон задалж, арай нарийвчлан авч үзэх болсон юм. Үүнд:

  1. Сүм хийд ба экклеси
  2. Деноминаци (өргөтгөл нийгэмлэг)
  3. Сект (ердийн бүлэглэл)
  4. Тахин шүтлэг буюу культ (явцуу бүлэглэл) эдгээр болно. [4]

Сүм хийд. Шашны байгууллагын үндсэн хэв маяг бол сүм хийд бөгөөд шашны тахил шүтлэгийн үйлийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэгч гэж хэлж болно.[5] Сүм хийд нь тухайн улсынхаа  нийгмийн бүхий л салбарт нэр нөлөө бүхий болж чадсан, байгууллагын хувьд төлөвшил, зохион байгуулалтын өндөр түвшинд хүрсэн шашны байгууллагын хэлбэр юм. Сүм хийд, үзэл сургаалын хувьд төлөвшсөн, удирдлагын хувьд мэргэшсэн байдаг бөгөөд бүр эртнээс уламжлан мөрдөж, үйлдэж ирсэн зан үйлийн нэгдмэл тогтолцоо, литург бүхий байдаг. Сүм хийд нь олонхи тохиолдолд уламжлалт шашных байх бөгөөд үүний сонгодог жишээ нь дэлхийн гэх тодотголтой ромын католик, грек, оросын үнэн алдартан, буддын шашны чиглэлүүд, протестант болон англикан сүмүүдийг жишээ болгож болох юм.

Сүм хийдийн үйл ажиллагааны гол онцлог нь тогтсон зан үйл, цэгцтэй сургаал, шашны тэмдэглэлт арга хэмжээнүүдийг нийгмийн бүхий л хүрээг хамруулан зохион байгуулах явдал байх бөгөөд нийгмийн бусад институтуудтай нарийн нягт хамтран ажиллах нь элбэг тохиолддог.

Монгол орны хувьд Буддын шашин, исламын шашны сүм хийдүүд, протестант шашны болон шинэ урсгал, хөдөлгөөнүүд шашин номын үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг бөгөөд, христийн шашны католик, үнэн алдартны сүм хийдүүд боловсрол, хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон өөрийн шашныг шүтэгч цөөн тооны сүсэгтний сүсэг бишрэлийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор төдий л идэвхитэй бус, зан үйлийн шинжтэй үйл ажиллагааг явуулдаг.

Сүм хийд нь нийгмийн оюун санааны ертөнцөд тодорхой хэмжээний үүргүүдийг гүйцэтгэж ирсэн бөгөөд нийгмийн гишүүдийн оюун санаа болон сэтгэл зүйд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүм хийд нь дараах хэд хэдэн үүргийг гүйцэтгэдэг:

  • Сүсэгтнийг шашны сургаалаар дамжуулан хүмүүжүүлэх буюу үүгээрээ нийгмийн ёс суртахууны тодорхой хэм хэмжээг бий болгох
  • Сүсэгтний оюуны, сүсэг бишрэлийн хэрэгцээг хангах /тайвшруулах, тайтгаруулах, сэтгэл санааны дэм өгөх гэх мэт/
  • Тухайн улс түмний соёлын тодорхой уламжлалыг өвлөн авч хойч үед дамжуулан хүргэх
  • Шашны талаарх нэгдмэл бодлогыг тодорхойлох төрийн бодлогод нөлөөлөх зэрэг болно.

Сүм хийдийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг цэвэр оюун санаа буюу шашны үйл хэрэг ба нийгмийн байр суурийн төлөөх гэсэн 2 хэсэгт хуваан үзэж болно.

Шашны номлол сургаалийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, шүтэн бишрэгчдийнхээ оюун санааны амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлөн, тэдэнд дэм өгөх, бие хүнд шашны номлол, ёс уламжлал, үзэл баримтлалын агуулга бүхий ёс суртахууны хэм хэмжээг төлөвшүүлэх зэрэг нь сүм хийдийн оюун санаа, шашины үйл хэргийн зорилго мөн. Харин нийгэмд өөрийн байгууллагын байр суурийг эдийн засаг болон нэр хүндийн талаас бэхжүүлэх, нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодолд шашны үзэл санааны үзүүлэх нөлөөг дээшлүүлэх, сүсэгтнийхээ хүрээг тэлэх, шашны тогтоосон ёс дэг, ёслолыг ном журмын дагуу гүйцэтгэж, үүгээрээ дамжуулан сүсэгтний бүлгийн бүтцийг батжуулах зэрэг нь сүм хийдийн нийгмийн байр суурийг бэхжүүлэх зорилгод нийцэх юм.

Сүм хийд, түүний тахил шүтээний байгууламжууд нь хүн амд сүсэг бишрэлээр гүнзгий нөлөөлж, тэдний оюун санааны хэрэгцээг хангах чухал төв болж байдаг.

АНУ-ын Балл Стейт Их сургуулийн профессор, судлаач Роналд Л.Жонстоун сүм хийдийн дараах долоон онцлог шинжийг тодорхойлсон байна. Үүнд:

  1. Нийгмийн бүх гишүүдийг өөртөө хамаатуулсан нэгдмэл байдлыг хадгалж, “иргэний харъяалал” хэмээх ойлголтыг “гишүүнчлэл” гэсэн ойлголттой адилтган авч үзэхийг оролддог;
  2. Нэг шашны ноёрхолыг дэмжин хөхиүлж, шашин хоорондын өрсөлдөөнийг үгүйсгэдэг;
  3. Төр болон шашны бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, харилцаагаа бэхжүүлж байдаг;
  4. Хөдөлмөр хуваарилалтын нарийн систем бүхий шатлан захирах зохион байгуулалттай;
  5. Албан ёсны, өндөр мэргэшсэн, дадлага туршлага бүхий сахил хүртсэн санваартнууд бүтэн цагаар ажилладаг;
  6. Хүүхдийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үйл явцын  ачаар шинэ гишүүдийнх нь тоо аяндаа нэмэгдэж байдаг (удам дамжсан, гэр бүлийн шүтлэг);
  7. Сүм хийдийн дотор хоорондоо ялгаа бүхий бүлгүүд (хувраг, эсвэл гэлэнмаа нарын орден) үүсэж бий болохыг зөвшөөрдөг.[6]

Сүм хийдийн боловсронгуй хэлбэр нь экклеси юм. Экклеси нь дээр дурдсан сүм хийдийн шинжүүдийг өөртөө агуулж нийгмийн гишүүдийг бүхэлд нь хамардаг боловч тухайн нийгэмд дангаар ноёрхогч ганц шашин байж чаддаггүй. Дани (Данийн сүм, Фарое арлын сүм), Финланд (Финландын сүм, Финнийн Ортодокс сүм), Грек (Грекийн сүм), Исланд (Исландын сүм), Норвеги (Норвегийн сүм), Их Британи (Английн англикан сүм, Шотландын сүм) зэрэг Европын орнуудын төрийн албан ёсны гэгдэх шашны байгууллагуудыг энэ хэлбэрт хамааруулан үзэж болно.

Деноминаци. Шашны байгууллагын энэ хэлбэр нь сүм хийд болон сектийн завсрын шинжтэй. Деноминациийн хувьд шүтэн бишрэгчдийнхээ тоо, цар хүрээгээр шашны бусад урсгалуудыг даван гарах эрмэлзлэл бүхий америк маягийн хэв шинжит шашны байгууллага гэж Смейлзер үзжээ.[7] Сектүүд нийгмийн харилцаанд сөргөлдсөн хандлагыг илэрхийлдэг бол Деноминацууд нийгмийн бусад институтуудтай идэвхтэй харилцаа холбоо тогтоож, зарим тохиолдолд төрийг дэмжсэн хандлагатай ажилладаг байна.

Деноминаци гол төлөв сүм хийд нийгэмд дангаар ноёрхогч байр сууриа алдах үед гарч ирдэг. Сүм хийд болон сект деноминаци болж хувирахдаа дараах шинж чанаруудыг өөртөө агуулах болдог. Үүнд:

1.      Сүм хийдтэй төсөөтэй, сектээс ялгарах тал нь төр болоод шашны бус бусад байгууллагуудтай сайн харилцаатай байж, төрийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролддог;

2.      Шашны олон ургальч үзэл санаанд хүлээцтэй хандаж нийгэм дэх бусад деноминацуудтай найрсаг харилцаатай зэрэгцэн оршдог;

3.      Гишүүнчлэлээ нэмэгдүүлэхдээ удам дамжсан гишүүнчлэлд найдах боловч бусад шашнаас элсүүлэхэд идэвхи чармайлт гаргадаг;

4.      Теологи, гүн ухааны маргаанд хүлээцтэй хандаж, сургаал, номлол ба зан үйлийн бага зэрэг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх хандлага баримталдаг;

5.      Сэтгэл хөдлөлөө бага илэрхийлсэн шашны зан үйл, хамтын мөргөл үйлддэг;

6.      Деноминациас тавигдах шаардлагад нийцсэн, мэргэшсэн санваартныг сургаж, ажиллуулдаг;

7.      Гишүүдийг денонимацийн үйл ажиллагаанд сектийг бодвол харьцангуй бага, сүм хийдийг бодвол илүү өргөн хүрээтэйгээр татан оролцуулдаг;

8.      Нийгмийн дээд болон дунд давхаргаас гол төлөв шууд бус хамааралтай[8]

Баптист, Методист, Лютеран, Долоо дахь өдрийн Адвентист зэрэг христийн шашны ихэнхи пост-реформист урсгалууд энэ хэлбэрийн байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.

Сект. Уламжлалт шашны байгууллагын эсрэг сөрөн зогсож, тэдний үйл ажиллагааг шүүмжлэн, өөрсдийн шашны шинэ үзэл сургаал, баримтлалыг бий болгон, нийгмийн оюун санааны амьдралд нөлөөлөхийг оролдох үед энэ төрлийн шашны байгууллагууд үүсэн бий болдог. Шашны сектүүд нь ноёрхогч шашны үзэл санаа, баримтлалд шүүмжлэлтэй хандах бөгөөд нийгмийн амьдралд сөргөлдсөн байдалтай хандах тохиолдол бий. Тухайлбал боловсролын системд шүүмжлэлтэй хандах, эрүүл мэндийн үйлчилгээг эсэргүүцэх гэх мэт.

Сектийн гишүүд нь тооны хувьд цөөн, гишүүнчлэлийн байдал хатуу чанд, нарийн зохион байгуулалттай, үйл ажиллагааны хувьд өргөн дэлгэр бус, үзэл баримтлалын хувьд ноёрхогч шашны номлолтой сөргөлдөх тул гишүүд нь зарим талаараа нийгмээс тусгаарлагдсан, гадуурхагдсан шинжтэй байх нь бий.

Сект нь нийгэмд эерэг, сөрөг хоёр талтай. Эерэг тал нь нийгэмд ноёрхогч шашны хэт хуучинсаг үзэл санаа, номлол сургаал, зан үйлийн хэлбэрийг эсэргүүцэн няцаах замаар тухайн шашинд шинэчлэлийн элементийг бий болгох талтай. Мөн шинэ цаг үеийн нийгмийн хэрэгцээ шаардлага, ашиг сонирхолыг соргогоор мэдэрч түүнийг олон нийтийн хүртээл болгохыг эрмэлзэж байдаг байна. Сөрөг тал нь, ихэнхи тохиолдолд сектүүд нийгэмтэйгээ зөрчилдөж уламжлалт тогтсон зан үйл, үзэл сургаалд шүүмжлэлтэй ханддаг. Үйл ажиллагаа нь нийгэмд олонхийн дэмжлэг авч чадаагүйгээс нийгэмд хориотой арга замаар өөрсдийн үйл ажиллагааг явуулахыг эрмэлздэг байна.

Культ. Энэ нь бүлэглэлийн туйлширсан хэлбэр бөгөөд шашны тахил шүтлэгийн зан үйл нь зөрчилдсөний улмаас ноёрхогч шашнаас салан тусгаарлахад хүргэдэг хэдий ч культ нь тэднийг нийгмийн шинэ дэг ёс, шинэ хэм хэмжээг гаргаж ирэхийг шаарддаг байна.

Тахил шүтлэгийн обьект нь шашны нэр нөлөө бүхий лидер байх нь элбэг тохиолддог. Эдгээр байгууллагууд нь зарим талаараа тусгаарлагдмал шинжтэй бөгөөд цаг үе, орчинтойгоо зөрчилддөг, удирдагчийнхаа эрх мэдэлд хэт баригдмал байдаг. Гишүүд нь сүсэг бишрэл, итгэл үнэмшилд гүн автсан, чин сэтгэлээсээ итгэж биширсэн байх нь бий.

Зан үйлийн хувьд тогтсон хатуу дэг ёс байх нь цөөн, бусад шашин, төр засгийг эрс эсэргүүцэн шүүмжилдэг байна.

Өөрийн үзэл сургаалыг дэлгэрүүлэх, сурталчилах үйл ажиллагаа нь гол төлөв нийгмийн тогтсон хэм хэмжээг зөрчих гээд байдаг талтай.

Орчин үеийн Монголын нийгэмд шашны дээрхи байгууллагуудаас гадна өөрийн зорилго, нийгмийн бүтэц, удирдлагын арга барил, үйл ажиллагааны онцлогоороо ялгарах болсон шашны байгууллагын өвөрмөц хэлбэр бий болсоныг дурдахгүй байж болохгүй юм. Энэ хэлбэр нь үзэл баримтлалын хувьд шашны уламжилсан сургаал, үзлийг баримтлах бөгөөд түүнийг дэмжин үйл ажиллагаагаа явуулдаг сүм хийдийн бус шашны байгууллагууд юм.

Энэ байгууллагуудын сүм хийдээс ялгарах гол ялгаа нь түүний үйл ажиллагааны үндсэн зорилго, чиглэл нь шашны хурал номын үйл ажиллагаа эрхлэх явдал бус харин түүний үзэл сургаалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах явдал бөгөөд хэдийгээр уламжлалт сүм хийдийн үйл ажиллагааг дэмжих боловч харьцангуй бие даасан үйл ажиллагааг явуулдаг.

Мөн хатуу дэг жаягт баригддаггүй, зэрэг дэвийн онцын ялгаа байдаггүй, удирдлагын хувьд мэргэжсэн лам хуврагаасаа илүүтэйгээр нэр хүнд бүхий удирдагчидтай байдаг.

Нийгэмд олон янзын шашны урсгалууд нэвтрэх, уламжлалт буюу ноёрхогч шашны байр сууринд өрсөлдөгч шашин хүчтэй нөлөөлөх үед сүм хийдийн бус шашны байгууллагууд бий болдог байна. Тухайлбал, манай оронд шашин шүтэх эрх чөлөөтэй болсон 1990-ээд оны эхэн үеээс шашны байгууллагууд эрчимтэй байгуулагдаж эхэлсэн бөгөөд христийн буюу гадны шашны урсгалууд нэвтэрч ард иргэдийг өөрсдийн шүтэн бишрэгчдийн эгнээнд элсүүлэх болсон тэр үеэс шашны сүм хийдийн бус шашны байгууллагууд бий болох болсон*. 1994 оноос 2006 оны хооронд улсын бүртгэлд төрийн бус байгууллага гэж бүртгэгдсэн байгууллагуудын үйл ажиллагаа, бичиг баримтад шинжилгээ хийж үзэхэд нийт 35 байгууллага шашны ямар нэг урсгал чиглэлийг дэмжих, шашин дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь харагдсан (Хавсралт үзнэ үү).

Чухам ямар шалгуураар дээрх байгууллагуудыг сүм хийдийн бус шашны байгууллага гэж үзэв гэвэл:

1.      Тухайн байгууллагын үйл ажиллагаа нь илт шашныг дэмжсэн, түүнийг сурталчилсан

2.      Тухайн байгууллагын үйл ажиллагааны зорилго нь шашны хурал номын бус нийгэмд хандсан, идэвхитэй

3.      Гишүүнчлэл нь нээлттэй, сайн дурын шинжтэй

4.      Монголын нөхцөлд эдгээр байгууллагууд нь эрх зүйн орчноос хамаараад ТББ-ын хэлбэрээр л үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон (Эдгээр байгууллагыг “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулиар зохицуулах боломжгүй тул “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог).

Эдгээр байгууллагууд нь сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд шашны үзэл номлолыг дэлгэрүүлэх, сурталчилахад сүм хийдийг дэмжих зорилготой байдаг.

Удирдлагын хувьд сүм хийдээс хараат бус ба санхүү, эдийн засгийн хувьд тогтворгүй байдаг. Сүм хийдийн бус шашины байгууллагыг дээр дурдсан шашны байгууллагын хэлбэрүүдтэй харьцуулан үзвэл:

Шашны байгууллагын хэлбэрүүд*

Сүм хийд

Деноминации

Сект

Культ

Сүм хийдийн бус шашны байгууллага

Жишээ

Монголын Бурханы шашны төв

Методизм, америк лютерианизм

Иеговын гэрчүүд,

Мормонистууд

Эв нэгдлийн сүм

Шашны сайн дурын байгууллагууд,

Буддист залуучуудын холбоо

Гишүүнчлэлийн эх үүсвэр

Нийгмийн ихэнхи гишүүдийг хамарсан байна

Бүлгийн гишүүдийн үр хүүхдээс итгэл олох замаар, шинэ гишүүдийг итгэл бишрэлээр нь татах

Итгүүлэх аргаар элсүүлнэ

Итгүүлэх аргаар элсүүлнэ

Ноёрхогч  сүм хийдийг дэмжигчидийн сайн дурын үндсэн дээр

Төр болон бусад шашны байгууллагатай харилцах нь

Бусад шашны болон төрийн байгууллагатай нээлттэй харилцана

Төртэй хэвийн харилцаатай ч түүний бүтцэд үл орно, бусад байгууллагуудтай төдийлөн харилцдаггүй.

Бусад шашны болон төрийн байгууллагын эсрэг байр суурьтай харьцана.

Бусад шашны болон төрийн байгууллагыг үгүйсгэнэ.

Бусад шашны болон төрийн байгууллагатай нээлттэй харилцана

Удирдлагын хэв маяг Мэргэжсэн лам хуврагууд Мэргэжсэн лам хуврагууд

Сулхан бэлтгэгдсэн мэргэжлийн бус хошуучлагчид

Нэр хүнд бүхий удирдагчид

Нэр хүнд бүхий удирдагчид

Үзэл баримтлал

Уламжлалт буюу ноёрхогч, албан ёсны сургаал байна.

Элдэв байр суурь маргаанд тэвчээртэй хандана.

Шашны сургаалаа ариунаар мандуулахын тулд анхны зарчмуудаа сэргээн баримтална

Шинэ зарчмууд

Уламжлалт буюу ноёрхогч, албан ёсны сургаал байна.

Гишүүдээ элсүүлэх

Бараг гишүүнгүй байж болох буюу гишүүд үл шаардана.

Бага зэргээр татаж элсүүлнэ. Өөр үүрэгтэй байхыг зөвшөөрнө

Үнэнч шударга байхаа ямагт гүнээ мэдэрсэн байна

Гарцаагүй итгэж үнэмшсэн байна.

Сайн дурын үндсэн дээр байна.

Шашны зан үйлийн хэлбэр

Тогтсон литург бүхий байна

Тогтсон дэг ёс, сэтгэл хөдлөлийн хир тааруу илэрхийлэл

Чин үнэнээсээ сэтгэл хөдлөх, сүсэг бишрэлээ өөрийн эрхгүй илэрхийлэх

Чин үнэн сэтгэл хөдлөл

Сэтгэл хөдлөлийн хир тааруу илэрхийлэл

Сүм хийдийн бус шашны байгууллагуудын үйл ажиллагаа, холбогдох бичиг баримтад шинжилгээ хийж үзвэл зорилгоо доорхи байдлаар томъёолсон байна. Үүнд:

1.      Шашны үзэл номлол, сургаалыг уламжлалт бус арга замаар олон нийтэд хүргэх;

2.      Гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдний хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, харилцан мэдээлэл, санал бодол, туршлагаа чөлөөтэй солилцох бололцоог бүрдүүлэх;

3.      Нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах;

4.      Шашны уламжлалыг шашны бусад урсгалуудын нөлөөлөлөөс хамгаалах;

5.      Шашны байр суурийг нийгэмд бэхжүүлэх сүм хийдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Ингэхээр сүм хийдийн бус шашны байгууллагууд нь шашин номлох, сургаал айлдахад гол зорилгоо хандуулдаггүй, харин түүнийг сурталчилах, дэлгэрүүлэх үйл ажиллагаа идэвхитэй явуулахад чиглэж байгаа нь харагдаж байна.

Эцэст нь дүгнэхэд шашны байгууллагын дээр дурдсан хэлбэрүүд нь шашны дотоод сургаал номлолд хандах олон ургальч хандлагын нэг илрэл бөгөөд нийгмийн бусад институтуудтай харилцах явцад үүсч бий болдог ажээ. Ингэхдээ тухайн улс орон, нийгэмд оршин буй уламжлалт буюу зонхилох шашны нийгэмд эзэлж буй байр суурь, түүнд хандах тухайн шашны болоод бусад шашны сүсэгтнүүдийн хандлагыг давхар илэрхийлж байгаа нь харагдаж байна.

Монгол Улсад шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөө нээлттэй болсон сүүлийн хорин жилийн хугацаанд уламжлалт бөө мөргөл, буддын шашин, исламын шашин шүтэх явдал сэргэсний зэрэгцээ христийн шашин болон бусад шашны урсгал чиглэлүүд нэвтэрч өөрсдийн гишүүд, сүсэгтний эгнээгээ эрчимтэй тэлэх болсоныг та бид мэдэж байгаа. Гэвч чухам ямар шашны яг хичнээн урсгал, ямар байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгааг нарийн тодорхой судалсан судалгаа үгүйлэгдэж байна.

Хэдийгээр Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа шашны байгууллагуудын тоо хэмжээ тодорхой байгаа боловч хэлбэрийг нь “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуульд заасны дагуу “сүм хийд, хурал, цуглаан” гэх төдийгөөр хязгаарлан тодорхойлсон нь учир дутагдалтай юм. Учир нь дээр дурьдсан хуулийн заалт дахь нэр томъёо нь бүхэлдээ шашны байгууллага гэсэн ойлголтыг илэрхийлж чадахгүйтэй холбоотой. Энэ байдал нь сүм хийдийн бус атлаа шашны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад нийгэмд гарц хайх өөр арга замыг сонгохоос аргагүй байдалд хүргэж “Төрийн бус байгууллага” нэрийн дор үйл ажиллагаа явуулахад хүргэж байна.

Иймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын хэлбэрийг тодорхойлон үйл ажиллагааны онцлогийг гүнзгийрүүлэн судлах шаардлага урган гарч байгаа бөгөөд ингэснээр төрөөс шашны олон янзын хэлбэр бүхий байгууллагуудтай харилцах, тэдний талаар баримтлах бодлогыг тодорхойлох, боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.

Шашин судлаач Ж.Алтайбаатар

(Өгүүллийн эх нь ШУА-ийн “Эрдмийн ертөнц” сэтгүүлийн 2010/02 дугаарт хэвлэгдсэн)

 

Эх сурвалж

1.      Дагвадорж Д., Гантуяа М., Жамбал А. Шашин судлал. Улаанбаатар, 2001.

2.      Гордиенко Н.С. Основы научного атейзма. Москва, 1978.

3.      Смейлзер, Нейл. Социологи. Улаанбаатар, 2001.

4.      Трёльч Э. Церковь и секта //Религия и общество. Хрестоматия по социологии религии. Часть 1, Москва,1994. с.140-148.

5.      Johnstone, Ronald. Religion in Society:A Sociology of Religion. New Jersey, 2006.Маx

6.       Weber, The Protestant ethic and the “spirit” of capitalism, Charles Scibner’s Sons, New York, 1958


[1] Дагвадорж Д., Гантуяа М., Жамбал А. Шашин судлал. Улаанбаатар, 2001. хуудас 47

[2] Маx Weber, The Protestant ethic and the “spirit” of capitalism, Charles Scibner’s Sons, New York, 1958

[3] Трёльч Э. Церковь и секта //Религия и общество. Хрестоматия по социологии религии. Часть 1, Москва,1994. с.140-148.

[4] Смейлзер, Нейл. Социологи. Улаанбаатар, 2001. хуудас 438-439

[5] Н.С.Гордиенко. Основы научного атейзма. Москва, 1978. Стр 16

[6] Johnstone, Ronald. Religion in Society:A Sociology of Religion. New Jersey, 2006,  p. 148

[7] Смейлзер, Нейл. Социологи. Улаанбаатар, 2001. хуудас 438

[8] Johnstone, Ronald. Religion in Society:A Sociology of Religion. New Jersey, 2006,  p. 151

* Тухайлбал Бурханы шашныг дэлгэрїїлэх, шашин соёлын їйл ажиллагааг сурталчилах зорилгоор Сїсэгтний холбоо байгуулагдаж байсан бєгєєд хэдийгээр тэргїїлэгчид нь шашны санваартнууд байсан хэдий ч їйл ажиллагаа нь нийгэмд хандаж байсныг тэр байгууллагын дїрмээс тодорхой харж болно.

* Нейл Смейлзерийн шашны байгууллагын хэлбэрүүдийн харьцуулалтыг ашиглав.

2 thoughts on “Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s