Шашныг ангилах нь: ойлголт, хандлагууд

Шашин, сүсэг бишрэлийн талаарх мэдлэгийг өргөн цар хүрээг хамруулан ангилан системчлэх оролдлого нь олон зууны турш шашин судлаачдын нэгэн зорилт байсаар ирсэн бөгөөд ялангуяа шашин, сүсэг бишрэлийн талаар мэдлэг өргөжин тэлж, шинжлэх ухааны орчин үеийн судалгааны арга зүй улам бүр боловсронгуй болсон сүүлийн хоёр зууны туршид энэ чиглэлээр сонирхон судлагчдын тоо нэмэгдэж, шашныг ангилах шинэ шинэ хандлагууд бий болсоор байна.

Шашныг ангилахын ач холбогдол нь юунд оршино вэ хэмээвээс, хүн төрөлхтний шашны туршлагын тухай мэдлэгийг өргөн хүрээг хамруулан оновчтой системчлэх явдал юм. Ангилал нь шинжлэх ухааны бүхий л салбарын хувьд юмс, үзэгдлийн тухай ойлголт, мэдээ баримтыг зохистой харьцаагаар тодорхой зохион байгуулалтад оруулах бэлтгэл алхам болдог.

Шашныг судлах шинжлэх ухааны сонирхол өсөн нэмэгдсэн сүүлийн 130 орчим жилийн турш  Өрнийн их сургуулиудын шашин судлаач тэргүүлэх эрдэмтэд шашныг ангилах асуудалд олон талын байр сууринаас хандаж өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий систем, хандлагуудыг боловсруулжээ. Энэхүү өгүүлэл нь эдгээр хандлагуудыг бүгдийг нь багтаан өгүүлж эс чадах тул хамгийн нийтлэг ангиллын цөөн хэдэн хэлбэрээс дурдая.

Шашныг ангилахдаа урсгал чиглэлүүдэд байх шашны элемэнтүүдийн нийтлэг болон ялгаатай талуудыг үндэс болгон зэрэглэл тогтоох, ангилах нь түгээмэл. Орчин үеийн харьцуулсан шашин судлалд шашныг нэршилээр нь Христийн ба Буддын гэх мэтчилэн ангилахаас гадна хамрах хүрээгээр нь овог аймгийн, улс үндэстний, тив-дэлхийн шашин шүтлэг, сургаал номлолын агуулгаар нь дхармын (зам мөрийн) ба дхармын бус (зам мөрийн бус) шашин, сургаалийг үндэслэгчээр нь Абрахамын ба Абрахамын бус шашин, нийгэмд эзлэх байр суурь, түүхэн ач холбогдол, үнэт зүйлээс нь хамааруулан уламжлалт ба уламжлалт бус шашин гэж ангилах хандлагууд байна.

Шашныг ангилах хамгийн нийтлэг бөгөөд энгийн, бас эртний ангилал нь үнэн шашныг хуурамчаас нь ялгаж салган ангилах үзэл юм. Энэ ангилал нь ихэнхи томоохон шашин, сүсэг бишрэлийн хэлбэрүүд өөрсдийн сургаал, номлолоо хамгаалах хэрэгцээ, шаардлагын улмаас үүссэн байж болох юм. Магадгүй энэхүү ангилал нь шинжлэх ухааны үнэ цэнэгүй, ангилал хийх шинж тэмдэг, мөн чанар, элементүүдийг түүвэрлэх шалгуур нь үл хүлээн зөвшөөрөгдөж болох ч бүх л шашнуудад байх апологетик чанар[1] нь энэхүү ангилалын өнөөг хүртэл оршин байхын шалтгаан болж байна.

Ангилалын энэ хэлбэрийн жишээ дэлхийн шашны түүхэнд олон бий. Эрт үеийн патристикууд (МЭ II зуун, Александрын Климент гэх мэт) Христийн шашны өрсөлдөгч Элленүүд (Грек-Ромын шашнууд) нь үнэн шашны хуудуутай хуулбар, доройтсон сахиусан тэнгэрүүдийн бүтээл гэж үзэж байв. Дундад зууны үеийн нэрт философич, теологич Аквиний Фома хүний бие даасан оюун ухааны хүчээр нээн илрүүлж болох шашин –  байгалийн шашныг тэнгэрлэг, “цор ганц үнэн шашин” (өөрийнх нь нэрлэснээр) болох Христийн шашнаас ялгаж үзсэн.

XVI зууны үед протестантизмыг үндэслэгч Мартин Лютер, Ислам, Иудей ба Ромын католик шашныг сүм хийдээр дамжуулан бурхантай харьцах тул “буруу үзэлт шашин” хэмээсэн ба “Христийн шашны номлол сургаалыг хүн зөвхөн өөрийн дотоод сэтгэлийн хүч, чин сүжигээр дамжуулан зөвхөн Бурханы нигүүлсэхүй сэтгэлийн ачаар аврагдана гэсэн үзлийг баримтлах нь жинхэнэ үнэн юм” гэжээ.

Шашныг авч үзэх шинжлэх ухааны хандлагын нөлөөгөөр XIX зууны үеэс энэхүү хандлага учир дутагдалтай нь илэрхий болсон хэдий ч дараа дараагийн ангилалуудад өөрийн мөн чанараа хадгалсаар байсныг хойно бид харах болно.

Шашныг газарзүйн хүчин зүйлээс нь хамааруулан ангилдаг ангиллыг Шашныг ангилах газарзүйн ангилал гэдэг.[2] Энэ ангилал ёсоор дэлхийн тодорхой газар нутагт зэрэгцэн оршиж буй хоёр болон түүнээс дээш хэд хэдэн шашныг бүлэглэн ангилдаг. Энэ хандлагыг баримтлагчид шашныг дараах байдлаар гол төлөв ангилж байна. Үүнд:

1.    Дундад азийн шашнууд: Иудейн шашин, Христийн шашин, Ислам, Зороастрийн шашин болон эртний шашны зарим хэлбэрүүд

2.    Алс дорнодын шашнууд: Хятад, Япон, Солонгосын шашнууд болох Күнзийн шашин, Даосизм, Буддын шашны их хөлгөний урсгал ба Шинто шашин

3.    Энэтхэгийн шашнууд: эрт үеийн Буддын шашин, Хиндуизм, Жайнизм, Сихизм болон Буддын шашны бага хөлгөний урсгалын зарим чиглэлүүд, Өмнөд болон зүүн өмнөд азийн Хиндуизм-Буддын шашны холимог урсгалууд

4.    Африкийн шашнууд: Африкийн омгийн шүтлэгүүд, эртний Египтийн шашин

5.    Америкийн шашнууд: Америк тивийн индианчуудын шашин, шүтлэг хэлбэрүүд

6.    Далайн шашнууд: Номхон далай, Австрали, Шинэ Зеландийн ард түмнүүдийн шашин шүтлэгүүдийн систем

7.    Эртний Грек, Ромын сонгодог шашнууд

Шашныг ангилах газарзүйн ангиллын үнэн магадтай байдал нь судлаачийн газарзүйн мэдлэг чадвараар л хязгаарлагддаг. Тухайлбал, гарал үүсэл, номлол сургаалийн хувь ижил төстэй байж болох Христийн болон Иудейн шашныг Өрнийн ба Дорнын шашин гэж ангилах явдал түгээмэл бөгөөд эндээс дүгнэхэд шашныг зөвхөн газарзүйн хүчин зүйлээс нь хамааруулан ангилах нь учир дутагдалтай нь харагдаж байгаа юм.

Шашныг түүхэн болон гарал үүслийн холбоо хамаарал дээр нь суурилан ямар нэг тусгайлсан газар нутгаар хязгаарлан ангилж авч үзэх нь мөн л өөрийн гэсэн сул талтай. Анх үүсэн бий болсон газар нутагтаа төдийлэн дэлгэрч чадаагүй (Буддын ба Христийн шашин), аль эсвэл үүсэн бий болсон газар нутгаасаа тэлж дэлхийн өнцөг булан бүрт түгсэн (Исламийн шашин) түүхэн ач холбогдол бүхий олон шашнууд тодорхой нэг газар нутгаар хязгаарлагдаж байгаагүй. Мөн түүнчлэн нэг газар нутагт өөр хоорондоо үзэл номлол, соёл, уламжлалын хувьд асар их ялгаа бүхий олон шашин зэрэгцэн орших нь ч бий.

Шашны ухамсар болон зарим зайлшгүй байх ёстой элемэнтүүдийг хамруулан судалж чаддаггүй учраас шашныг гүнзгийрүүлэн судлах түвшинд газарзүйн ангилалыг ач холбогдол буурдаг. Өөрөөр хэлбэл шашны оршин тогтнож байгаа газар нутаг нь шашны байгууллага, бүлэг, сүсэгтний шашны амьдралын онцлогийг илрүүлэн судлахад төдийлөн хангалттай үндэслэгээ болж чаддагүй. Гэсэн хэдий ч энэ ангилал нь хүн төрөлхтний шашны тухай мэдлэгийг системчлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулсан юм.

“Шашны түүх судлалын эцэг” гэгддэг Макс Мюллер “Хүн төрөлхтний оюун ухааны хөгжлийн эрт үед шашин, хэл, яс үндэс гурав хамгийн гүн, нарийн холбоотой байсан” гэж үзэж байлаа. Энэ нь, Макс Мюллерийн хувьд тухайн үедээ хамгийн боломжийн гэж хэлж болохуйц шашныг ангилах шинжлэх ухааны зарчим болох угсаатны зүй, хэл шинжлэлийн ангиллын үндэс болсон юм. Энэхүү онол ёсоор Ази болон Европт Турианы (Урал-Алтайн ард түмнүүдийг багтаасан), Семитийн, Арийн гэсэн хэлний гурван их бүлд хамаарах арьстнууд оршиж байжээ.

Анх балар эртний үед нэгдмэл байсан эдгээр арьстнууд түүхэн хөгжлийн явцад тодорхой ялгаа бүхий маш олон хэлтэй, үй түмэн ард түмнүүдэд хуваагджээ. Үүнийг дагаад нэгдмэл үзэл санаа, төсөөлөл дээр суурилж байсан нийтлэг сүсэг бишрэлээс өөр хоорондоо ялгаатай шашин, сүсэг бишрэлийн хэлбэрүүд үүсэн бий болсон байна. Эндээс улбаалан бурхан тэнгэр, ер бусын хүчний нэр алдар, нийтлэг тохиолдох домог үлгэрүүд, ард түмнүүдийн шашны амьдралд чухал байр суурьтай хэрэглэгддэг нэр томьёоны нийтлэг байдал, үндэстэн ястнууд тус бүрт байх шашны үзэл санаа, баримтлалуудын ижил төсөө зэрэг харьцуулсан хэл шинжлэлийн судалгаанууд дээр суурилан Макс Мюллерийн шашныг ангилах зарчим бий болсон юм.

Макс Мюллер шашин судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг бид мэднэ. Тэрээр шинжлэх ухааны хэд хэдэн салбарын анхдагч төдийгүй тэргүүлэх эрдэмтэн байсан бөгөөд энэ утгаараа түүний шашны ангилал нь өргөн хүрээг хамран өнөөг хүртэл шинжлэх ухааны маргаан, хэлэлцүүлгийн гол цөм болсоор иржээ. Учир нь шашныг ангилахдаа угсаатны зүй, хэл шинжлэлийн холбоо хамаарлыг анхааран судалж, ангилан системчлэх үндэслэл болгож байсан оролдлого өмнө нь хийгдэж байгаагүйгээрээ онцлог юм.

Мюллер болон түүний үзлийг баримтлагсад Ари болон Семит ард түмнүүдийн шашин, сүсэг бишрэлийн уламжлал, хэтийн төлөвийг судалснаараа араасаа олон арван эрдэмтэдийг харьцуулсан домог судлалд дагуулан хөтөлж, шашны тухай шинжлэх ухааны мэдлэг бүрэлдэн бий болоход шууд хувь нэмэр оруулсан гэж үзэж болно.

Гэвч энэ ангилалд дутагдалтай талууд бас бий. Шашин, хэл, угсаатны онцлогийн холбоо хамаарлын тухай Мюллерийн үзэл баримтлал бүрэн боловсрогдоогүйн дээр шашныг ангилахдаа өөрийн амьдарч байсан үеийнхээ шашны тухай мэдлэг дээр суурилсан нь өнөө үед төдийлөн шаардлага хангахгүй юм. Хамгийн гол нь нэг арьстан, хэлний бүл дотор соёлын хөгжлийн хувьд хоорондоо ялгаатай ард түмнүүдийг багтааж байсан нь энэхүү ангиллын сул тал байв. Мөн, шашин, хэл, угсаатны хоорондын холбоог авч үзэхдээ, Европ дахь Арийн ард түмнүүд Семитээс гаралтай Христийн шашинд орсны адил энэхүү холбоог салгаж болох хөгжлийн болоод түүхийн хүчин зүйлсийг хангалттай анхаарч үзээгүй.

Мюллерээс хойш түүний ангиллыг улам бүр боловсронгуй болгож, гүнзгийрүүлэн судалсан олон эрдэмтэд төрөн гарсан. Тухайлбал, Германы эрдэмтэн Дюрен Вард (Duren J.H. Ward) шашин ба үндэстний онцлогийн хооронд хамаарал байхыг үгүйсгээгүй боловч угсаатны зүйн холбоо хамаарал дээр илүү анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байлаа.[3] Түүний өгүүлснээр “шашин өөрийн онцгой мөн чанараа түүнийг хөгжүүлж, өөрийн болгосон ард түмнүүдээс олж авдаг” бөгөөд цаашлаад ямарваа нэг арьстныг үүсэн бүрэлдэх, хөгжихөд нөлөөлсөн хүчин зүйлс, нөхцөл байдал нь тэрхүү арьстны соёлын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болох шашныг бий болгодог байна.

Вард, шашны бүлгүүдийн хоорондох түүхэн болоод гарал үүслийн хамаарлыг тодорхойлох зорилгоор “Шашныг ангилах угсаатны зүй-түүхийн ангилал”-ыг боловсруулсан. Энэ ангиллаар хүн төрөлхтнийг Далайн арьстан, Африк арьстан, Америк арьстан, Монгол арьстан, Газар дундын тэнгис орчмын арьстан гэсэн өөр өөрийн өвөрмөц шашин шүтлэг бүхий таван арьстанд хуваан ангилсан байна.

Сүүлийн бүтэн хагас зууны туршид шашныг ангилах хэдэн хэдэн ангиллыг философи сэтгэлгээ дээр үндэслэн боловсруулсан нь бөгөөд үүний тод томруун жишээ бол Г.В.Ф.Гегелийн “Шашны философийн лекцүүд”[4] хэмээх алдарт бүтээл юм.

Германы суут философич Г.В.Ф.Гегель шашныг өөрийн философийн үзэл баримтлалын үүднээс тайлбарласан: “Байгаль, нийгмийн бүхий л үзэгдэл, юмсын анхдагч нь ертөнцийн санаа буюу туйлын санаа. Ертөнцийн санаа анхдагч, мөнх, харин байгаль түүнээс үүссэн, хоёрдогч шинжтэй. Ертөнцийн санаа цэвэр ахуй буюу байгалиар дамжин туйлын санаа болох диалектик хөгжлийн гурван үе шатыг дамждаг”. Энэ үе шат бүрт түүхэн шашнууд туйлын санаанд хэр ойртож байгаагаас нь хамааруулан гурван том бүлэгт хувааж үзжээ. Үүнд:

  1. Гегелийнхээр хөгжлийн хамгийн доод түвшинд байгалийн шашин буюу мэдрэхүйн туршлагад үндэслэсэн шууд мэдлэг дээр суурилсан шашнуудыг голлон багтаажээ. Эдгээр шашинд Хятад, Энэтхэгийн шашнууд, Буддын шашин, эртний Перс, Сири, Египтийн шашнуудыг авч үзсэн байна.
  2. Завсарын түвшинд Иудаизм, эртний Грекийн шашин, Ромын шашин зэрэг санаалаг шашнуудыг багтаажээ.
  3. Хамгийн дээд түвшинд туйлын бөгөөд төгс санаалаг шашин хамаарах ба энэ бол Христийн шашин гэж Гегель үзсэн байна.

Гегелийн энэхүү ангиллыг няцаах, шүүмжлэх явдал маш их байсан бөгөөд, хамгийн наад захын жишээ гэхэд дэлхийд өргөн цар хүрээгээр тархсан Исламын шашныг энэ ангилалд хамруулаагүй явдал байлаа.

Гэсэн хэдий ч Гегелийн энэхүү ангилал нь үе үеийн идеалист философичдын шашны талаарх үзэл баримтлалаар баяжигдаж байсныг XIX зууны үеийн Германы теологич Отто Пфлейдерерийн бүтээлүүдээс харж болно. Пфлейдерер, шашныг бүлэглэн ангилахад шашны мөн чанарыг тодорхой танин мэдсэн байх нь чухал гэж үзэж байсан бөгөөд нэг нь нөгөөтэйгээ мөнхийн зөрчилд оршин байдаг “хамааралт” ба “үл хамааралт” гэсэн  шашны ухамсарын мөн чанарыг тэмдэглэх хоёр элемэнтийг тодорхойлсон байна. Энэхүү хоёр элемэнтийн аль нэг нь хэр зонхилж байгаагаас шашны олон янз, хэлбэрүүд бий болох ажээ.[5]

Пфлейдерер энэхүү хоёр элемэнтийн харилцаа дээр суурилан шашныг ангилсан байна. Эхний бүлэгт, нэг мөн чанар нь нөгөөгөөсөө илт давуу зонхилсон шашин. Хамааралт мөн чанар онцгой зонхилсон ийм шашинд эртний Семит, Египт, Хятадын шашин хамаарна. Харин үүний эсрэгээр эртний Энэтхэг, Герман, Грек болон Ромын шашныг “үл хамааралт” мөн чанартай шашны ангилалд багтаажээ. Нөгөө талаас энэ ангилалын шашнууд нь соёлын хөгжлийн доод түвшинд байгалийн шашин, соёлын илүү өндөр түвшинд хүмүүнлэг шашин гэж нэрлэгддэг.

Хоёр дахь бүлэг шашнууд нь дээрх хоёр элемэнтийг тэнцүү бус хэмжээгээр хоёуланг нь агуулдаг. Эдгээр шашнуудыг байгалиас дээгүүр шашин гэж нэрлэдэг. Тэдний дотор сүсэг бишрэлийн хүчин зүйлд “үл хамаарал” зонхилдог Зороастрийн шашин, “хамааралт” мөн чанар хүчтэй илэрдэг буддын болон брахманы шашнууд багтаж байна.

Эцсийн бүлэг шашинд Ислам, Иудайзм, Христийн шашныг хамааруулан авч үзсэн байна. Энэ бүлгийг дотор нь хоёр элемэнтийг тэгш агуулдаг шашнууд ба нэгтгэн агуулдаг шашнууд гэж ангилдаг. Иудайзм ба Исламын шашнууд нь сүсэг бишрэлийн хоёр туйл болж байдаг бөгөөд Исламын шашин “бүрэн хамааралт”, харин иудайзм бүрэн “үл хамааралт” шашин юм. Харин Христийн шашин л зөвхөн энэхүү хоёр элемэнтийн төгс, бодит нэгдэл дээр оршин тогтнодог гэж Пфлейдерер үзсэн байна.

Шашныг шинжлэх ухааны үүднээс ангилахад баримталдаг нилээд чухал ангилал бол Морфологи ангилал юм. Энэ ангиллын үүднээс өнөө үеийн шашин судлаачид шашныг ангилж судлах нь нийтлэг.

Морфологи ангилал ёсоор шашин бол түүхийн явцад тус бүрдээ хялбар тодорхойлогдох шинж чанар, өмнөх үеийнхээ залгамж холбоог хадгалсан хөгжлийн хэд хэдэн шатыг дамждаг гэж үздэг. Тиймээс энэ ангиллыг мөн хөгжлийн ангилал гэж нэрлэж болох юм.

Морфологи ангиллын анхдагч бол энэ чиглэлд туурвигдсан бүтээлүүдээс хамгийн шилдэг нь болох “Балар эртний соёл”[6] номыг зохиогч, Британий антропологич И.Б.Тайлор юм. Тайлор бүхий л шашны номлолын үндсэн элемэнт болох сүнслэг биеийн тухай  анимизмын үзэл санааг анх хөгжүүлсэн юм. Үхэл, нойр, зүүд, солиорол, дэмийрэл зэрэг нь эрт үеийн хүмүүст үл тайлагдах мэт санагдаж, түүний утга учрыг тайлах гэсэн оролдого нь эхэндээ амьд биед биет бус сэтгэлийн үзэгдэл-сүнс оршиж байна гэсэн төсөөлөл нь сүнсэнд итгэх үзлийг бий болгсон байна. Хожим түүхэн хөгжлийн явцад үхэл бол бие сүнсний холбоо тасрах үйл явц, үхсэний дараа сүнс там ба диваажингийн аль нэгтээ амьдардаг, мөн түүгээр зогсохгүй сүнс төрөл олж биед дахин төрөх зэрэг үзэл санаа төлөвшжээ. Мөн хүний биеэс гадна байгалийн бүхий л юмс үзэгдэл өөрийн сүнстэй гэж итгэх болсон байна. Чухам ийм үзэл санаа бүхий л шашны үзэл санаанд ямар нэг хэмжээгээр байдаг тул анимизм бол аливаа шашны үндэс гэх тайлбар түгээмэл байдаг.

Тайлорын анимизмаас залгуулаад шашны энэхүү ангилал нь Фетишизмээр үргэлжилдэг. Фетишизм бол байгаль дэлхийн (уул, ус, мод, чулуу) болоод хүний гараар бүтсэн (сахиус, шүтээн) ямарваа эд зүйлс байгалийн бус, ид шидийн чадалтай бөгөөд түүнийг ашиглан, эсвэл түүгээр дамжуулан байгалийн болоод нийгмийн үзэгдэл, үйл явцад нөлөөлж болно гэж үздэг үзэл юм. Фетиш шүтээн анимист үзлийн нэгэн адил бүхий л шашинд байдаг.

Хоорондоо ураг төрлийн холбоотой болон холбоогүй хэсэг бүлэг хүмүүс өөрсдийгөө ургамал, амьтан зэрэг ямар нэгэн байгалийн эд зүйлс, үзэгдлийн сүнслэг бөгөөд хүчирхэг хүчнээс үндэстэй, түүний ивээлд оршдог гэж үзэх үзлийг Тотемизм гэдэг. Тухайн нутаг оронд оршин суух овог, аймгийн амьдрал ахуйд чухал нөлөө үзүүлдэг байгалийн юмс, үзэгдэл энэ үзлийг бий болоход нөлөөлсөн гэж үздэг.

Хэд хэдэн ер бусын хүчнээс бүрдэх бурхадын тогтолцоо бүхий шүтлэгийн хэлбэрийг политейзм, хос бурхад бүхий битейзм, ертөнцийн цорын ганц дээд хүчинд итгэн бишрэх монотейст шүтлэгийн хэлбэрээр морфологи ангиллыг цааш нь үргэлжлүүлж болно.

Энэ мэтчилэн шашныг өөр өөрийнхөөрөө ангилан, судалгааны эргэлтэд оруулсан олон арван судлаачдын үзэл баримтлалыг дурдаж болно. Тухайлбал, америкийн философич, сэтгэл судлаач Вилляам Жеймс, нүгэл хилэнцийн асуудалд хэрхэн хандаж байгаагаас нь хамааруулан шашныг хоёр хэлбэрт хуваан авч үзсэн байдаг. Үүнд:

1.    Эрүүл сэтгэлгээний шашин буюу нүгэл хилэнцийн оршихуйг хамгийн багаар, аль эсвэл бүр хэрэгсэхгүй орхидог шашнууд.

2.    Ёр шүглэсэн шашин буюу амьдрал нүгэл хилэнцээр дүүрэн гэж үздэг шашин.

Германы социологич Макс Вебер шашныг ангилах өөрийн тогтолцоог боловсруулсан байна. Тэрээр хүн төрөлхтний оюун санааг аврахад хэрхэн хандах хандлагаар нь шашныг 2 бүлэгт хуваан ангилжээ. Ингэхдээ тэрээр оюун санааг аврах шашны янз бүрийн үзэл баримтлалыг задлан шинжлээд:

1.    Оюун санааг аврахад идэвхигүй хоосон бясалгал (мистицизм) ба өөрийн хүслийг идэвхитэй удирдахын (аскетицизм) аль нь голлож байна вэ?

2.    Ингэж аврах нь энэ юм уу, ямар нэгэн өөр ертөнцийн алинд нь явагдах вэ? гэсэн хоёр зүйлийг онцлон үзсэний үндсэн дээр шашныг ангилж болох юм гэж үзсэн байна.

Оюун санааг аврах эдгээр хандлагыг үндэслэн шашны үйл үйлдвэр, үзэл баримтлалын гол үндсийг харгалзан өнөөгийн дэлхий дээрх шашин шүтлэгийг хялбархан ангилах боломжтой.[7]

Натан Содерблом, шашныг динамистик, анимистик, тейст гэж ангилсан нь балар эртний хүмүүсийн тэнгэрлэг, ер бусын хүчинд хандах хандлагыг үндэс болгосон хэрэг байв.[8] Мөн тэрээр Христийн шашныг дэлхийн шашин шүтлэгийн төв болгон үзсэний дээр бусад шашнуудыг Христийн шашинтай холбогдсон түүхэн дарааллын дагуу авч ангилж үзэж байснаараа онцлогтой.

Содербломын баримталж байсан бас нэгэн ангилал бол авралын явцад хүн болон бурхан тэнгэрийн харилцааг хэрхэн авч үзэж байгаагаар нь шашныг ангилах зарчим юм. Энэ зарчим ёсоор шашин нь:

1.    Хүн өөрөө авралыг олдог гэж сургадаг шашин (Буддизм)

2.    Ганцхан Бурханы хүчээр л авралыг олно гэж сургадаг шашин (Энэтхэгийн зарим шашнын урсгалууд)

3.    Бурхан ба хүний хамтын үйл хэргээр аврагдана гэж сургадаг шашин (Христийн шашин) гэсэн гурван хэлбэртэй.[9]

Францын теологич Альберт Швейтцер шашныг ангилахдаа христийн шашинтай тэрсэлдэгч болон христийн шашинтай үл тэрсэлдэгч хэмээн ангилсан нь мөн л Христийн шашныг төв болгон баримталсан хэрэг байв.[10]

Америкийн социологич Роберт Беллах шашин шүтлэгийг эрт үеэс нь өдгөөг хүртэл хамааруулан ангилах хувьсалын тогтолцоог боловсруулсан байна. Тэрээр өнгөрсөн болон өнөө үеийн бүхий л шашныг бүдүүлэг, хуучны, түүхэн, шинэ, орчин үеийн шашнууд гэж ангилсан байна. Ингэж ангилахдаа тухайн шашны өвөрмөц онцлогийг харгалзан үзсэн бөгөөд энэ нь тухайн шашны хөгжил дэвшлийг харуулж байгаа бус харин энгийн хэлбэрээс илүү нарийн хэлбэрт хэрхэн шилжиж байгааг л харуулсан юм гэдгийг тэрээр цохон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр таван шашны хэлбэр нь хөгжлийн үе шатыг харуулаагүй болно.

Ийнхүү шашныг сургаал номлолын агуулга, шүтээн, зан үйл, шашны ухамсарын хэлбэр, сүсэг бишрэлийн мөн чанар, нийгэмд үзүүлэх нөлөө, төр ба шашин, урлаг ба шашин, шинжлэх ухаан ба шашин, ёс суртахуун ба шашны харилцааны асуудал зэрэг олон тал, элемэнтүүдээр үндэслэн ангилдаг байна.

Энэхүү өгүүлэл нь шашныг ангилах ямар нэгэн төгс ангиллыг эрэн хайхыг зорьсонгүй. Харин шашныг илүү өргөн хүрээтэй, илүү олон талаас нь харах боломжийг судлаачдад олгох, санаа өгөхийг хичээсэн болно. Хэдийгээр шашин судлалын түүхэнд шашныг ангилах олон арван хандлагууд байсан, тухайн үедээ тэдгээр нь шинжлэх ухааны нарийн нягт шүүлтүүрээр шүүгдэж байсан хэдий ч няцаж ухарсангүй, харин улам бүр хурцлагдаж, хүн төрөлхтний шашны тухай мэдлэгийг баяжуулсаар иржээ.

Шашин судлаач Ж.Алтайбаатар

(Энэхүү өгүүлэл нь МУИС, НШУС-ийн “Философи, шашин судлал” сэтгүүлийн 2010/336(60)-д хэвлэгдсэн)


[1] Өөрийгөө өмгөөлөн хамгаалах систем

[3] Duren J.H. Ward,  The Classification of Religions,1909

[4] G.W.F. Hegel, Lectures on the Philosophy of Religion,1832

[5] О.Pfleiderer, Religion, Its Essence and History,

[6] E. B. Taylor, Primitive Culture (1871)

[7] Нейл Смельзер, Социологи, Улаанбаатар, 2001

[8] Nathan Soderblom, Development of the Belief in God, 1979, G. Olms (Hildesheim)

[9] Sоderblom’s Gifford Lectures, The Living God, Oxford University Press, 1933

[10] Schweitzer, Albert, Christianity and the Religions of the World. (Das Christentum und die Weltreligionen. Bern, Paul Haupt, 1924.) Translated by Joanna Powers. London, Allan & Unwin, 1939.

3 thoughts on “Шашныг ангилах нь: ойлголт, хандлагууд”

  1. сайн байна уу
    теологийн талаар ойлголтуудыг өгөөч.
    -нэр томъёоны тайлбар
    -шашин, улс төрийн холбоотой тал
    -техникийн философитой ямар холбоотой
    -орчин үеийн нөлөөлөл зэргийн талаар тайлбар өгөхийг хүсьев
    Танай блогын байнгын уншигч бас хэрэглэгч

    баярлалаав

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s